
Сар шинийн баяраар эмээ, өвөөдөө хүрээд очоорой. Тэгээд: “Та залуудаа царайлаг байсан уу” гэж асуугаарай. Түсхийтэл инээд алдаад, залуу насаа дурсах вий.
Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой…Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ. Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол? Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал.
“Ууцаар яах юм” , “Цомхон ширээ л засна биз” гэх мэт үгүйсгэл дундуур зүтгүүлсээр цагаан сар айсуй. “Авалгүй яах юм”, “Болж л таарна” гэж бүтээхийн түмэн хүслээ чирч, даавуун уутаа мөрлөсөөр ахмадууд аль хэдийн зах, худалдааны төвөөр таваргаад эхэлжээ…

Хэдий хэр тэтгэвэртэй билээ дээ, тэд. Тэгсэн ч хэндээ ч энийг, түүндээ ч тэрийг гэж өөртөө өдөржин ажил удаж бэлэг сэлт сонжиж, өвчүү ууц үзэж, бууз баншны мах базаахаар шогшуулж яваа өвөөгийн гутлыг өнөөдөр онцолж байна.

Хүчит шонхор зах. Хүний хөл хэзээд тасардаггүй энэ зах өнөөдөр ч хэвээр. Ууц зарахаар ирсэн арьс, үс болсон гуталтай эрчүүд. “Хэд вэ” гэвэл 250-500 мянган төгрөгийн үнэ хэлж, “тарган” гэж давуу талыг нь бас нэмнэ.
Өвөө 250 мянган төгрөгийн ууцыг худалдагч эртэй ярьж хөөрсөөр 50 мянган төгрөг татаад авав. Өдгөө 83 настай энэ өвөөгийн нүд хурц, алхаа хөнгөн. Харин чих нэлээд хатуу. Ач хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг. Хүү эзгүй тул энэ удаад тэрбээр ганцаар хоёр ч автобус дамжин сууж зах орж иржээ. Ууцыг нь үүрээд зам дагуу хүргэж, өвөөг таксинд суулгаж өгөөд 5 мянган төгрөг авах үйлчилгээг нэг эр санал болгож байна. “Хаа хаанаа амьдарчих гээд л үзээд байна” гэж инээх тэр эрээс сархад сэнхийх юм. Тийм ээ, амьдарчих гээд л тэр байх.
Өвөө гурван хүүхэдтэй. 1995 онд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу ниссэн АН-24 онгоцны ослоор нэг охин нь нөхрийнхөө хамтаар нас барсан. Охиныхоо өлгийтэй үлдсэн бяцхан хүүг өвөө, хөгшнийхөө хамтаар өсгөж, өнөөдөр хүү 20 дөнгөж гарч буй том эр болжээ. Харин хөгшин нь 60 гаруй насандаа бурхан болсныг бас ярив.
“Танайд цагаан сараар олон хүн ирэх үү” гэвэл нэг хүүхэд маань хашаанд хамт амьдардаг юм. Нөгөө хүү Өвөрхангай аймгийн хүргэн болсон. Тэд ирнэ. Түүнээс гадна би эхээс арвуулаа. Тэднээс минь үлдсэн гурван хүн үр хүүхэдтэйгээ хамт Хөвсгөлөөс ирнэ. Тэгээд л болно доо” гэв.
Өвөө буузаа ирэх амралтын өдөр хийхээр төлөвлөсөн бөгөөд хүүхдүүд нь чимхээд өгдөг аж. Харин тавгийн боовыг манай ач хүү авч өгнө гэсэн гэж хэлэхдээ өвөө түүнийг нялхаар нь бодож шоолох ч шиг, “Тэр ч дээ” гэж хүүгээ басах ч шиг. Тэгсэн хэр цаанаа нэг их хайр тээсэн өнгөөр инээв.
Өвөө, хүү хоёрын жижигхэн байшинд даралтат хөгжим, гитар бас байна. Мөн одон медаль энгэрт нь зүүсэн цэргийн дүрэмт хувцас. Мөрөн дээр нь хошуучийн цол, тэмдэг гялалзана. Энэ бол хилийн цэргийн хамгийн анхны форм. Өвөө Ардын армийн ахлах дэслэгч. НАХЯ-ны цагдаагийн хошууч, хилийн цэргийн хошууч цолтой нэгэн аж.

