
Хань бараа хайсан орон зайд хүмүүс нөгөө л илүүрхэл, цэцэрхэл, хүний сэтгэлийг хүчээр дарж дуугүй болгох гэсэн үзэл санаануудаа асгачихаж. Ямар хэцүү байсан бол гэж бодохоос өр өвдөнө
Өчигдөр нэгэн сайхан бүсгүй орчлонгоос буцжээ. Тэрээр “Дотор бачуураад байна. Хэн нэгэнтэй ярилцъя гэтэл шөнө дунд болжээ” гэж хэд хоногийн өмнө Нүүрномдоо бичиж. Гэтэл доор нь “Тайван бай”, “Бүх зүйл сайхан болно”, “Сэтгэлийн тэнхээтэй бай”, “Хат суух хэрэгтэй”, “Би бол иймэрхүү юмыг тоохоо больсон” гэх зэрэг сургааль зааврууд хөвөрнө. Гэвч түүний хувьд бүх зүйл сайхан болсонгүй. Тэр нэгэнт эцсийн цэгээ тавьчихлаа.
Хүний зөн совин ойрын ирээдүйд юу тохиолдох гэж байгааг зөгнөөд л бачуурч, шаналж суусан байх. Харин түүний хань бараа хайсан орон зайд хүмүүс нөгөө л илүүрхэл, цэцэрхэл, хүний сэтгэлийг хүчээр дарж дуугүй болгох гэсэн үзэл санаануудаа асгачихаж. Ямар хэцүү байсан бол гэж бодохоос өр өвдөнө. Би даанч танихгүй юм даа.
Заримдаа хүмүүс зүгээр л дотроо онгойлгох гэж, хэн нэгнийг хань татах гэж пост бичдэг. Хэн нэгэнтэй зүгээр л ярилцчихад, бодлоо уудалчихад тайтгармаар үеүд байдаг. Надад ч тийм үеүд байдаг учраас зориуд хэлмээр санагдав. Ойрдоо бүр ч бачимдуу байгаа. Тийм үед хүртэл давхиж орж ирснээ сэтгэл шүүх гээд, хүчээр дарж унагах гээд, илүү ухаантай амьдрал үзсэн хүн болох гээд элдэв сургааль заавар хэлээд дайраад байдаг хүмүүсийн хандлага шаналсан, бачуурсан үед ямар зэвүүтэй санагддаг гээч.
Тэртэй тэргүй хэцүү байгаа үед сургааль заавар эрээчиж, илүү цэцэн ухаантайгаа гайхуулдаг хүмүүст би лав дургүй. Хэн нэгэнд том баймаар санагддаг бол зүгээр л сонсоод хуваалцаад суух ухааны бядтай байвал, уг нь.
2022.09.21
Эх сурвалж: Зохиолч Х.Болор-Эрдэнэ