“Ирж яваа цаг” МУСК-ны Маралмаа, Солонгоо нар 37 жилийн дараа

“Энэ хэдэн хонийг Шадав нь авна уу, Готов нь авна уу. Би л аавыгаа асрах минь” хэмээн өгүүлэх малчин бүсгүйн дүрийг Монголчууд бид сайн мэднэ. Энэ бол 1986 оны бүтээл “Ирж яваа цаг” МУСК-ны Маралмаагийн дүр билээ. Ард түмнийхээ сэтгэлд залуу насаа мөнхөлсөн түүнийг Б.Гэрэлмаа гэдэг. Тэрбээр одоо Франц улсад ажиллаж, амьдарч байгаа ажээ.
Тэрбээр жүжигчин мэргэжлээр суралцаж, төгсөөгүй ч хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Анх 1986 онд Ж.Бунтар найруулагчийн “Ирж яваа цаг” киноны Маралмаагийн дүрд тоглосон бол дараагаар нь “Нандин эрдэнэ” киноны Оюун, “Би нисэх дуртай” киноны буудалд ярилцдаг бүсгүй, “Мандухай сэцэн хатан” киноны Саахайн дүр, “Амин мөр” киноны Насан, “Хүсэл хясал” кинонд Хажидын дүрд чадварлаг тоглосон уран бүтээлч юм. Хожим буюу 2002 онд “Мюзик Холл” сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн байна. Найруулагч мэргэжлээр Монголын Үндэсний радио телевизэд найруулагчаар ажиллаж байжээ. Тэгвэл 1986 оны бүтээл болох “Ирж яваа цаг” МУСК-ны Маралмаа, Солонгоо хоёр 37 жилийн дараа ийнхүү Парисын гудамнаа тааралджээ.
“Ирж яваа цаг” МУСК-ны Солонгоогийн дүрийг бүтээсэн Н.Отгонтогос бол “Мандухай цэцэн хатан” киноны үзэсгэлэнт Алтжин хатны дүрийг хорин хоёрхон насандаа амилуулж, өнөө хир нь тэр дүрээрээ олондоо дуудагдаж яваа хатагтай билээ. Жүжигчин болохын төлөө цэвэрлэгчийн хувин, шүүрнээс ч шантраагүй Дарханы унаган охин тэрбээр өдгөө тавь шахам кинонд тоглож урлагтаа зүрх сэтгэлээ харамгүй өгсөн нэгэн юм. Айлын есөн хүүхдийн отгон нь болж мэндэлсэн алдарт “Алтжинг” Орос эмч эх барихдаа Тогос хэмээн өхөөрдөн нэрлэжээ. СТА, Жүжигчин Н.Отгонтогосын тайз дэлгэцийн олон бүтээлүүдээс Монголчууд хаа ч явсан Алтжингийн дүрийг нь онцолдог ч өөрөө бол сайн дүр гэж үнэлдэггүй даруухан хатагтай. Тухайн дүрийг авахад хагас мянган охидоос гоо үзэсгэлэн, ур чадвараараа Монгол киноны алтан үеийн архагуудын нүдэнд эрхгүй торж чадсан бүсгүй юм.
“Ирж яваа цаг” МУСК бол Маралмаагийн дүрийг бүтээсэн Б.Гэрэлмаа , Солонгоогийн дүрийг бүтээсэн Н.Отгонтогос нарын анхны кино дүрүүд юм.
Эх сурвалж: news.mn , alim.mn