“АТГАСАН ГАР ШИГ АРВУУЛАА”

Гэрийн эзэн нягтлан бодогч мэргэжилтэй Ш.Ганзориг, гэргий нь багш, нүүр ам судлаач мэргэжилтэй Д.Доржсүрэн. Анх танилцсанаас эхлэн тооцвол 18 жилийг хамтдаа үдсэн энэ хос найман хүүхдийн ээж аав, атгасан гар шиг арвуулаа өнөр бүл болжээ.

“Нэг үеийг бодоход хүүхдүүд дээрээсээ томорч, тусад ороод ойр зуур орж гарах чөлөө олдох хэмжээний, сэтгэл амар суух цаг завтай болсон” гээд аав, ээжийн сэтгэл өег. Гэхдээ л бага нь ой найман сартай, багын дээдэх гурван настай, эгч нь таван настай гэхээр ажил ар араасаа ундрах мэт санагдах ч хүүхэд багадаа биш, хэрхэн хүмүүжүүлж сургаснаар болдгийг энэ гэр бүл яруу тодоор харуулж байна.

Ээж Д.Доржсүрэн “Ач” анагаах ухааны их сургуулийг нүүр ам судлаач эмч мэргэжлээр төгссөнөөс хойш өдгөө сургуульдаа 12 дахь жилдээ багшлахын зэрэгцээ “Баянсандент” нэртэй шүдний эмнэлэгтээ ажилладаг. Ам бүл олуулаа учир тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстойг аав, ээж хоёр сайн мэднэ. Эхнэрээ дэмжиж, дуртай ажлыг нь хийлгэхийн тулд хувийн эмнэлгээ байгуулсан нь өдгөө өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж, байр сууриа олжээ.

Ш.Ганзоригийнх монголчуудын амьдралын нийтлэг хэв шинжээс арай өөр соёл, төлөвшилтэй. Айлын сайхан охиныг жаргаана л гэж ханилсан. Тиймээс эхнэрээ дурлаж сонгосон ажил мэргэжлээс нь хөндийрүүлэхгүйн тулд багшийн ажлыг нь хийлгэж, мэргэжлийнх нь дагуу хувийн эмнэлгээ байгуулж, ханиа дэмжин хамтдаа зүтгэсээр хөл дээр нь босгожээ. Хүүхдүүд бага учир аав, ээжийн нэг нь тэднийгээ асрах хэрэгтэй. Энэ үүргийг Монголд голдуу ээжүүд хүлээдэг бол Ш.Ганзориг арын албаа хариуцаж, эхнэрээ ажилд нь оруулжээ.

Том хүү Г.Билгүүнтулгаас эхлээд тавуулаа нэг сургуульд буюу орос хэлний сургалттай Г.В.Плехановын нэрэмжит дунд сургуулийн сурагчид. Том ах есдүгээр ангийнх тул өөрийгөө болгоод ганцаараа эртлэн гарч сурчээ. Харин дүү нарыг аав нь хүргэнэ. Хүүхдүүдээ сургуульд нь оруулсан аав буцаж ирээд, 08.30 цагаас өмнө цэцэрлэгийн хоёрыгоо оруулна. Ой найман сартай бага охин Агниста одоогоор аавтайгаа гэртээ өнжиж байна.

Том хүү Ганзоригийн Билгүүнтулга багаасаа зүрхний эмч болно гэдэг байжээ. Хүүхдийн мөрөөддөг мэргэжил том болохын хэрээр өөрчлөгддөг бол Билгүүнтулга хүү багадаа сонгосон мэргэжлээ өөрчлөөгүй нь олон дүүтэй том ахын үүрэг хариуцлагатай ч холбоотой байж болох. Анх аав, ээж нь хүүхдүүддээ хоёр хөрш орныхоо хэлийг сургаж, дэлхийн боловсрол эзэмшүүлэхийг хүсэж орос сургуульд оруулжээ. Г.Билгүүнтулга хүү “Би орос хэлдээ дуртай, хайртай. Орост их сургуульд сурах мөрөөдөлтэй. Путины тэтгэлэгт өрсөлдөх ойрын зорилготой хичээж байна”.

