Д.Дорждагва: “Яармагийн замын эгнээг нэмснээр тэр хавьд түгжрэлгүй болох боломжтой”

Иргэн Д.Дорждагва нийслэлийн түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд бууруулах аргыг танилцууллаа.

Тэрбээр өмнө нь мөн энэ талаар мэдээлэл хийж, “Амгалангаас Дүнжингарав хүрэх уулзвар дээр их гацдаг. Үүнийг засахын тулд Дүнжингаравын хашааг дотогш хумиад, замдаа хоёр эгнээ нэмчихэд л түгжрэл багасна. Дүнжингаравын төмөр замын прьезер дээр мөн түгжирдэг. Гэтэл тэнд одоо барилга барих гээд хашаалчихсан байна. Түгжрэлийг зохицуулаад ганц арга бол уулзваруудыг шинэчлэх. Төв шуудангийн уулзвар түгжирдгээс болоод цаашаа замууд түгжирдэг. Үүнийг хэдхэдэн янзаар өөрчлөн барих төлөвлөгөө надад байна.” гэж ярьж байсан юм.

Иргэн Д.Дорждагва “Яармагаас хотын төв рүү чиглэсэн гурван хөдөлгөөнтэй уулзвар бий. Яармагийн замд түгжрэл үүсдэг гол шалтгаан нь энэ уулзвар. Энэ гурван эгнээн дээр дахиад хоёр эгнээ нэмэх боломжтой, газар нь ч байгаа. Хотын төвөөсөө Яармаг чиглэлд дөрвөн эгнээ байгаа. Үүнийг мөн нэмж таван эгнээ болгох боломжтой. Ингэснээр энэ уулзвар түгжрэлгүй болчихно.

Энэ мэтчилэн Улаанбаатарын бүх уулзварыг янзалж, түгжирдэггүй болгож болно. Үүнд маш бага мөнгө орно. Зам хаах ч шаардлага байхгүй. Хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ, хажууд нь эгнээ нэмчихнэ.

Хоёр эгнээтэй уулзвараар нэг удаад 10 автомашин нэвтэрдэг. Тэгвэл дөрвөн эгнээ болгочихвол 20 автомашин гарна. Би яагаад үүнийг мэдэж байна вэ гэвэл 1980-аад оноос Улаанбаатар хотын төв замаар зорчсон автобусны жолооч хүн. Өдий насны амьдралын туршлага надад байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхэд ойрхон шүү дээ. “Алтай хотхон”, “Нарны хороолол”-ын иргэд уулзвартаа эгнээ нэмэх талаар ажил хэрэг болгон хөөцөлдөөд, түгжрэлээсээ салаасай гэж уриалж байна” гэлээ.