Эхнэр авчихаад эцэг эхийнхээ үгнээс гардаггүй нялзрай банди нарын заавал үзэх киноны нэг бол “Нандин Эрдэнэ” МУСК юм

1986 оны бүтээл болох “Нандин Эрдэнэ” хэмээх МУСК-г Arigun фэйсбүүк хуудасны админ дараах өнцөгөөр тайлбар бичжээ:

Дамчаа (О.Бат-өлзий) бол гарын дүйтэй, тунгалаг ус шиг сэвгүй сайхан сэтгэлтэй залуу. Тэрээр Дулмаа (Х.Тунгалаг) хэмээх уран нугараач сайхан бүсгүйд дурласнаар киноны үйл явдал эхлэдэг. Тэдний хайр дурлал, хамтын амьдрал аз жаргал, гэрэлт ирээдүйн дор цэцэглэн өрнөх агаад нэгэнтээ хоёр биендээ хайртай хосууд хуримаа хийж албан ёсоор эхнэр нөхөр болцгооно. Дамчаа бол хүүхдийн үсний найран дээр төрсөн өдрийн дуу дуулчихаад хээв нэг гараад явчихдаг цагаахан нэгэн. Гэхдээ тэр үргэлж цагаан цаас шигээ байж чадсангүй.

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр Дамчаагийн эцэг эх залуу гэр бүлийн амьдралд цаг наргүй хошуу дүрж хосуудын аз жаргалтай амьдралыг сүйрүүлэхээс гадна цас шиг цагаан сэтгэлтэй хүүгээ адгийн нэгэн болгож хувиргадаг.

Тус киноны хамгийн айхтар дүр бол Дулмаагийн төрсөн дүү Оюун юм. Дамчааг анх харсан цагаасаа л онцгүй нэгэн болохыг зөн совингоороо мэдэрч эгчийгээ хол байлгахыг оролдоно. Киноны нэг гоё эргэлт байдаг. Дулмаагийн гэдсэнд бойжиж буй хүүхдийг Нандин Эрдэнэ юм байна даа гэж бодоод сууж байтал тэрхүү Нандин Эрдэнэ нь түүний дүү ухаалаг Оюун охин болж таардаг.

Бараг 40 жилийн өмнөх кино хэрнээ план тавилтууд нь маш сайн. Бас тэр үедээ Азийн цагаан дагина хэмээн нэрлэгддэг байсан Улаанбаатар хотын өнцөг булан бүрийг тухтай гэгч нь харуулах нь яг л тэр үед яваад оччихсон юм шиг сайхан сэтгэгдэл төрүүлж байв.

Ай даа, алтан үеийн кинонууд яагаад ийм өег, нүнжигтэй, амьдралын хичээл шиг байдаг юм бэ? Үзэж дуусчихаад хэд хоног бодлоос салахгүй явлаа. Залуу хосуудын амьдралд өдөр бүр хошуугаа дүрж явдаг эцэг эхчүүд одоо ч байдаг гэж бодохоор энэ киноны сэдэв хэзээ ч хуучрашгүй мэт. Тус кино 1986 онд бүтсэн бөгөөд домогт найруулагч И.Нямгаваагийн бүтээл юм.

Айлын охиныг гэртээ авчирчихаад эцэг эхтэйгээ нийлж тамлаад байдаг Дамчаа шиг залуусаас холхон бай даа охид минь. Эр хүн ямар ч үед чиний талд бат зогсох гэж л нөхөр болдог юм” хэмээн өөрийн харах өнцөгөөс сайхан тайлбар бичжээ.

Эх сурвалж: Arigun’s фэйсбүүк хуудас