Ч.Уранхолбоо: “Хоёрхон настай охин бүх зүйлээрээ хохирчихоод байхад бид нар яагаад ийм арчаагүй байгаа юм бэ?”

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар холбогдох иргэд өнөөдөр мэдээлэл хийжээ: “Шинжээчийн дүгнэлтүүдээр бага насны хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн нь тогтоогдоогүй” гэсэн мэдээллийг өчигдөр прокуророос өгсөн ажээ. Энэ асуудалтай холбогдуулан “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо дараах байр суурийг илэрхийлэв. Ч.Уранхолбоо: “Бидний хувьд хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж цаг хугацааг хамтдаа туулж байлаа. Энэ хэргийн талаар хоёр жилийн хугацаанд ярьсан. Миний хувьд “Хөөрхөн дэлхий” ТББ-ыг 2007 онд байгуулаад, түүнээс хойш хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа. Тухайн ээж, охин хоёрт туслахаар явж байх хугацаанд олон төрлийн дарамт шахалт ирж байна. Гэсэн хэдий ч би ухрахгүй.”
Ч.Уранхолбоо: “Хоёр настай хүүхдийн чадан ядан ярьж байгаа хэргийн нотолгоо болсон яриа, бие дээр гарсан өөрчлөлт, сэтгэл санааны хямралтай холбоотой нотлох баримтуудыг авчирсан. Охины үс нь халзрах зэрэг өөрчлөлт гарч байна. Ээжийн болон охины сэтгэл санаа амаргүй байгаа. Бид цаг хугацаа их алдсан. Охины биед шарх, идээт үрэвсэл маш ихээр гарч байна. Хоёрхон настай үрд ийм зүйл тохиолдох уу? Болж өнгөрсөн асуудлыг хүүхэд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үе үе бодол санаанд нь орж ирэх үед ээждээ ярьдаг. Ярих үед нь ээж нь заримдаа бичлэг хийж амжина. Заримдаа амжихгүй. Хийсэн бичлэгийг хүртэл бид зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байсан.”
Ч.Уранхолбоо: “Сүүлдээ ээж нь өөрөө сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай болж, хэрэгт сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаа хүмүүс буруутан болж байна. Яагаад ийм өрөвдөлтэй нийгмийг бид хамтдаа бий болгоод байна вэ. Хоёрхон настай хүүхэд бие сэтгэл, эрүүл мэнд, бүх зүйлээрээ хохирчихоод байхад бид нар яагаад ийм арчаагүй байгаа юм бэ? Хэрэг дээр анх ажиллаж байсан Хишигмаа эмчийн дүгнэлтийг прокурорууд авч үзэж танилцаад, хүн гэдэг талаас нь хандаж болохгүй байна уу?” Ч.Уранхолбоо: “Хүчирхийллийн хэрэг далд хэлбэрт үйлдэгддэг. Биднээс ямар нотлох барит хүсээд байгаа юм бэ. Анхны эмчийн дүгнэлт, хүүхдийн ярьж байгаа зүйл яагаад нотлох баримт биш юм бэ. Хууль сахиулах байгууллагууд яг юуны төлөө ажиллаж байна вэ? Эрхээ хамгаалуулах ёстой үр хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй тийм л арчаагүй байна” Ч.Уранхолбоо: “Эмч нарын хариуцлагын асуудлаар “Өргөө амаржих газрын хоёр эмч дүгнэлтээ урагдалтай байна гэж гаргасан мөртлөө яагаад хоёр сарын дараа өөрчилсөн юм бэ. Энэ бүхний ард юу яваад байна вэ гэдэг хариуг хамтдаа олохыг хүсэж байна. Миний утас руу хүмүүс ойр ойрхон залгаад наад хэрэг чинь 500 сая төгрөгөөс наашгүй гэж хэлдэг. Яг юу хэлээд байгааг нь би ойлгохгүй байна. Намайг энэ хэргээс гаргахыг хүсэж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд энэ хэргийг дундаас нь орхих ямар ч бодолгүй байгаа” Ч.Уранхолбоо: “Хүчирхийллийн хэрэг дээр ямар нэгэн зам мөр бий болгож, хүүхдийнхээ эрхийг хамгаалж үлдэхгүй бол энэ бүхэн хар толбо болж үлдэнэ. Ирээдүйд яаж ч амаа бариад нэмэргүй болно. Тиймээс бид зоригтой байна. Ээжийнх нь хувьд энэ хэргийг үйлдсэн гэж байгаа залуутай эд хөрөнгийн маргаан үүсгэж, нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Хоёр жилийн хугацаанд энэ хэргийн ард гарахын тулд бүх зүйлээ шавхаж байгаа. Ээж нь ажил хийхгүй, хоёр бяцхан үрийн хэрэглээ гээд шаардлагатай зүйл их бий. Тэр бүхнийг би хувиасаа шийдэж байгаа. Түүнээс биш аав нь огт оролцоогүй. Эд хөрөнгийн маргаан байгаа юм бол ил гаргаад ирээч. Охины ээж нь арьс цайрах өвчин тусаад залуу нас, эрүүл мэндээрээ хохирч байна” гэдгийг хэлэв. Эх сурвалж: ikon.mn