
Сумгэр: Хүүгээ ирэхээр сайхан амьдарнаа
Сумгэр: 22 жил иймэрхүү хог түүсэн байдалтай амьдарч байна. Өөр юу хийхэвдээ би. Машины осолд ороод машин барьж чадахаа байсан. Одоо би нас 44-тэй. Намайг ослоос болоод тархиндаа хэд хэд хагалгаанд орсон болохоор энэ тэнд ажилд орох гэхээр голоод тоож авдаггүй. Би толгойны хагалгаанд 3 орсон хүн. Би өглөөнөөс эхлээд л орой болтол шил лааз түүгээд тэгээд л гэртээ ороод унтдаг. Өмнө нь би шил лаазаа зараад өөртөө хоол унд , хувцас хунар авчихдаг байсан бол одоо шил лаазны үнэ нь их буусан жаахан хэцүүхэн л байна. Би осолд орохоосоо өмнө 2 кино хийж байсан. Нэг нь “Нар , сар” нэртэй. Даанч тухайн үед миний хийсэн киног зурагтаар гаргаж болохгүй гээд гаргаагүй, мөн ажлаас маань халж байсан. Би ганц сайхан хүүтэй. Миний хүү Энэтхэгт байгаа. Лам юм. Би хүүдээ хэлсэн. “Миний хүү хурдан ирээ. Аав нь гудманд хэцүүдэж байна.” гэж хэлсэн. Миний хүү “Ааваа намайг иртэл амьд байж байгаарай” гэсэн. Хүүгээ ирэхээр сайхан амьдарч өгнө дөө.
Тус яриаг 4 жилийн өмнө өгч байсан ба харамсалтай нь албан бус эх сурвалжийн хэлсэнээр “хүү нь ирэхэд аав нь эрүүл мэндийн байдлаас үүдэн бурхан болсон байсан” гэсэн юм.Тэр эрүүл мэндийн байдлаас үүдэн ажил хийх боломжгүй ч зүгээр суугаагүй, архинд ороогүй , хэн нэгнийг буруутгаж гомдоллоогүй , эерэг сайхан сэтгэл зүйгээр “удахгүй сайхан амьдарч өгнө дөө” гэсэн аав байсан юм.