Б.Насанбаяр: Хүн гэдэг сайхан заяанд төрчихөөд архи ууж нохойноос доор амьдрахаар ямар хэрэг байх вэ дээ

Б.Насанбаяр: “Би гутал засварчин хийгээд 10-аад жил болж байна. Би 14 , 15тайгаасаа багаасаа л хийсэн. Олон түмний буянаар амьдрал маань болоод л байна. Зүгээр суувал таван цаас хэн өгөх вэ дээ. Чаддаг юмаа хийгээд амьдах гээд үзээл байна. Нэг газраа удаан суусан болохоор хүмүүс мэддэг болчихоод амар л байдаг юм. Манайх ам бүл гурвуулаа. Өрхийн орлого энэ гутал засвараа хийгээд болоод л байдаг юм. Сүүлийн үед юмны үнэ өсөөд хэцүү л юм. Бид нар ч яахав үеэ өнгөрөөсөн хүмүүс ингээд нэг гортигоо алдахгүй яваад өгнө, үлдэж байгаа үр хүүхдэд маань хэцүү дээ гэж бодогдох юм. Миний хувьд одоо өдрийн 30,40-ийг олоод мах гурилаа аваад , өмсөж зүүхээ наана цаана зохицуулаад л тэгээл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л болгодог ш дээ. Болохгүй , хэцүү гээд хэнд хэлэхэвдээ ямар жаахан хүүхдүүд биш. Амьдрахын төлөө бүгд л зүтгэж байгаа юмчинь , тэгээл зүтгэнэ шүү дээ. Архи ууж байгаа хүмүүс их л харагдах юм. Хүн гэдэг сайхан заяанд төрчихөөд архи ууж нохойноос доор амьдрахаар ямар хэрэг байх вэ дээ. Үр хүүхдээ нус цэр шиг хаяаад л , эцэг эхээ доромжлоод явж байгаа хүмүүс их муухай , тэгж болохгүй. Тэрний оронд өөрийнхөө төлөө амьдрахад утгагүй байвал , бусдын төлөө амьдраад явах хэрэгтэй гэж боддог. За тэгээд өвчингүй эрүүл байхад болно доо. Монгол чинь уг нь баян сайхан орон шүү дээ. Яаж ч ядарсан тарган сайхан хонины махаа аваад идчиж байна, гэдэс дотрыг нь чанаад л идчиж байна, сайханшдээ. Өвчингүй, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч байхад амьдрал болно доо. Залуучууддаа бүгдэнд нь хичээгээрэй , чаднаа , амжилт гэж хэлмээр байна.” хэмээн zuv.mn сайтад энэхүү сайхан ярилцлагыг өгчээ.

Эх сурвалж: zuv.mn