Олны анхаарлыг татаад буй “Монгол” киноны дүрд тоглосон Т.Солонго-Уянга

Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан дэлгэцийн ээлжит бүтээлээ “Монгол” нэртэйгээр өнгөрсөн баасан гарагаас үзэгчдэд хүргэж буй. Тус киноны Сэрчмаагийн дүрд загвар өмсөгч Т.Солонго-Уянга тоглосон юм. Монгол төрхтэй, сайхан инээмсэглэлтэй энэхүү эмэгтэй олон хүний анхаарлыг татсан шинэ дүр төрх байлаа. Үзсэн хэн бүхэн л “Ямар гоё эмэгтэй вэ, ёстой жинхэнэ монгол төрх байна даа” гэж ярьж байна.

Тэрбээр 24 настай, Азийн супер модель бөгөөд 2015 онд моделийн сургалтад анх суралцсанаас хойш загвар өмсөж байгаа аж. Одоогоор Лондон хотод ажиллаж байгаад түр Монголдоо ирсэн байна. Өмнө нь Орос,Хятад Улсад загвар өмсөгчөөр ажиллаж байсан байна. Түүний унаган мэргэжил нь санхүүгийн менежмент бөгөөд 2021 онд Москвагийн их сургуулийг төгссөн байна. Анх “Монгол” киноны продюсер Уран түүнд санал тавиад, дүрийн шалгаруулалтад бичлэгээ явуулснаар сонгогдсон гэдэг. Анхны тоглосон кино учир багагүй айдастай байсан ч Б.Амарсайхан жүжигчний чиглэл, хамтран тоглолт түүнд их урам өгч, зураг авалтаа амжилттай давахад тусалжээ. Т.Солонго-Уянгын хувьд жижигхэн зүйлд баярлаж, мөнхүү гунигладаг зан чанартай гэнэ. Мөн аливаа хийх гэж байгаа зүйлийнхээ мөн чанарыг ойлгож, түүнийг нь илэрхийлж, ажил гэж хүлээж авч, ихэд ач холбогдол өгөн ажилладаг.

Тэр багаасаа л гадны улсын тайзнаа загвар өмсөж Монголынхоо нэрийг гаргах хүсэл мөрөөдөлтэй байсан бөгөөд одоо ч харин хүслээ биелүүлж яваа аж. Анхлан загвар өмсөж эхэлсэн үеэс тэр суралцсаар, 2018 оноос албан ёсоор ажил гэж бодон илүү нухацтай ажиллаж эхэлжээ. Өөрөө ч тэр ажлаасаа аз жаргал, эрч хүч авч, илүү хайрлаж тухайн ажлыг дурлаж хихй вм бол илүү үр өгөөжтэй , амжилттай байхыг мэдэж, тэр зарчмаар ажиллахыг хүсдэг байна. Тийм учраас моделиар ажиллах нь түүнд илүү сайхан байдаг аж.

Харин киноны хувьд анхны, тэгээд мэргэжлийн уран бүтээлч биш гэхэд тун мэдрэмжтэй тогложээ. Кинонд Сэрчмаа ярихаас илүүтэй харцаараа өгүүлж, харцаараа асууж, чимээгүйхэн ажиглаж, ямар ч зүйл болсон ихэд тайван байсан. Мөн хэлж байгаа үг нь цаанаа нэг өөрийн хүсэл санаагаа илэрхийлсэн, дамжуулсан байсан нь дотоод тоглолт, хувь хүний мэдрэмж үнэхээр төгс зохицсон. Үнэнч хайр сэтгэл гэдэг хаана байдаг, хүн хайраа илэрхийлэхээрээ ямар байдаг гэдгийг тэдний тоглолт бүрэн харуулж, сцен бүрийг нь дахин үзсэн ч тэр бүрд өгөөжөө өгөх вий. Хайртай хүн нь хэдхэн алхамын цаана байхад очоод тэвэрч ч чадахгүй зөвхөн харах л хувь байна гэдэг хэн бүхэнд хэцүү. Үүгээрээ л Сэрчмах шаналсан, зовсон. Гэхдээ шаналал, зовнилтой юм шиг яриа огт гаргаагүй. Болох ёстой зүйл болж байгаа мэт л байсан нь дүрээ улам чимж өгч байсан. Магад загвар өмсөгч хүн болохоор зураг авалтын талбайд олон гарсан байх. Гэвч энэ өөр зураг авалт, өөр мэдрэмж. Тэр энэ тухай “Кинонд чиний нүдний харц, хэлэх нэг үг, гарын хөдөлгөөн, биеийн хэлэмж чинь үзэгчдэд шууд хүрнэ. Нэг л зүйлийг өөрчлөхөд үзэгч өөр мессежийг хүлээж авах боломжтой. Зар сурталчилгаа, рекламны зураг авалт дээр тухайн бичлэгийг яаж л бол яаж таслаад, эвлүүлж болдог. Харин кинон дээр бол чи нэг л явсан бол тэр чигээрээ зогсоохгүйгээр, авч байгаа мэдрэмжээ гаргаад, маш үнэнээр түүнийгээ илэрхийлэх ёстой санагдсан. Энэ утгаараа надад маш үнэ цэнтэй, асар том зүйл л юм шиг мэдрэгдсэн” гэж ярьсан байдаг. Үнэхээр тэр мэдрэмжээ голлосноор дүрээ сайхан илэрхийлж гаргаж ирсэн.

Эх сурвалж: ergelt.mn