“Чих хоосон явдаггүйн учир…Ээмэг бол эмэгтэй хүний хамгийн чухал хамгаалалт юм”

Ээмэг бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хамгаалалт юм. Эрэгтэй хүний сүр сүлд малгай, бүсэндээ гэдэг бол эмэгтэй хүний сүлд , сүнс хоёр чихэнд нь байдаг гэдэг. Хүний нүдний хор ихэвчлэн эдэлж хэрэглэж байгаа сонин содон зүйл дээр тусгалаа үлдээдгийг өвөг дээдэс маань мэддэг байжээ.

“Ямар сайхан эмэгтэй вэ?” гэж харц тогтох үед ээмэг бодлыг нь сарниулж анхаарлыг эмэгтэйд биш ээмгэнд төвлөрүүлж “ямар гоёмсог ээмэг зүүгээ вэ?” гэж бодох төдийд хар цагаан хэл ам замхран алга болдог гэж үздэг байжээ. Тиймээс хууччуул охин хүүхэддээ аль болох гялгар гялтгар, гоёмсог ээмэг зүүлгэж атаа жөтөө, хар цагаан хэл амнаас хамгаалсаар иржээ.

Цаад утга санааг нь ойлговол дан ганц мухар сүсэг бишрэл биш ажээ. Охин хүүхдийг 16 нас буюу нас биед хүрсэнийг илтгэн ээмэг зүүлгэх ба охинд биш зүүсэн ээмгэнд нь хүний анхаарал татагдсанаар элдэв муу муухайгаас хамгаалах гэсэн утга санааг агуулж байжээ. Эрт үеэс ээмгийг бусадтай хольж, сольж зүүхийг цээрлэдэг байсан бөгөөд хувь заяа солигдож төөрнө гэж үздэг байж. Энэ нь нэг талаар бусдын ээмгэнд шингэсэн муу муухайг өөртөө шингээхгүй, нөгөө талаар эрүүл ахуйн шаардлагыг өндөр түвшинд тавьж, элдэв халдварт өвчин халдах магадлалыг багасгадаг байсантай холбоотой.

Тиймээс та чих хоосон бүү яваарай. Ээмэг бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хамгаалалт. Өвгөдийн аман яриа, домог сургаалиас үзэхэд эмэгтэй хүн (ээмэг-тэй хүн) ээмэг зүүх учиртай тул ийнхүү хүндэтгэн нэрийдсэн аж. Өөрийгөө хамгаалан гэрэлтүүлэх ээмэг байнга зүүж байгаарай.

Хэрэв өрөөсөн ээмгээ гээвэл хэл ам, гарз хаалаа гэж үзээд харамсдаггүй бөгөөд үлдсэн өрөөсний хэлбэрийг нь өөрчилж, өөр эд болгон хэрэглэдэг байжээ.

Эх сурвалж: Үзмэрч , Засалч Нямаа багш