Долоодугаар ангийн сурагч том охин Г.Анжелина нь эм зүйч мэргэжилтэй болно гэв. “Манай хүүхдүүд өөрсдөө л эрүүл мэндийн салбарыг сонгоод байна. Магадгүй ээж нь эмч болохоор тэдэнд ойр санагддаг байх шиг. Манай өнөөгийн нөхцөлд эмчээр ажиллахад хэцүү. Сонголтыг ээж нь хийдэгсэн бол арай өөр мэргэжил санал болгохсон. Гэхдээ хүүхдүүд өөрийн сонирхлыг дагах нь зөв гэж” гэж тэд хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэдэг шинэ үеийн залуус.

Орчин үед айл бүхэн нэг ижил асуудалтай нүүр тулж байгаа нь хүүхдүүдийн цахим хэрэглээ. Гар утас, зурагт, Ipad-ыг зоргоор орхивол хүүхдүүд хэдэн цагаар салахгүй бөгөөд хор нөлөө ихтэй. Гэвч орчин үеийн хүүхдүүдийн цахим хэрэгслээг ор тас хорих нь утгагүй. Тиймээс өглөө сургууль, цэцэрлэгтээ яваад орой ирдэг хүүхдүүддээ хоолны дараа, унтахын өмнө нэг цаг тоглохыг зөвшөөрдөг, цаг нь болоход хураалгаад хоорондоо тоглодог гэрийн дүрэмтэй.

Ээж нь шүдний эмч болоод тэр үү, хүүхдүүдийг өдөр бүр амттан идэхийг дэмждэггүй. Хагас сайн өдрийг “чихрийн өдөр” болгож, хүссэн амттанаа дураараа иднэ. Дараа нь шүдээ сайн угаана. Бусад өдөр чихэр идэхгүй гэдгээ Ганзоригийнхон бүрнээ ухамсарлажээ.

Ажлын таван өдөр хоол бэлтгэх болон ар гэрийн бүхий л ажлыг аав хариуцсан шиг хариуцна. Амралтын хоёр өдөр аав, ээж нь эмнэлэгтээ ажилладаг тул өглөөний цайг нь бэлдээд ажил руугаа гарна. Гурван том хүүхэд дүү нараа халамжилж өдөр, оройн хоолоо хамтарч хийгээд сурчээ. Хоёр том нь хүссэн хоолоо хийчихнэ, яарсан үед бэлэн хоол хэрэгтэй тул бууз чимхээд хөлдөөчихнө. Хөдөлмөрч аавын хүү багаасаа гэрийн ажилд тусалж, ажил сайн “нугалж” сурчээ.

Хэдийгээр олуулаа ч гэрт хөглөрч харагдах юмгүй, “Хүүхдүүд ээ, чимээгээ аяд! гэсэн анхааруулга сануулга энэ айлд огтоос үгүй юм. Ээж, аав нь ингэ тэг! гэж зааж, чиглүүлээд ч байхгүй. Ах, эгч л дүү нараа удирдан чиглүүлж, аав ээждээ ажлаа сэтгэл амар хийх боломжийг олгодог гайхалтай хүмүүжилтэй ажээ.

Айлын том хүүхэд ямар байна, дүү нар нь дагаад сурдаг гэдэг. Г.Билгүүнтулга ах дүү нартаа үлгэрлэж байна. Гэрийн ажил, хоолыг төрөл төрлөөр нь хийхийг тэр сурчихсан гэхэд болно. Харин одоо ажил хийж, хүнтэй харилцаж сураг гэж аав, ээж нь хүүгээ шүдний эмнэлэгтээ ресепшн хийлгэжээ. Дараа нь аав, ээжээсээ хол бие даан ажиллав. Хүү байрныхаа супермаркетад анх тоос арчиж байсан бол одоо амралтын нэг өдөр нь кассчин хийж, долоо хоногийн хэрэглээний мөнгөө олдог. Байр нь анх ашиглалтад орж эхний хэдэн айлууд нүүж ирэхэд л танилцсан байрны эгчтэйгээ ах, дүүс шиг дотно болж, шинэ гэртээ өлгийтэй нялхаараа ирсэн хүү одоо байрныхаа дэлгүүрт ажиллаж, цалин авах болжээ.

