С. Бадамцэцэг үндсэн ажлынхаа хажуугаар хүүтэйгээ хамт обой нааж хөдөлмөрлөж байна

Иргэн С.Бадамцэцэг нь хувийн компанид “Хүний нөөц, оператор”-ын ажил хийдэг бөгөөд үүнийхээ хажуугаар айлын обой нааж маш завгүй амьдардаг хөдөлмөрч эмэгтэй ажээ. Обой наах захиалга ажлын өдрүүдэд орж ирвэл ганцаараа ажилладаг ба харин амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ хамтардаг байна. Тэрээр 13-14 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ээж бөгөөд 2 хүүхдээ хүний дайтай өсгөхийн тулд түүнд хийж үзээгүй ажил байхгүй гэнэ. Тэрээр барилгын гадна пасатанд ганцаараа ажиллан олон барилгын бүтээн байгуулалтанд оролцжээ. Барилгын ажлыг ганцаараа хийх хэцүү учраас хүүхдүүд нь хичээлийнхээ хажуугаар ээждээ тусалдаг. Хүү нь обой цавуудах, зүсэх, шат өргөх зэрэг туслах ажлуудыг хийдэг бол охин нь тогооч хийдэг ба 2 хүүхэд нь ээжээсээ мөнгө авалгүй өөрсдийн хэрэгцээний мөнгөө олдог байна.
С.Бадамцэцэг: “Хүмүүс намайг маш завгүй байгааг минь хараад их мөнгө олж байна гэж боддог. Үндсэн ажлынхаа хажуугаар 7 хоногт 1-2 удаа обой наах захиалга орж ирвэл хүүтэйгээ хамт хийдэг. Олсон мөнгөө түрээсийн байрныхаа төлбөр гээд бусад олон зарлагадаа зарцуулдаг. Хоёр хүүхэд минь надад маш их тус хүргэдэг. Би хоёуланд нь хөдөлмөрийг нь үнэлж цалинг нь өгөөд, хүүхдүүд минь хичээлийнхээ ном бусад хэрэгцээгээ болгож надаас мөнгө авдаггүй” гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ: ” Хийх ажил бол зөндөө байна шүү дээ. Эр нь ч бай эм нь ч бай одоо ер нь бэлэн юм хардаг болсон байна. Бэлэнчлэх сэтгэлгээтэй , зүгээр сууж байгаад мөнгө олох сонирхолтой болчихсон санагддаг. Үгүй шүү дээ. Хүн хөдөлж л байвал юу ч хийсэн яадаг юм. Би шөнийн 3,4 цаг хүртэл обой наагаал , хонож өнжчихөөд маргааш нь наагаал явдаг. Би амьдралдаа ажилаа тасалж үзээгүй. Би их завгүй байдаг. 3-4 төрлийн ажил хийдэг. Бараг найз нөхөдтэйгөө уулзаад хоол идэхч завгүйл байдагдаа. Нэг өдөр зогсвол миний амьдрал зогсох юм шиг санагддаг” гэжээ.
Эх сурвалж: c1 телевиз