Осоржамаа: Хүмүүс миний амьдралаар 7 хоног ч амьдарч үзээгүй байж намайг олон зүйлээр муу муухайгаар хэлдэг

Сошиал од гэгддэг Осоржамаагийн хамгийн сүүлд сэтгүүлч Алтантүрүүтэй ярилцсан ярилцлаганаас хүргэе.

Осоржамаа: “Би нийгэмд бага зэрэг гомдож явдаг. Нийгэм намайг хүн шиг хүлээж авахгүй байна. Өөрөөрөө байхад минь ялгаварлан гадуурхдаг. Гадуур гарж ч чадахгүй байх үеүүд их байдаг. Гудамжинд явж байх үед хүмүүс намайг таниад чулуу шиддэг. Харин машинтай болсоноос хойш гадуур гарч чаддаг болсон.

Хүмүүс намайг эр эм нь ч мэдэгдэхгүй гэдэг. Би аль нь ч байж болно. Манай Монголчууд заавал эр эмээр нь ялгах шаардлагагүй гэж боддог. Зүгээр л хүнийг хүнээр нь л хайрлах хэрэгтэй. Надад цагаан сараар гүйгээд очих аав ээж хамаатан садан байхгүй. Гэхдээ би ганцаараа ч байсан цагаан сар гээд олон баяруудыг тэмдэглэдэг. Би багаасаа л айл айлд малыг нь хариулж явж ирсэн. Айлын тогооноос хоол горьдох гээд олон зүйл туулж явсан. Гэхдээ би хулгай зэлгээ огт хийж байгаагүй. Учир нь би настай хүмүүстэй цуг өссөн болохоор муу муухай зүйл хийж сураагүй. Магадгүй би замбараагүй айлд өссөн бол тийм болж хүмүүжих л байсан байх.

Хүмүүс миний амьдарлаар 7 хоног ч амьдарч үзээгүй байж намайг олон зүйлээр муу муухайгаар хэлдэг. Аав ээжийнхээ ачаар бэлэн амьдралыг авсан хүмүүс миний талаар юу ч мэдэхгүй байж л есөн шидээр л хэлцгээдэг. Тэрэнд бага зэрэг гомддог. Намайг өмнө хөдөө байхад зоддог байсан хүн миний ээж аавыг амьд гэж нэг удаа хэлж байсан. Энэ хугацаанд намайг асууж сураглаад ирэх боломж зөндөө байсан ч нэр төрөө бодоод, надаас ичээд намайг гэдэггүй болов уу гэж боддог.

Гэхдээ надад тусалдаг , баярламаар хүмүүс олон бий. Намайг гэсэн, ахын дүү яаж байна, эгчийн дүү яаж байна, хүмүүс дээрэлхэж байна уу гээд өмөөрч, хамгаалдаг, тусалдаг хэд хэдэн ах эгч нартаа баярлаж явдаг. Үнэндээ над шиг гэртээ нүүрээ будаад л, бүжиглээд л элийрч солиордог зөндөө л хүмүүс байгаа. Зүгээр л тэрийгээ ил гаргадаггүй шүү дээ. Хүмүүсийг над шиг хэнд ч гай, төвөг бололгүй өөрөөрөө амьдарч, бусдын эрх чөлөөг боолгүй амьдраасай гэж хүсдэг” гэжээ.