Хүүхдүүд өглөө эрт босох тул 21.30-22.00 цагийн хооронд унтаж хэвшжээ. Хоёр том нь голдуу даалгавраа хийгээд үлдэнэ. Дүү нар нь шүдээ угаагаад цагтаа унтаж сурсан тул 22.00 гэхэд энэ айлд нам жим болж, шөнийн амгалан айлчлан ирнэ.

Аав Ш.Ганзориг, Би бас олуулаа, аав, ээжээс наймуулаа өссөн. Дээр нь том эгч нарын хүүхдүүдийг өсгөөд 12-13-уулаа нэг гэрт шуугилдаж хүн болцгоосон. Эхнэр бид хоёр олон хүүхэдтэй болъё гэж төлөвлөсөн зүйл байгаагүй, ирсэн хүүхдүүдээ бурхны бэлэг гэж баяртайгаар угтан авдаг. Тэднийгээ бусдын гар харахгүй бие даан амьдрах чадвартай хүмүүс болгох нь бидний гол зорилго гэнэ.

Эхнэр Д.Доржсүрэнгийн хувьд үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөж, хэлсэндээ хүрдэг байхыг сургасан өвөө, эмээгийнх нь сургааль амьдралын зарчим, хүүхдүүддээ хэлдэг гол өнцөг. Энэ зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн. Хүн ер нь сурсан эрдэм мэдлэгээ л зарж амьдардаг. Сайхан мэргэжил эзэмшээд, Монголдоо ч сайхан амьдарч болно шүү дээ. Бид хоёр тэр жишгээр л амьдарч байна. Бидний цалин орлого тэр чигтээ хүүхдүүдийн сургалтын төлбөрт зарцуулагддаг. Хүүхдүүдээ эд хөрөнгөнөөс илүү эрдэм мэдлэгийг өвлүүлэх нь бидний зорилго.

Хүүхдийн гутал хувцас, хэрэглээ гээд бүх зүйлийг найман хувь авна, хоол хүнс эдэлж хэрэглэж буй бүхэн найм дахин үржигдэнэ гэхээр энэ өнөр бүлийн амьдралын өртөг багагүй байх. Гэхдээ бид бусдад гомдоллож, нийгмээ буруутгаж, төр засгаа шүүмжлэхийг хүсдэггүй. Өөрсдийн бүтээсэн амьдралаа өөрсдөө л авч явах ёстой гэсэн гол зарчмаа барин хичээдэг, үр хүүхдүүддээ үлгэрлэдэг хэмээн санал нэгтэй ярих эх орны хариуцлагатай иргэд.

Байхгүйн зовлон хэцүү. Гэхдээ байлгаж амьдрахыг хүсдэг. Манайх бол тансаг айл байгаагүй ч бид юугаар ч дуталгүй сэтгэл дүүрэн өссөн. Энэ л Ганзориг, Доржсүрэн хоёрын амьдралын хамгийн энгийн зарчим болжээ. Байлгахын төлөө ээж, аав минь хөдөлмөрлөсөн, хэрэгцээндээ тааруулан авч чаддаг байсан. Энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцахаас хойш юуг нь хураах вэ, хүүхдүүдээ сэтгэл дүүрэн өсгөж амьдралаасаа өдөр бүр аз жаргалыг мэдрэх л хамгийн сайхан зүйл. Хүүхдүүдийнхээ эрүүл саруул өсөж торниж байгааг харах нь зүйрлэшгүй жаргал гэх гэрийн эзэгтэй Д.Доржсүрэнгийн үг юутай үнэн бэ.