М.Золзаяа: “Би өөрийгөө гутлын эмч гэж боддог. Би хэзээ ч гуталчин гэдгээсээ ичиж байгаагүй. Аливаа зүйлд тууштай , сэтгэлтэй байхад ард нь заавал үр шим нь байдаг”

Mass агентлаг “Хүн түүх” нэвтрүүлэгийнхээ энэ удаагийн дугаартаа Гуталчин бүсгүй М.Золзаяаг онцолжээ. Тэрээр 10 жилээ төгсөөд төлбөрийн боломжгүйгээс шалтгаалан их сургуульд сурч чадаагүй ч нэгэн гутлын салонд ажилд орсоноор гуталчин болох түүний түүх эхэлж байжээ. Харин 5 жилийн өмнөөс өөрийн жижигхэн гутал засварын газраа нээсэн тэрээр оёдолын машинчгүй эхэлж байжээ. Одоо бол намайг 19-ийн Золзаяа гэдгээр маань хүмүүс андахгүй болсон хэмээн ичингүйрэн ярих энэхүү бүсгүй өөрийгөө гутлын эмч гэж боддог хэмээн үгүйлж байлаа.

М.Золзаяа: 10 жилээ төгсөөд ажил төрөл олдохгүй хэцүү байсан үелдээ , тэгээд зар харж байгаад гутлын салонд ажилчин авна гэх зарын дагуу очиж байсан. Тэрхүү гутлын салондоо 2009 оноос 2014 он хүртэл ажилласан. 2014 оноос хойш өөрөө хийе гэж бодоод , зориод , зүтгээд явсаар байгаад 5 жилийн өмнөөс өөрөө ингээд жижигхэн гутал засвар ажиллуулаад явж байна.

Анх эхлүүлэхэд хэцүү байсан. Оёдолын машин ч байхгүй. Тэгээд оёдолын машинаа авангуутаа сайн оёж чаддаггүй байсан. Өмнөх ажил дээрээ гутал хүлээж авдаг ажил хийдэг байсан. Олон жил харсаар байгаад энийг нь ингэж янзлах юм байна, тэгж янзлах юм байна гээд сайн мэддэг болчихсон. Тэгээд анх энэ ажилаа эхлэхдээ мэддэг л болохоос яг гардаж ажиллаж үзээгүй байж байгаад эхэлсэн. Анх жишээ нь өлмий дээр резин тавиулъя гээд хүн 10,000 төгрөг аваад ороод ирэхэд надад ямарч материал байдаггүй байсан. Би тэгээд цагийн дараа аваарай гэж хэлчихээд урт цагаанруу гүйж нөгөө 10 мянгаасаа резинээ аваад , ирж гутланд нь тавиад тэгээд зөрүү нь миний орлого , тэгж л ажиллаж эхэлсэндээ. Хүн хийгээд байгаа юмыг би яагаад хийж чаддаггүй юмбэ гээд тэгээд би гуталчин болохоор шийдсэн.

Эхэндээ зарим нэг хүмүүс “Ямар сонин юмбэ , гутал засварыг хятад хүн , нэг бол эрэгтэй , нэг бол хөгшин настай хүмүүс л гутал засдаг ш дээ. Эмэгтэй хүн тэгээд бүр залуухан хүн гутал янзалж байна ямар сонин юмбэ гэдэг байсан. Одоо бол намайг хүмүүс гайхахаа байсан. Ер нь энэ хавийн хүмүүс надаар их үйлчлүүлнэ, намайг бүгд мэднэ. Гутал засаж сурсандаа , энэ мэргэжлээр ажиллаж байгаадаа баярладаг. Гутал засахад авъяас шаардана. Тийм болохоор би хийж байгаа ажилаараа бахархдаг. Би өөрийгөө гутлын эмч гэж боддог.

Ер нь би дандаа хүний гуталруу харж явдаг. Энэ гутал ийм байна даа, тийм байна даа, энийг ингэчихвэл зүгээр юм байна даа. Энэ хүн гутлаа янзлуулахгүй юм байхдаа гэж боддог. (инээв)

Хүмүүс магтахад надад хамгийн сайхан байдаг , өөртөө илүү итгэлтэй болдог. Манай найз танайхыг зааж өгсөн юм, манай хүүхэд танайхыг хэлсэн юм гэх мэтээр хүмүүс зориод ирэхэд сайхан байдаг. Тэр үед өөрөөрөө бахархдаг. Ихэнхдээ эмэээ өвөө нар намайг их магтдаг. Аливаа нэг юмыг чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй гэж боддог. Зарим хүмүүс , би юу гэж ийм гуталтай зууралддаг юм , хүний баас шээс , шавхай , шалбаагтай юмтай зууралдахгүй гэсэн тиймэрхүү ойлголттой хүмүүс байдаг байх. Би бол тэгж боддоггүй. Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй гэж үг үнэн. Мэргэжил бүхэн сайхан. Тиймээс хүмүүс минь ямарваа нэг ажлыг тууштай хийвэл үр шим нь заавал ард нь байдаг юмшүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: mass.mn