
ХӨШӨӨ БАРИАД ХӨГЖСӨН ОРОН ГЭЖ БАЙХГҮЙ
Шог зураач С.Цогтбаяр хэлэхдээ: Уг санаа зорилго нь эхэндээ зөв байж болох ч төслийг хэрэгжүүлэх явцдаа туслан гүйцэтгэгчээ зөв сонгоогүй, эцсийн гүйцэтгэлд хяналт тавих чадамжгүй, төсөвлөсөн мөнгөнд завсар дундын цавчаа их орж , мэргэжлийн бус сайн дурынхан зориулалтын бус материалаар халтуурдсан зэрэг алдаануудын үр дүнд шавар цементэн овоолго нэмэгдсээр.

Монголд уран барималч , гарын уртай авъяастнууд их байх ёстой. Өвөрмонголд өрнөж буй том бүтээн байгуулалтуудад ихэнхид нь манай урчуудын ур ухаан шингэж байна. Эндээ харин эсрэгээрээ байх юм. Мэргэжлийн холбоонууд болон авъяас чадвартай ч ажил олдохгүй байгаа уран бүтээлчдээ илүүтэйгээр давуу эрхтэй оролцуулж эх загвар батлахаас нь эхлээд гүйцэтгэлийн явц чанарт нь анхаарч , үзэл сурталын гэхээсээ илүү уран сайхан, гоо зүй , чадвар гүйцэтгэлийн цензурын бүтэц комисстой болмоор байна.


Ёслол хүндэтгэлийн обьект , хөшөө дурсгалыг насжилт болоод чанарын шаардлага хангахгүй хямд төсөр шавар цемент , замаск, хуванцараар барьдаг өрөөсгөл хандлагуудыг бүрэн таслан зогсоомоор байна. Хотоор дүүрэн хугархай, хэмхэрхий баримлаар дүүрлээ хэмээн хэлсэн байна.


Ер нь хаана ч хэдэн хөшөөнөөс илүүтэй хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалт хэрэгтэй. Жишээ нь гудамжны гэрэлтүүлэг, зам тохижилт, цэцэрлэг, сургууль , соёл амралтын төв босгох зэрэг.


Эдийн засгийн бодлого , өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг хоёр жил тутамд гаргадаг. Энэхүү судалгаагаар аймгуудын хамгийн тулгамдсан асуудалд ажлын байр нэмэгдүүлэх , бизнесийн орчныг дэмжих , хог хаягдал гэх мэт нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх , боловсон хүчнээ бодлогоор дэмжих гэж онцолсон байдаг. Түүнээс биш хэнч хөшөө босгож , суварга бариад өгвөл амьдрал сайжрах гээд байна гэж нэхдэггүй. Хөшөө бариад хөгжсөн орны түүх байдаггүй.

Морины бай , бөхийн шагнал , хөшөө дурсгал , суварга босгоход зориулж 500 саяас 5 тэрбум төгрөг зарцуулах нь зөв үү? Хэн их мөнгө хандивлах , хэн нь өндөр суварга босгохоороо уралдах биш нутаг орондоо хэн хэрэгтэй бүтээн байгуулалт хийж байна гэдгээрээ ялгарцгаая
Эх сурвалж: gogo.mn