
У.Есүхэй: Ажил хийх гээд очихоор “Өө ийм хүн байсан юм уу” гээд авдаггүй нь хэцүү”
Улаанбаатар хотод 1994 онд төрсөн өдгөө 29 настай Урантуяагийн Есүхэй. Дөрвөн жилийн өмнө түүнийг stand-up comedy бичлэгээр нь хүмүүс таних бизээ. Найман настай хүүхдийнх шиг бие, царайтайдаа санаа зовж явдаг У.Есүхэй өөрөөсөө дүү хүнд ч “Ах аа, эгч ээ” гэж хэлдэг, тэгэх нь түүнд амар байдаг гэнэ. Бусдын ялгаварлан гадуурхалтын улмаас есдүгээр ангиасаа сургуулиас гарчээ.
У.Есүхэй: “Зарим хүмүүстэй утсаар ярихад ажилд авъя, хүрээд ир гэдэг. Яваад очингуут гэнэт гайхаж харснаа Өө, ийм хүн байсан юм уу. Мэдээгүй шүү дээ гэдэг. Тэгээд л ажилд авдаггүй. Намайг юм хийж чадахгүй л гэж боддог шиг байгаа юм. Би өөртөө, биедээ тохирсон ажил хийж чадна шүү дээ.
Сүүлдээ ч санаа зовоод, өөрийгөө голоод ажил хайхаа больсон. Манай хоёр найз “Найзыгаа ажилтай, орлоготой болгоё” гээд надад “Game room” нэртэй тоглоомын газар нээж өгсөн. Мөнгө төгрөг дутсан чинь нэг найз маань автомашинаа хүртэл зарсан. Тэгээд тал, талаасаа элбэж байгаад энэ газрыг нээж өглөө. Одоо би эндээ өдөр бүр ажиллаж байгаа. Өөрийн гэсэн ийм гоё газартай болох, ажил хийх үнэхээр сайхан юм байна. Өглөө эрт босоод ирдэг. Шөнө 01.00, 02.00 цаг хүртэл ажилладаг.
Миний өсөлт яагаад зогсчихсон юм бол, би яагаад жаахан хүүхэд шиг царайтай юм бол гэж гайхалгүй яах вэ. Би 2-3 эмнэлэгт шинжилгээ өгч үзсэн. Хүмүүс “Тарианаас болсон байх” гэдэг. Тэгээгүй юм билээ. Өнчин тархины үйл ажиллагаанаас болсон гэсэн онош гарсан. Бие минь л ийм болохоос оюун ухаан, бодож санах маань зүв зүгээр.
Би 7-8 настай хүүхдийнх шиг биетэй. Арван хэдэн настай хүүхэд хажуугаар зөрөхдөө мөрлөөд өнгөрөх хэцүү, хэцүү. Би тэр болгоныг тоодоггүй, зүгээр л орхичихдог. Сүүлдээ бүр сурчихсан. Одоо ч бас тийм зүйл тохиолддог. Хаана ч явсан хүүхдүүд мөрлөөд, тиймэрхүү л байдаг.
Би хүнтэй анх уулзахдаа “Намайг ах гэж бодож байгаа болов уу. Дүү гэж бодож байгаа болов уу. Юу гэж хэлэх бол” гэж их боддог. Уг надаас дүү хүн байгаад байдаг. Намайг ахын дүү гэж хэлэх нь үү гэж боддог. Шууд л түрүүлээд “Ах аа, эгч ээ” гэдэг. Тэгэхгүй бол надад их хэцүү байдаг.
76 дугаар сургуульд үргэлжлүүлэн сурах боломж надад байх нь байсан. Даанч бусдаас ичээд сурч чадаагүй. Ичиж санаа зовох л хамгийн хэцүү. Би ер нь ичимхий. Бусадтай нээлттэй ярьж чаддаггүй болохоор эмэгтэй хүнтэй харилцдаггүй юм аа. Чатаар ч харилцдаггүй.
Манай “Game room” Хорооллын эцсийн “Emart”-ын хойд талын”Нэхий плаза”-гийн яг ард бий. Зургаан давхар саарал байрны B1 давхарт байрладаг. Нэг цагийн 25.000 төгрөг төлөөд энд байгаа бүх тоглоомоор тоглож, үйлчлүүлэх боломжтой.
Одоо юмны үнэ хэчнээн их өсөж байгаа билээ. Амьдрахад улам л хүнд болсоор байна. Тиймээс мөнгө олъё,бусдаас дутахгүй амьдаръя л гэж бодож байвал хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хөдөлмөрлөх, ажил хийх хамгийн чухал. Зүгээр суугаад яах вэ дээ, тийм ээ” гэв.
Эх сурвалж: Urug.mn