Хүүхэд өсгөхөд хамгийн өндөр зардалтай БНСУ

Дэлхийн хамгийн өндөр зардлаар хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа улс орноор БНСУ тодорчээ. Харин хүүхэд өсгөхөд хамгийн их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж энэ улсад төрөлт жил ирэх тусам буурч байгаа юм байна.

Өмнөд Солонгос улс хүүхэд төрснөөс хойш 18 нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлж байгаа зардлаар дэлхийн тэргүүлж байна. Тус улсад хүүхдийг 18 нас хүртэл өсгөх зардал нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 7.9 дахин их байгааг тогтоожээ гэж БНХАУ-д төвтэй “ЮВА” хүн ам зүйн судалгааны хүрээлэнгээс нийтэлсэн тайланд онцолжээ.

Харин уг үзүүлэлтээр хоёрдугаар байрт Хятад улс шалгарчээ. Хятад улсад хүүхдийг төрснөөс нь хойш 18 нас хүртэл нь гаргадаг зардлын хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс 6.9 дахин их байна. Энэ нь  нэг хүүхдэд 75 мянга гаруй америк.доллартой тэнцэх хэмжээний мөнгө зарцуулдаг гэсэн үг юм байна. Мөн Хятад улсад нэг хүүхдийг их дээд сургуульд сургахад дунджаар 22 мянга гаруй америк.доллар зарцуулж байгаа нь Герман, Австрали, Франц зэрэг орнуудын зардлаас хоёр дахин их байгаа нь асуудал дагуулж байна. Ийнхүү хүүхэд өсгөхөд хэтэрхий их зардал мөнгө шаардагддаг нь хосуудын хүүхэдтэй болох төлөвлөгөөнд хамгийн их саад тотгор болж байгаа асуудлуудын нэн тэргүүнд бичигдэж байгааг тайланд дурджээ.

Өнгөрсөн онд БНСУ дахь шинэ төрөлтийн түвшин түүхэн доод үзүүлэлтэд хүрч, төрөх насны нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 0.78 байгаа нь 2021 онд 0.81 байсан тааруу үзүүлэлтээс дордсон буюу буурсан үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын эрх баригчид залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шинээр төрсөн хүүхдэд засгийн газраас татаас, тэтгэмж олгох, олон хүүхэдтэй айл өрхүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, орон сууцны үнийг хөнгөлөх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Түүнчлэн хүн ам зүйн хямралыг шийдвэрлэхийн тулд Өрнөдийн улсууд амаржсаны амралт олгох, хүүхэд асрагчийн мэргэжлийг бодлогын түвшинд бэлтгэж эхэлжээ. Мөн хүүхэд төрүүлсэн иргэдийг ажлын уян хатан нөхцөлөөр хангах, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, эрхийг нь хангах, сургууль, коллеж, их сургуулийн сургалтын системд өөрчлөлт оруулах зэрэг ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

 

Эх сурвалж: mongoltv.mn