Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн 75 насны төрсөн өдөр ийнхүү тохиож байна

Монголын тайз дэлгэцийн нэрт жүжигчин П.Цэрэндагва нь 1948 оны 05-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн билээ. Ийнхүү нэрт жүжигчиний маань 75 насны төрсөн өдөр тохиож буй юм.

1976 онд УБДС-ийн кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш олон сайхан тайз, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчин. Тэрээр Хаан түүх жүжгийн Хаан, Жамуха жүжгийн Чингис, Тамгагүй төр жүжгийн Эгрэгэ өрлөг, Хүйтэн сэнтий жүжгийн Богд хаан, Атга нөж жүжгийн Хөхөчү гэх мэт олон арван түүхт жүжгүүд болон “Мандухай цэцэн хатан” түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг кинонд дүр бүтээсэн юм.

2001 онд Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрын эзэн болжээ. Түүний ах П. Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байв. Арваад насны зөрүүтэй ах нь түүнийг анх жүжигчин болоход “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлж байжээ. Тэр үедээ энэ үгийг сайн ухаараагүй ч одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог гэнэ. “Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа” хэмээн хайрт ахыгаа дурсан ярьжээ. Ахыгаа амьд ахуйд дэргэд нь архи ууж,тамхи татаж үзээгүй тийм л хүмүүжилтэй дүү байж.

Жүжигчний маань хань Ардын жүжигчин Д.Мэндбаяр гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Гэр бүлийн хоёр маань хоёулаа Ардын жүжигчин хэмээн эрхэм цолыг авсан цөөхөн урлагийн гэр бүлүүдийн нэг. Монголын урлагийн гэр бүлүүдийн дотроос үлгэр жишээ болохуйц гэр бүлийг хамтдаа бүтээлцсэн тэд “Бие биендээ итгэж чадвал амьдрал сайхнаар үргэлжилдэг. Бие биедээ итгэж чадахгүй хар хор санаснаас л хэрүүл маргаан зодоон үүсдэг. Нэгэнт биенээ ойлгож итгэж чадсан бол залуучууд түүнийгээ насан туршдаа хадгалах ёстой. Нэгнийхээ ажлыг ойлгож хүлээцтэй хандаж гэмээнэ асуудал амар шийдэгднэ. Биенийхээ дээр гарах гэж ам мурийж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, өширчихөөд эргээд яаж Хайртай шүү хэмээн тэврэх юм бэ тэр амьдрал биш шүү дээ. Огт муудалцахгүй байна гэж үгүй л дээ. Хэн хэн нь ямар цаг үед надад яагаад тэгж хэлсэн бэ гэдгийг бодож эргэцүүлдэг байх хэрэгтэй” хэмээжээ.

Эх сурвалж: seen.mn