“19 настайдаа офицерын сургууль төгссөн. Ротын улстөрийн орлогчоор ардын армид 5-6 жил ажилласан. Найрамдлын Дархан хот байгуулагдахад Оросын барилгын цэргийн ангитай хамт Цагаан тоосгоны үйлдвэр, Дарханы цахилгаан станцыг байгуулалцаж явлаа. Онц, сайн ажилласан гээд МАХН-ын төв хорооны дэргэдэх “Намын төв сургууль”-д /Одоогийн Удирдлагын академи/ шалгалт өгч тэнцээд, дөрвөн жил сурч 1973 онд төгссөн. Ингээд намын хороонд лекторын алба хашсан. Дараа нь Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд намын үүрийн даргаар ажиллалаа. Тэтгэвэрт гарахын өмнө хилийн цэргийн 257 дугаар ангийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байлаа” гэж өвөө хуучлав.
Өвөө өөрийнхөө амьдралыг “архивлажээ”. Тэнд нь Орос, Монголын хилээр чөлөөтэй зорчих эрх бүхий Монгол Улсын хилийн албаны улаан үнэмлэх байна. Тэр Хилийн албаны заставын дарга байжээ. Мөн Кремлийн ордонд зочилсныг гэрчлэх үнэмлэх байна. Тэр Санкт Петербургт Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны Улс төрийн дээд сургуулийн курсэд суралцаж байжээ.

Дурсамж бичгүүд, “Монгол Улсын иргэн танд байгалийн баялгийн өгөөжөөс 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэв” гэсэн гэрчилгээ. Хоёр жилийн өмнө авсан цэргийн гавьяаны одон, бас тусгаар тогтнолын одонтой хамт гардуулсан үнэмлэхүүдийг ч хавтаст хийж, нямбайлан нандигнажээ. Өвөө “Намайг бурхан болохоор хүүхдүүд авч хадгална уу, гал ноцооно уу хамаагүй. Гэхдээ залуучуудад хэрэгтэй л гэж бодож бүхий л зүйлээ архивлаж байна” гэсэн. Өөрөө бичсэн гэх найман ном өрөөтэй байна. Тэр дунд хоёр роман, нэг тууж ч байх аж.
Монгол Улс 320 гаруй мянган ахмад настантай. Тэдний нэг болох энэ өвөө сарын 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сар шинийн баяраар хүмүүст өгөх бэлгийн тухай сонирхвол эмэгтэйчүүдэд 5-10 мянган төгрөг бэлнээр өгөх эсхүл чихэр, шоколад бэлтгэх. Харин эрчүүдэд нь 10-20 мянган төгрөгийн үнэтэй дотоодын үйлдвэрийн футболк авч өгнө гэв.

Баяраар өвөөгийнд харьцангуй бага зочид ирдэг, ойролцоогоор 10-20 хүн. Өвөөгийн хэлсэн төсвөөр бол 20 хүний гар цайлгах бэлгийг дунджаар 10 шоколад, 10 футболк гэж бодвол 250 мянган төгрөг болох нь ээ. Үүн дээр нэмээд өвөө буузны мах, гурилаа аваагүй байгаа. Тавгийн боовыг хүү авч өгч ачааг нимгэллээ гэж бодоход өвөөгийн сар шинийн төсөв сарын 550 мянган төгрөгийн тэтгэврийг нь хол илүү давах нь. Гэхдээ л өвөө болж, бүтэхгүйн тухай үг унагасангүй. “Цөөхөн хүн ирнэ, хоёулхнаа болохоор тэтгэвэр хүрээд л байдаг юм” гэсэн.

Тэтгэвэр бага, юмны үнэ өссөн л гэнэ. Төгрөг яах вэ, олддог, олох л эд. Харин ахмадуудад төгрөгөөс илүү уулзахын, ярилцахын, угтаа хэнд ч юм тоогдох нь л энэ амьдралаас хамгийн ихээр эрж хайдаг учрал тул сар шинийн баярыг хуруу даран тоолж сууна. Хөгшчүүд өөрийгөө хүнд хэрэгтэй гэж мэдрэх мэдрэмжээр их дутдаг бололтой. Энэ сар шинийн баяраар эмээ, өвөөдөө хүрээд очоорой. Тэгээд “Та залуудаа царайлаг байсан уу” гэж асуугаарай. Түсхийтэл инээд алдаад, залуу насаа дурсах вий.

Эх сурвалж: gogo.mn , “ГУТАЛ” цуврал нийтлэл






