Б.Наран 81 насандаа теннисний спортоос зодог тайлахдаа ширээндээ мөргөн нулимс унагалаа

Б.Наран:  Би ширээний теннисээр тоглоод 67 дахь жилдээ болж байна. Улсын шигшээ багын тамирчин гэгдэж , албан ёсоор тамирчин болоод бол 65 жил болж байна. Миний анх теннис сонирхсон түүх маань их сонин л доо. Манай хашаанд байсан айлын ах маань Москва яваад ирэхдээ 2 орос теннисний цохиур, 2 бөмбөг , сетка авчирч өгч байсан юм. Манайх хашаанд гэрт байсан. Зун болохоор байшиндаа ороод , гэрийн шалныхаа шороог овоолж хатаадаг юм. Тэрэн дээр нь би гэрийнхээ шалыг тавиад л анх теннис тоголж эхэлсэндээ. Теннисний спорт хүний биед ямар ач холбогдолтой вэ гэдгийг надаас харж болох байхаа. Би өнөөдөр 81 насыг зооглож байна. Бие маань эрүүл саруул, хөнгөн шингэн байгаа одоохондоо. Үүнийг би теннисний ач гэж боддог. Теннис тоглох нь бие бялдрын хөгжил, хурд хүч, нүдний харааг сайжруулахаас гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг тул 81 настай хэдий ч миний бие өдийг хүртэл эрүүл саруул амьдарч байна. Теннис гэдэг насны хязгаар байхгүй спорт. Өчигдөр би зодог тайлсан. Үнэндээ нүдний нулимс гарч байна. Хүний амьдралын 65 жил гэдэг их өндөр хугацаа шүү тиймээ. Эжий аав шиг дасал болчихсон , миний амьдралын хэв маяг болчихсон , ийм утга учир маань учир надад их хүнд байсан. Би нэг зүйлийг хэлмээр байна. Теннис бол нас хязгаар байхгүй спорт гэдгийг ойлгоосой. Би одоо 40 хүрсэн , 50 хүрсэн , 60 хүрсэн би яаж ингээд тоглох юмбэ гэж бодох хэрэггүй. Яагаад вэ гэхээр хэдтэй байсан ч тоглож сурч болно. Тэр хүн заавал улсын аварга , дэлхийн аварга болох шаардлагагүй. Ганцхан өөрөө өөрийнхөө бие организмыг сэргэлэн цовоо , тархи толгой ажиллагаа сайтай , нүдний хараа сайтай, хөл гар булчин сайтай байвал тэр хүний эрүүл мэндэд хэрэгтэй.

Эх сурвалж: isee.mn