П.Цэрэндагва: “Том алаг нүдтэй, маш урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад ямар хөөрхөн охин бэ гэж анх харж байсан”

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, Дагвадоржийн Мэндбаяр нар намрын дунд сарын шинийн 10-ны билигт сайн өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүндэтгэлийн баяраа тохиолдуулан “Алтан хурим”-аа хийлээ.

Ханийгаа анх П.Цэрэндагва Улсын багшийн их сургуулийн Кино драмын ангид сургуулилт хийж байхад нь харж байсан гэдэг. Том алаг нүдтэй, маш урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодоод л өнгөрч байсан. Хүүхэд байсан болохоор дотроо бодоод л өнгөрсөн. Дараа нь Драммын театрт ороход Кино драмын сургуульд харж байсан нөгөө хөөрхөн охин сургуулиа төгсөөд театрт орчихсон байсан. Намайг тоохын аргагүй л сайхан бүсгүй байсан юм. Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа. Хуримаа хийсний дараа хүмүүс “Д.Мэндбаярыг яаж авч суусан юм бэ” гээд л асуудаг. Тэгэхээр нь би “яаж авч суусан нь ямар хамаа байна, аваад суучихсан байгаа нь гол юм биш үү” гэж хариулдаг байлаа. Ханиа зөв сонгосон азтай хүндээ би.

Миний хань нийгэм цаг үеийн олон сайхан эмэгтэйчүүдийн нийтлэг дүрийг бүтээж чадсан. Түүнээс гадна олонд танигдсан дүр маш их бий. Амьдрал дээр ч ялгаагүй миний өмнөөс чанга дуу гаргаж үзээгүй. Мэдээж амьдралд маргалдах, мэтгэлцэх зүйлүүд гаралгүй л яахав. Тэр болгонд хүлээцтэй хандаж, аядуу зөөлөн байж чаддаг хэмээн Itoim сайтад 2016 онд өгсөн ярилцлаганд дурджээ.