Үлгэрийн юм шиг санадаг, өөрийнхөө жааханд би бүр дуртай

Магтаалд дуртай хүүхэд нас минь одоо ч хэвээрээ. Миний амьдрал хүүхэд байхдаа илүү өнгөлөг, гэрэлтэй байсан мэт төсөөлөгддөг юм. Мартаж санахын гэмээр зарим нэгийг нь нэмэрлэж хачирласан буруутгаж зэмлэсэн тал байдаг ч гэсэн миний түүх, хүн байхын минь үндэс суурь нь болох тул хүүхэд насандаа хайртай, алдаа бүхнийг нь өмөөрөх дуртай байдаг даа. Найман настай сургуульд орсон маань одооны хүүхдүүдийн дэргэд хожуу орсон мэт боловч тэрнээс өмнөх үйл явдал хүсэл мөрөөдлийнхөө талаар бүүр түүрхэн төсөөлөлтэй байдаг юм. магадгүй ном эрдэм сурах их шамдуу хугацаа тийм болгосон ч байж мэдэх юм.
Тэгэхдээ би бага насныхаа хүсэл мөрөөдлийг хэзээ ч мартдаггүй юм. Учир нь би хүслээ биелүүлэх их ажлынхаа үзүүрээс атгачихсан байгаа. Сайхан бүхнийг даган дуурайгаад олон хүүхэд олон янзын мэргэжил эзэмшээд, элэг бүтэн сайхан гэр бүлтэй болохыг бүгд хүсэж мөрөөдөж байсан нь бидний айл гэрдэж тоглож өссөн аргалын навсархай амбаартаа ааваасаа гуйж авч үлддэг байсан авдар, аргалын дөрвөлж, аягатай цайны тод дурсамж одоо бидэнд гэрчилнэ. Тэрэн дунд би тоглож дарвиж явсан ч аль хэдийнээ даалгавраа хийчихсэн, хариуцуулж өгсөн тааруу сурлагатай хүүхэддээ тооны хүрдийг нь цээжлүүлчихсэн тэрүүхэн тэндээ багш явлаа. Дуртай байсан, юм сурах. Тэгэхдээ бүр бусдад зааж өгөөд тэрнээсээ өөрөө өшөө илүүг сурч авдаг байсан даа. Тоглоомтой өнгөрөөсөн бага насаа дурсахад буцаад оччихсон юм шиг, багынх шигээ ганц удаа алчуур нууж тогломоор ч юм шиг санагдаж багынхаа найзтай уулзаж гэгэлзсэн сэтгэлээ нээж суух одоо мөн ч их дуртай болжээ. Алчуур нууж ангийхантайгаа сургуулийн гадаа тоглож байгаад жижүүр өвөөд хөөгддөгсөн. Тэндээс л би анх өөрийгөө тоож, анхны үерхэл шохоорхол эхэлж, анх удаа багшийгаа “ангиа гүйцэд тараагаагүй” ялнаас аварч байгаа гэнэн ухаанд, хариуцлага хүлээх чадвар эхэлж төлөвшсөн цагсан. Сумын төвийн салаа хоёр гудамжны нугасанд бид үргэлжлүүлээд тоглодог сон. Төрөө миний ард алчуур унагахад би яаралгүй авч ардаас нь албаар алдаж чулуудна. Амьхандаа түүнийг бусдад ч тэр өөрт нь ч тэр мундаг хүн болгож харагдуулах гэж тэр шүү дээ. Дараагийн удаа би мөн л Төрөөгийн ард алчуураа унагана. “Өө болилдоо та хоёр бие биенийхээ ард л хаях юм” гэж ангийхан холбож шоолохдоо гомдлыг үг дайна. Хөөрхөн хайрын улаан туяа хацар дээр гүнээ тодорч хүсэл сэтгэлийг гижигдэнэ. Тэр шөнө тэгээд нойр хулжиж инээмсэглэн инээмсэглэсээр ид шидийн зүүдэндээ дахин хөтлөлцөж тоглоно. Ирэх өдрийн уртад намайг шоглоход нь гомдож уйлна, Энхцэцэг рүү хараад инээхлээр нь харамлаж уурлана. Эр бие жагссан хорин насны сүүлээр Хорлоотой суухад чинь харамссан тэр мэдрэмжээ тэгэхэд анх амссанаа бодон бодон гуниглана. Ижии аавдаа загнуулахдаа давхар Төрөөд хэлэх хатуухан үгээ дайж өөдөөс нь хэгжүүрхэнэ. Эгч болж ээж аавдаа тусад орсон үе минь тэндээс харин эхэлсэн.
Балдан надад захиа өгөхөд жаахан эвгүй байсан, бор царайг нь улайлгаж баахан алдааг нь улаан балаар тэмдэглэж хариу болгон илгээнэ. Хариу авсан байх өдрийг нь шоглож өнгөрөөнө, удаах захиаг хүлээсэн хэрнээ, охидод тохуурхсан түүхээ ярьж айлгүйтэхийн эрдэмд суралцсансан. Аймгаас ирсэн шинэ биеийн тамирын багш ах шиг минь сайн хүн шиг санагдаж саваагүй томоогүй зангаа хамжаарагагүй дэлгэж “Сайн болчихжээ” гээд гүйж явсан минь гүн урт холын аянд гэрлэлт болон цэцэглэнэ чинээ санаагүйсэн. Сайрхах юм даанч биш дээ, Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай. /Ц.Хулан/. Энэ хүртэл үргэлжилсэн үлгэрийн юм шиг санадаг, өөрийнхөө жааханд би бүр дуртай.

Эх сурвалж: t-munu.blogspot.com