“30000-р бензин хийлгүүлсэн гээд шүүх надад 10 сая төгрөгний торгуулийн ял оноож, төрд ажиллах эрхийг 3 жилээр хаслаа”

Энэ цагдаа залуу дөнгөж их сургуулиа төгсөөд амьдралд хөл тавьж байж. Төгсөж ирээд Ховд аймгийн Дарви суманд хэсгийн цагдаагаар томилогдож “Цагдаагийн дэд ахлагч”аар ажиллаж эхэлжээ. Тухайн үед тус сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа “Суварга хайрхан” гэх дэлгүүр архи согтууруулах ундаа зардаггүй өдөр зарж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Үүний дараагаар буюу 2 хоногийн дараа цагдаа залуу торгуулийн хуудас бичиж өгөхөөр тухайн дэлгүүр дээр ирж дэлгүүрийн эзэн Х-тэй уулзжээ. Дэлгүүрийн эзэн Х нь цагдаагийн алба хаагч Т.Адьяатамирт бэлнээр 50.000 төгрөг өгөөд, мөн 30.000 төгрөгний бензин хийж өгье гээд ШТС-руу явсан байна. Ингээд бензин хийж өгчихөөд , зураг дараад , цагдаа надаас авилга авсан гэж цагдаагийн алба хаагчийг цагдаад өгчээ. Тус асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж , цагдаа залууд шүүхээс 10 сая төгрөгний торгууль оногдуулж, төрийн албанд 3 жил ажиллахгүй байхаар шийдвэрлэжээ. Одоо энэ залуу эрхэлсэн тодорхой ажилгүй, төрд , хүчний байгууллагад ажиллая гэхээр эрүүгийн ялтай гээд ажилд авдаггүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, өр төлбөрөө барагдуулахын тулд хар бор ажил гололгүй хийж, ээж аавтайгаа хамтраад төлбөрөө төлж байгаа гэнэ. Энэ асуудлаар тодруулан Ховд.мн сайт Т.Адъяатамиртай дараах ярилцлагыг хийжээ. 

Цагдаа залуу Т.Адъяатамир: “Монголын Шүүх надад дэндүү өндөр ял оноолоо. Дэлгүүрийн эзэн Х надад өөрөө 30 мянган төгрөгний бензин хийж өгчихөөд зураг дарж намайг авилга авсан гэж цагдаад өгсөн. Ингээд шүүх надад 10 сая төгрөгний торгуулийн ял оноож, төрд ажиллах эрхийг 3 жилээр хаслаа. Би одоо сар бүр 277000 төлж байгаа. Ажилгүй надад их хэцүү байна. Тэр дэлгүүрийн эзэн авилга өгсөн гэдгээрээ бас буруутаад явах ёстой байтал ямарч шийтгэл аваагүй. Аав , ээж хоёр маань хөөрхий хамт төлөлцөөд явж байна. Би өөрөө хар бор янз бүр ажил олж хийж төлж байна даа.” гэлээ. 

Эх сурвалж: Ховд.мн , Наранхүүгийн Таванцэцэг