
Хойд эцэгтээ зодуулсан хүүг буруу тээвэрлэснээс тархинд нь үрэвсэл үүсчээ
Хойд эцэгтээ зодуулж хүндээр гэмтсэн гурван настай хүү БНТУ-ыг зорьж, өнгөрсөн баасан гарагт гурав дахь хагалгаандаа оржээ.
Хүүгийн ар гэрийнхэн “Бяцхан хүүгийнхээ мэдээллийг тухай бүрд нь түмэн олондоо мэдээлж байх болно. Учир нь би түмэн олноосоо хандив хүсэхдээ амалсан. Яг шийдвэртэй үед нь мэдээллээ өөрийн хаягаар өгч байгаа шүү. Гэхдээ тэр бүр мэдээлэл хийх боломж цаг үнэндээ хомс байна. Түмэн олон минь уучлаарай. Хүү маань дархлаа их муудсан учир энэ их хүчтэй эм тариаг дийлэхгүй тархинд нь үрэвсэл болон бактер үүссээр байгаа. Нэг л удаа тархины хагалгаанд ороод л дуусах байсан. Гэтэл хагалгаанд ороод 2 хоноод шинжилгээний хариу гарахад микроп буюу үрэвсэл тархсан байсан. Энэ нь биеийн дархлаа сул байсных. (Монголд амьсгалын аппараттай удаан байсных байж магадгүй. Мөн тээвэрлэлтийн горим зөрчигдсөн) гэж тодорхойлсон эмч нар. Ийм учир 2 дахь хагалгаандаа ороод гуурсаар тархинаасаа шүүлэгсээр ( өдөр бүр томограп цусны шинжилгээ авсаар) 3 дахь хагалгаа буюу тархинд дахь гуурсыг нь дотор талаар шилжүүлж, өнөөдөр /2023.05.07/ хүү маань 60 хувьтай л дээрдэж байна. Цаашид яг одоо байгаа байдлаараа үргэлжилбэл хүү маань босчихно гэсэн итгэл найдвар бидэнд өгөөд байна. Бид эмч нарынхаа үг үйл хөдлөлөөр л явна” гэж мэдээлжээ.
Хүүг төрсөн аав М.Бямбацогт болон аавынх нь нагац ах Д.Одгэрэл нар авч явсан билээ.