
Хүмүүжигч хүү: “Намайг хайрлаж хамгаалах хүн байгаагүй , тэгэхдээ зүгээрээ…”
Хүмүүжигч хүү: Манай аав ээж хоёр намайг бага байхад салсан. Би тэгээд аавтайгаа үлдсэн. Тэгээд манай аав чинь явцын дунд эхнэртэй болсон. Манай төрсөн ээж бас амьдрал зохиогоод явсан. Ингээд аав ээж хоёр талд хоёр амьдрал зохиоцгоосон. Яах вэ тэгээд манай хойд ээж чинь анхандаа гайгүй ээ. Сүүлдээ ганц нэг ууж мууж үзэгддэг болоод л. Манай хойд ээжийн хүүхэд нь надаас гурав , дөрвөн насаар ах. Тэгээл сүүлдээ нөгөө хойд ээж , аав хоёр чинь нийлж намайг зоддог болоол. Ууж ирцгээгээл шууд зоддог болсон. Ерөөсөө шууд л зодоод эхэлж байгаа юмчинь. Тэгээл би тэр гэрээс , тэр орчиноос жигшиж эхэлсэндээ. Тэгээд сүүлдээ аргаа бараад зугтаад , эргэж очоогүй.
Сэтгүүлч: Аав чинь хүнтэй суух хүртэлээ ямар хүн байсан бэ?
Хүмүүжигч хүү: Манай аав хүнтэй суух хүртэлээ гайгүйл байсан. Тэгээд яахавдээ хүнтэй суугаад , тэр хүн нь уруу татсан юмуу яасан юм мэдэхгүй , тэгээл архи гээл явчихсан юмдоо.
Сэтгүүлч: Аав ээж чинь салахад чи айлын ганц хүүхэд байсан юмуу?
Хүмүүжигч хүү: Тийм
Сэтгүүлч: Аав чинь тэр эхнэрийнхээ хүүхдийг зодох уу?
Хүмүүжигч хүү: Үгүй тэр хүүхэдтэйгээ бол зүгээр л харьцдаг.
Сэтгүүлч: Ганцхан чамайг л нийлээд зодоод байх уу?
Хүмүүжигч хүү: Тийм , тэгээл би чинь зугтаагаад явчихаж байгаа юмчинь
Сэтгүүлч: Гэртээ ер нь байдаггүй, найзуудтайгаа нийлээл яваад байсан уу?
Хүмүүжигч хүү: Найзууд дуудна, зодуулчихлаа энээ тэр гэхээр хүрээд ир гэнэ. Тэгээл яваал очно. Тэгээд архи тамхи хэрэглээд л. Тэгээд ер нь тэгж явж байсан нь буруу байсан юм билээ. Тэгэхдээ хойд ээж, аав хоёр хэдий тэгж их зоддог байсан ч гэсэн зөвөөр ойлгуулж хэлж ярьж байсан бол өөр л байх байсан байх. Тэгэхдээ тухайн үед намайг хайрлаж , халамжилж байсан хүн байгаагүй л дээ. Тэгэхдээ яахав зүгээрээ…
Сэтгүүлч: Аавтайгаа ярилцаж үзэж байсан уу?
Хүмүүжигч хүү: Үгүй. Угаасаа зодоод байгаа хүнтэй юу ярих вэ дээ
Сэтгүүлч: Анх удаа хэрэг хийгээд ял шийтгүүлсэн үү?
Хүмүүжигч хүү: Тийм
Сэтгүүлч: Ер нь одоо ингээд бодохоор хэн нэгэнд гомдвол хэнд хамгийн ихээр гомддог вэ?
Хүмүүжигч хүү: Ээждээ л гомддог юмдоо. Гэхдээ одоо бол гомдохгүй байна оо. Би энд орж ирээд албан хаагч нарынхаа буянаар ухаажиж , уужуу болж байна.
Сэтгүүлч: Хамгийн их баярлаж явдаг хүн чинь хэн бэ?
Хүмүүжигч хүү: Манай өвөө , эмээ хоёр. Одоо намайг эргэж ирдэг хүн ганцхан өвөө эмээ хоёр маань. Жилд нэг удаа ирдэг.
Сэтгүүлч: Аав нь ирдэг үү?
Хүмүүжигч хүү: Аав ирээгүй ээ. Аав ч угаасаа ирэхгүйлдээ
Сургалт хүмүүжлийн нийгмийн ажилтан: Эцэг эхчүүд үл хайхрах болон бусад янз бүрийн асуудлаас болоод хүүхдүүд гэрээсээ дайждаг. Дайжсан хүүхдүүд гэрээсээ гараад , гадуур яваад , гадуур явсанаас болоод мөнгөгүй болно, буруу найз нөхдөө сонгоно , найз нөхдөө дагаж яваад янз бүрийн гэмт хэрэг үйлдэнэ.
Эх сурвалж: Тэгээс тэг нэвтрүүлэг