
Эмнэлэгт эмчлүүлж байхдаа эндсэн 2 сартай нярайн ээж сэтгэцийн өөрчлөлттэй болжээ
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр сартай нярай эндсэн ба энэхүү үйл явдалаас хойш ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй болж хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Үүнээс үүдэн мөрдөн шалгах үйл ажиллагаа удааширч байна гэж ар гэрийнхэн нь үзээд байна.
Баярсайханы гэр бүл хоёр сарын өмнө одонгийн хүүхэдтэй болжээ. Нярай нь энэ оны 10-р сарын 20-нд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт харшлийн эмчилгээ хийлгэхээр хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Гурван хоногийн дараа хатгалгаа гэж нэмж оношилсон ч эмчилгээнд нь өөрлөлт ороогүй талаар ээж нь өмнө нь ярьж байв. Ингээд гурван хоногийн турш эмчилгээ хийлгэсэн ч цагийн тариа хийлгэж байхдаа харамсалтайгаар эндсэн юм.
Ээжийн өмнө өгч байсан ярилцлаганаас: Сувилагч цагийн тариагаа хийх гээд шахаад эхэлсэн чинь их өтгөн цайвар юм байсан. Тэгээд би “Хүүе чи юу тарих гээд байна аа. Манай хүүхэд 10.20-нд хэвтэсэн. 6 цагийн зайтай 24 цагт 4 удаа тариулж байгаа. Би хажууд нь хардаг, тариа нь тув тунгалаг ус шиг юм хийдэг. ” гээд би хэлээд анхааруулаад , үгүй ээ би наадахыг чинь тариулахгүй гээд хэлээд байхад тэр сувилагч “би ажлаа мэдэж байна” гээд тарьсан.
Ийнхүү ярьж охиныхоо үхэлд сувилагчийг буруутгаж байсан ээж нь ажил явдалын дараа сэтгэцийн өөрчлөлттэй болжээ. Дунд охиныхоо барби-г тэвэрч унтдаг болж, бусад хүүхдээ өөртөө ойртуулахаа больжээ. Мөн ганцаараа байхдаа үсээ хусаж , архины хамааралтай болж , үлдэж буй гурван хүүхдийн нөхцөл байдал хүнд болсон тухай ээжийнх нь төрсөн дүү ингэж ярьлаа.
Ээжийнх нь төрсөн дүү И.Боргилсайхан: “Эгч өөрөө галзуурч байгаагаа мэдээд байгаа. Дүүд маань хэлэхдээ, ээжийгээ уучлаарай , ээж нь дүүг нь алдсанаас хойш сэтгэл санаа маш хэцүү байна , ээж нь өөрийгөө мэдээд байгаа мөртлөө барьж тэвчиж чадахгүй байна гэж хэлсэн байсан. Эгч маань маш их тэвчиж байсан юм билээ. Ажил явдал болоход зүв зүгээр байсанаа ажил явдал дуусаад гэрээс хүмүүс явангуут л ийм байдалтай болж нөхцөл байдал хүндэрсэн. Нэг айлын амьдрал сүйрчихлээ.” гэв.
Талийгчийн аав архины хамааралтай учраас гурван дүүгээ өөр дээрээ өсгөнө хэмээн И.Боргилсайхан хэлсэн юм. Түүнчлэн эмнэлэгийн даргатай уулзсан тухайгаа хуваалцсан юм. Эмнэлэгийн удирдлагуудын зүгээс өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйн оршуулгын зардалд нэг сая төгрөг өгсөн гэлээ. Тэгэхдээ түүнтэй тухайн сувилагч болон тухайн өдрийн жижүүр эмч ар гэрийхэнтэй огт холбогдоогүй ажээ. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ээж нь байсан учраас хэргийн явцын мэдээлэл авч чадахгүй байна гэсэн юм. Тиймээс сувилагчийг гэм буруугаа хүлээж хуулийн дагуу шийтгэлээ эдлэх ёстой гэж үзсэн хэвээрээ байна. Харин талийгчийн ээжийн авсан сэтгэлзүйн цочмог цочрол нь хүндэрвэл амь насанд нь ч аюултай гэж сэтгэл судлалын салбарыхан онцоллоо.
Ээжийнх нь сэтгэлзүйн байдал , сэтгэцийн өөрчлөлтөөр далимдуулж хэргийг нь нуун дарагдуулах вий гэсэн хардлага байгаа талаар талийгчийн дүү И.Боргилсайхан онцоллоо.
Эх сурвалж: NTV телевиз