
Олон үзэсгэлэнт охидын ээж С.Пүрэвмаа (Түүнийг Монголчуудын олонх нь “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр мэднэ)
“Би чамд хайртай” кинонд Үрлээгийн дүрийг бүтээж, олон залуусын хайрыг булааж явсан Жүжигчин С.Пүрэвмаа одоо таван сайхан хүүхдийн ээж юм. Тэрбээр “Би чамд хайртай” кинонд тоглохдоо 22 настай байсан бөгөөд тухайн үедээ Хүүхэлдэйн театрын жүжигчин байсан юм.

Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмааг Монголчуудын олонхи нь “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр мэднэ. Пүрэвмаа бол таван сайхан хүүхдийнхээ ээж нь, халамжит сайн ханийнхаа гэргий нь билээ. Хань Ё.Жаргалсайхан нь гэргий С.Пүрэвмаагийнхаа хүсэл тэмүүлэл, эрэл хайгуул, судалгаа, ажил үйлсийг нь дэмжиж ойлгохын зэрэгцээ аж амьдралаа гайхалтай сайхан авч явдаг нэгэн. Магадгүй ханийнх нь түшиг тулгуур, уужуу сэтгэл, хүлээцтэй зан чанар нь түүний амжилтын бас нэгэн хөшүүрэг бизээ. Харин Пүрэвмаа угаас минималист амьдралын хэв маягийг баримтлагч төдийгүй, хань ижлээ элдэв жижиг сажиг асуудлаар зовоохыг цээрлэдэг эмэгтэй. Ханийнхаа чин шударга зан, халуун эх оронч үзэл, аргын гэмээр нэн хүчирхэг орон зайг нь мэдэрч сэтгэл татагдсанаа тэрбээр нуудаггүй. Арга билгийн төгс зохирол бүрдсэн ийм л сайхан хосууд айл гэр болж, таван сайхан хүүхдийн эцэг эх болоод өнөр олуулаа аз жаргалтай амьдарч байна.

Пүрэвмаа сурагч байхдаа спортын гимнастикаар хичээллэж асар их тэсвэр хатуужилд суралцжээ. Улсын наадмын уран гимнастикийн үзүүлбэрт байнга оролцдог тамирчны нэг Пүрэвмаа охин, наадам дуусмагц хичээл орох хүртэлх сар гаруйн хугацаанд эмнэлэгт ажилладаг байлаа. Хамгийн анх Хүүхдийн 2-р эмнэлэгт бага насны сахиургүй хүүхдийн тасагт асрагчаар ажиллажээ. Хүүхдүүдэд ижил өнгийн хормогч өмсгөөд бүгдийг нь горшоконд суулгана. Хувцас хунарыг нь угаана, хооллоно, палатны шал угаана, коридор угаана гээд бүхий л ажлыг хийдэг байв. Гэтэл сургууль цуглахын өмнөхөн сахиургүй тасгаас нэг хүүхдийн бие эрс мууджээ. Бүгд сандралдаж эмчилгээг эрчимжүүлж байсан ч, хамгийн их санаа зовж, хүүгийн төлөө бурханд залбирч, хичээлдээ ирсэн ч явсан ч “Энэ хүүхэд л амьд гараасай” хэмээн бодож Хүүхдийн 2-р эмнэлэг, 3-р дунд сургууль хоёрын хооронд тодоос тод жим гартал алхсан хүн бол Пүрэвмаа охин байлаа. Аз болоход хүүхдийн амь нас аврагдсан байна. Тэрбээр хэмжээлшгүй их баярлаж, анхны хүүхдэдээ ямар ч хүйстэй байсан энэ хүүгийн л нэрийг өгнө гэж өөртөө андгайлжээ.

Арван жилийн сургуулиа төгсөөд кино урлагийн сургуульд шалгалт өгсөн ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ЗХУ-д суралцахаар явж чадсангүй. Ингээд 3-р эмнэлэгт асрагчаар оров. Пүрэвмаа асрагчийн халадныхаа дотуур байнга л сурагч формоо өмсөнө. Гэртээ ч бас ээжийгээ ажлаас ирэхэд нь сурагч формтойгоо гүйж очоод л хаалгаа нээнэ. Тэрбээр хүүхэд насандаа эргэж очихыг үнэхээр их хүсэж байсан юм. Удалгүй Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр орж ажиллалаа. Гэтэл арван жилийн сурагчдын хайр сэтгэлийн тухай киноны пробонд шалгаруулалт явуулах зар гарчээ. Пүрэвмаа очиж бүртгүүллээ. Пробонд шалгуулсан хүмүүсийн төгсгөл хавьд Пүрэвмаагийн ээлж таарав.

