
Оготно зурам шиг олуулаа хэр нь ээж аавдаа юугаар ч тусалж чадаагүй ээ
Оготно зурам шиг олуулаа …/Өгүүллэг/
Аав минь удаан өвдлөө. Нэг л өглөө сэрэхдээ аавгүй болчихсон байна гэсэн сэтгэл зүйн хувьд ч бэлтгэлтэй болтлоо өвчтэй аавыгаа асарцгаалаа. Хажуугаас нь хэсэгхэн холдохдоо ч утсаа дуугарахад, гэрийн хаалга цохиход “Аав минь өнгөрчихлөө дөө” гэсэн тусгүй бодол тархинд харваж зүрх базлах шиг болно. Дотор тавгүй, нэг л тийм түгшүүртэйгээр найман жилийг үүрчихсэн байлаа. Хоёр нүд нь эргэлдээд адар ширтэн хөдөлгөөнгүй хэвтэх аавыгаа харах бүрийд зарим үед “Ингэж ч тарчилж байх гэж дээ” хэмээн бодож байснаа нуух юун. Гэхдээ л үхээсэй гэж бодох хэн байх вэ.
Сайн гэсэн эмч, лам хуврага, илээч, бариач, эм тан, идэш, ууш юу байна тэр бүхнийг гадна дотноос зөөсөөр л байлаа. Гэвч тусыг эс олсоор. Олуулаа тулдаа л ээлжлэн сахицгааж, орж гарч гүйлдэнэ. Аавын минь дэргэд цагийн мөнхөд хамт байсан хүн бол ганц ээж минь. Бид яах вэ, ирэхдээ ирж, амжихгүй үедээ утсаар асууумлаглаж гүйлдэх нь гүйлдэж, амжихгүй нь хэдэн бор цаасаараа “хуурч” явсаар нэг л мэдэхэд найман зун, намрыг үджээ. Өвчтэй байгаа аав минь анхаарлын төвд, өнөө асарч буй ээжийгээ хэн минь их хайхарсан гэхэв. Нэг хуйсагнасан салхитай өдөр хоёр хөгшнөө эргэхээр очлоо.
Хаалга нүдлээ. Хариу байдаггүй. Дотор пал хийгээд л явчихлаа. Гэтэл “одоохон очлоо.Ээж нь очиж явна шүү” гэх ээжийн дуу сонсогдов. Хүлээлээ. Хаалга нээгддэггүй.Дахиад тогшлоо. “Одоохоон” гэх ээжийн дуу арай л ойр сонсогдоно. Дахиад хэсэг хором. Бас л тэвчсэнгүй, хаалга тогшлоо. Очиж явна аа гэх ээжийн дуу.Тэг тэгсээр хаалганы дотор талд ирэх бөглүү чимээ. Төд удалгүй хаалганд зоолттой түлхүүрийг эргүүлэх ч гээд байгаа юм шиг, сугалах ч гээд байгаа юм шиг тожигнуулан оролдох нь түлхүүртээ хүрч ядах бяцхан хүүхэд шиг санагдана. Ингээд хэсэг хором.Хаалга онгойдоггүй. “Яасан бэ, ээж” гэсэн чинь “Одоохон, ээж нь одоохон онгойлголоо.
Миний хүү харин хаалга хамаагүй хүчтэй битгий түлхээрэй” гэх юм. Дахиад л хэдэн хором. Тэгэж тэгэж түлхүүр эргэж хаалга аажуу хагас нээгдлээ. “Миний хүү хүлээж байгаарай, ээж нь жаахан холдоодхоё” гэхэд нь гайхасхийгээд зөөлөн түлхэж хаалгаа онгойлгоод хартал эвий муу ээж минь яг өнхөрч буй төмс шиг бөмбөрөөд хаалганаас холдож байх нь тэр. “Хүүе ээ, ээж минь та чинь юу болоод шалан дээгүүр өнхөрч явна вэ” гэтэл “Урд шөнө ээжийнх нь хоёр хөл ингээд татчихлаа. Өөрөө гишгих нь бүү хэл өндийгөөд суухад ч бэрх байна…” гэдэг юм байна. Яагаад тэгээд хэлдэггүй юм бэ, дуудахгүй яасан юм гэсэнд “Хөгшинтэй зэрэгцэж өвчин хэлээд хэдэн хүүхдээ зовоогоод яах вэ…” гэв.
Тэр дор нь дүү нараа, бас эмч дуудаж ээжийгээ яаралтай эмнэлэгт хэвтүүллээ. Тартагтаа тултал өвдөж, туйлдсан ижий минь долоохон хоногийн дараа тэнгэр болсон доо. Оготоно зурам шиг олуулаа хэр нь ээждээ, бас аавдаа юугаар ч тусалж чадаагүй ээ.