
ТОМОКО БҮСГҮЙН ӨӨРЧЛӨЛТ
Томоко-г Монголчууд хэдийнээ мэддэг болжээ. Түүнийг Томоко Ибүкүро гэдэг. Тэр Монголд ирээд 20 гаруй жил болж байна. Анх 1996 онд ирсэн ч 1999 оноос хойш тогтмол амьдарч байгаа ажээ. Түүний нөхөр Монгол хүн, түүний охин бас Монголын иргэн, Монгол хүн юм. Тэр зөгийн аж ахуй эрхэлж бүтээгдэхүүнээ “Михачи” гэж нэрлэсэн. Тэр нэгэн удаа хэлэхдээ: “Хэрэглэгч нар минь бурхан юм аа. Яагаад бурхан бэ гэхээр бид нарт мөнгө өгч амьдруулж байгаадаа биш юм шүү. Зөгийнөөс бал аваад хэрэглэгчид хүртэл янз бүрийн аюул байдаг. Зөгийг уурхайн хажууд тавьчих юм бол баланд хүнд металл орно. Зөв цагт хураахгүй бол иснэ. Болгоомжтой савлахгүй бол шилний үйрмэг орчихно. Тэр болгон дээр би бурхандаа юм өргөх гэж байгаа мэт тийм сүсэгтэй, сэтгэлтэй хандахгүй бол бид нар сайн юм гаргаж чадахгүй. Тиймдээ хэрэглэгчийг би бурхан юм даа гэж боддог” гэж хэлж байсан удаатай. Түүний өөрийнхөө царайг голж явсан үеийнхээ тухай ярьсан ярилцлаганаас хүргэе.
Михачи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Томоко Ибүкүро: “Манай аав намайг багад царай муутай гэж байнга хэлдэг байсан учраас өөрийгөө толинд харах маш дургүй болчихсон. Тийм болохоор толинд өөрийнхөө царайг хардаггүй эсвэл толинд хардаггүй болохоор нүүрээ арчилдаггүй ч юм уу тийм охин байлаа.
Манай аав дээрээ хоёр ахтай, айлын бага хүүхэд. Харин өөрөө хоёр охинтой. Тийм болохоор охидоо яаж өсгөхөө мэдэхгүй, охид маань цаашдаа яаж амьдрах бол гэж санаа нь их зовдог байсан байх. Дотроо миний охид сургууль соёл төгсөөд биеэ дааж амьдраасай гэж бодсондоо чи царай муутай болохоор хичээлдээ шамдаж, онц сурах хэрэгтэй гэж ойлгуулах арга нь тэр байжээ гэж боддог.
Тэр үеэс л би аймаар царай муутай гэсэн бодол толгойд суучихсан. Дунд сургуулиа төгсөхөд олон хүн арьс арчилгааны иж бүрдэл бэлэглэж байсан ч алийг нь ч би хэрэглээгүй. Васедагийн их сургуульд ороод манай ангийнхан гэж хичээлдээ шамдсан царай муутай хүүхдүүд байна байх гэж бодсон чинь, хачин царайлаг хүүхдүүд ороод ирсэн.
Манай ангийн охид бүгд хичээлийн бус цагаар цагийн ажил хийнэ. Манай ангийнхан авсан цалингаараа гоо сайхны бүтээгдэхүүн их авна. Харин би тийм юм огт авахгүй. Манай найзууд аргаа бараад гоо сайхны бүтээгдэхүүн авахад нь бэлэглэсэн сэмплээ надад өгдөг байсан (инээв)
Сүүлийн үед бизнесээ танилцуулах шаардлагаар ТВ, олон нийтийн сүлжээний контентод оролцох шаардлага тулгарч эхэлсэн. Ингээд ТВ асаагаад өөрийгөө хартал өөрөөсөө цочсон. Би чинь ийм царайтай байсан бил үү гэж бодсон. Тэр үед манай найз Нара арьсаа арчил гэж Beauty Japan Cosmetics-ийг санал болгосон. Арьсандаа анхаарч эхэлснээс хойш энэ бол хувь хүн өөрийгөө хэр хэмжээнд хайрлах вэ гэсэн өөртөө хандах хандлага юм байна гэдгийг мэдэрсэн. Бусад хүмүүс ч бас над шиг өөрийгөө хайрлаж сураасай гэж хүсэж байна.” гэсэн юм.