Пробонд тоглох зохиолыг нь өгөхөд тэрбээр нүдэндээ ч итгэсэнгүй. “Хүүхдэдээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Золбоо гэж нэр өгнө” гэж Үрлээ хэлэх ёстой байв. Энэ “Золбоо” гэдэг нэр бол, эмнэлэгт бие нь муудсан хүүхэд, аврагдсаных нь дараа анхны хүүхдэдээ нэрийг нь заавал өгнө хэмээн андгайлсан тэр хүүгийн нэр байлаа. Тийм ч учраас Пүрэвмаа энэ үгийг үнэн сэтгэлээсээ хэлж, киноны гол дүрд тэнцсэн гэдэг. Тэнцсэн гэдгээ нэлээд олон сарын дараа мэджээ. Нэг өдөр гадагш гарах гээд Хүүхэлдэйн театрынхаа коридороор алхаж явтал, өөдөөс нь бүрх малгай духдуулаад нүдний шил зүүчихсэн, цувтай өндөр хүн дипломат цүнх бариад явж байсан нь Дамчаа гуай байв. Мэндлээд хажуугаар нь өнгөрөх гэтэл, чи чинь хэн билээ гэхэд нь “Пүрэвмаа” гэвэл, “Аан тийм үү, хамт явна аа” гэж. Тэгээд театрын даргын өрөөнд орохдоо Пүрэвмааг үүдэнд хүлээж бай гэжээ. “Би ямар буруу зүйл хийчихсэн юм бол оо” хэмээн санаа зовж суусан Пүрэвмаад, хагас онгорхой хаалганы завсраар “Энэ хүүхдийг кинонд тоглуулна” гэсэн үг сонсогдоход баярласандаа дуугарч чадахгүй болтлоо хөшиж орхив.

Сэтгүүлч: Кино зохиолоо уншаад анх ямар сэтгэгдэл төрж байв?
С.Пүрэвмаа: Хүүхэд тэврээд үлддэг нь л их хэцүү санагдаж байсан. Бусад нь бол гоё, яг л сурагчийн амьдрал. Зураг авалтад ороод л, бодит байлгахын тулд сурагчийн цүнх үүрнэ. Хүүхэд болчихсон юм чинь “Бамбарууш” кафед орж үзэмтэй будаа, хайлмаг авч иднэ. Хөдөө бригадаар явахдаа өмсдөг гутлаа зураг авалтын үеэр өмсөнө. Миний муухай сайхан огт хамаагүй. Би бол өөрийгөө хөөрхөн гэж бодохгүй шүү дээ. Харин найруулагч юу гэж хэлсэн, тэрийг нь л би тодотгоод өгчих юмсан. Энийг нь л нэг байгаагаар нь гаргачих юмсан гэж боддог байлаа. Сайн, муу тоглож байгаагаа ч мэдэхгүй. Ямар ч байсан намайг загнахгүй байгаа болохоор сайн тоглож байна л гэж бодно. Үсрээд л хоёр дубль, өөр олон дубль хийдэггүй байлаа. Тэр кинонд Баяраа гэдэг дүрийг яаж тэгж олдог юм. Их сонин, манай арван жилийн ангид надтай нэг ширээнд суудаг Баяраа гэж хүүхэд жинхнээсээ байсан юм. Ингээд л кино зураг авалт дуусаж, киноны нээлт болсон доо.
Сэтгүүлч: “Би чамд хайртай” кинонд тоглосныхоо дараа олны танил байхын хэцүүг мэдэрч байв уу? Яагаад гэвэл 1985 онд өөр ийм кино байгаагүй шүү дээ.
Анхны кино маань гараад удаагүй байхад Хүүхэлдэйн театрынхантайгаа бригадаар яваад ирсэн чинь “Би чамд хайртай”-гийн Үрлээ, Дэлгэр, Баяраа гээд нэг тийм гурвалжингийн тухай ярилцлага “Залуучуудын үнэн” сонинд харагдаад, тэр охины амьдралд ийм юм тохиолдож гээд биччихсэн байсан. Би гэрээсээ гарахгүй зөндөө уйлсан, Балжинням гуайд гомдоод. Тэгээд Кино үйлдвэр дээр очихдоо уулзаж “Балжинням гуай, би хүүхэд гаргаагүй, хүнтэй ч суугаагүй байна. Та яагаад ийм ярилцлага өгсөн юм бэ?” гэсэн чинь, “Найруулагч нь юу гэж тэгж хэлэх вэ дээ, тэр хүн л тэгээд бичсэн юм байгаа биз” гэсэн. Тэр үед би “Кинонд юу гэж тоглов оо” гээд их харамсаж байлаа. Олны танил байх хэцүү. Ажлаа тараад би хороолол хүртэл алхана. Автобусанд сууж чаддаггүй. Хүмүүс харахдаа гоё хайрлаж харна. Эсвэл эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж харна. Тэр үеийн хүмүүс хүнийг хайрлаж чаддаг байж. Бригадаар хөдөө явахад бүр дээдэлнэ. Ааруул гээд л байгаа юмаа барина. Ямар гоё юм бэ гэж бодогдмоор. Хүний чанар тийм гоё байсан юм.
Эх сурвалж: news.zindaa.mn





