М.Мөнгөнцэцэг: “Бүжгийн урлаг надад амьдрал бэлэглэсэн”

Гурван настай бяцхан охин дөрвөн давхраас унаж, маш хүнд бэртсэн. Тухайн үед охины ходоод нь хагарч, эмч нараас найдваргүй гэх үгийг сонсч байжээ. Гэсэн ч олон том хагалгааны дараа охин амьд гарч чадсан. Энэ бүхнийг даван туулсны дараа аав, ээж нь охиноо бүжгээр хичээллүүлэхээр болжээ. Учир нь хагалгааны дараа ходоодонд нь наалданг үүсэх эрсдэлтэй учраас байнгын хөдөлгөөнтэй байлгавал охин минь урт насална гэж бодсон хэрэг.
Нээрээ л бүжгийн урлаг охинд амьдрал бэлэглэж чадсан. Тэр бүжгийн урлагт анхны гэх үндэс суурийг тавьж, олон сайхан авьяаслаг шавь нарыг төрүүлсэн гавьяатай бүжиг дэлгээч, урлаг судлаач болсон. Энэ хүн бол Мөнхбадрахын Мөнгөнцэцэг. Тэрбээр одоо ЮНЕСКО-ийн Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн, СУИС-ийн ахлах багш, “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/ хүн юм.