
Монголд цор ганц байдаг “Хөдөлмөрийн баатар хосууд”
Өнгөрөгч 1-р сард жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн ба энэ үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайлж буйгаа дэвжээн дээрээсээ мэдэгдсэн юм.

Жүдогийн аварга, дөрвөн өөр жинд олон улсын тэмцээнээс медаль авч байсан түүнийг дэвжээгээ үнсээд босож байх тэр л агшинд олон ч хүн нулимс унагаж “Баярлалаа Цагаанбаатар аа” хэмээн хашхирч байлаа. Жүдогийн дүү нартаа, өнөө цагийн амжилтын эхний жимийг гаргаж цагаан зам татуулсан гавъяатан билээ.

Нэгэн цагт манай жүдо бөхийг дэлхийд тахалж, нүүр царай нь болж явсан Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын багийн цорын ганц медалийг хүртэж, 2009 онд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны жүдоч болж байлаа.

Түүний хань О.Гүндэгмаа “Бээжин-2008”-аас мөнгөн медаль хүртэж, монголчууд бидний олимпын аваргатай болох үүдийг нээсэн гавьяатан юм. Тэд Монголын жүдо бөх, буудлагын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэд.

Хосууд маань Х.Цагаанбаатрыг дэлхийн аварга болдог жил анхны хүүгээ өлгийдөн авч, 2013 онд ихэр хүүхэдтэй болж, бүл нэмсэн. Ханьдаа зориулан шүлэг хүртэл зохион, үе үе гэнэтийн бэлэг барьдаг романтик Х.Цагаанбаатар том хүүгийнхээ хөлийн улны мөрийг цээжин дээрээ “Champion” гэдэг үгийн хамт шивүүлсэн. Мөн нуруун дээрээ хоёр ихрийнхээ гарын хээг нэрнийх нь хамт мөнхөлжээ.

Улсын аваргад 11 удаа түрүүлж 28 жилийн тамирчны замналаа ийнхүү өндөрлүүлж байгаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатрынхаа дасгалжуулагчийн зам мөрд өндөр амжилт хүсье.

Гэрийн эзэгтэй болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа нь олимпийн наадамд хамгийн олон удаа өрсөлдсөн Монгол тамирчин юм. Түүний амжилтаас дурьдвал:
Энэ спорттой нөхөрлөсөн учиг нь ааваас нь эхлэлтэй гэдэг юм билээ. Гурав, дөрөвдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа аавыгаа дагаж, тухайн үеийн марш тактикийн тэмцээнд явж макаров хэмээх орос буугаар буудаж үзсэн гэсэн. Аав нь түүнд 1992 оны Барселоны олимпод Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын хүрэл медаль хүртэж буй тэр торгон агшинг үзүүлсэн аж. Тухайн үеэс л эхэлж О.Гүндэгмаад энэ спортоор тууштай хичээллэх бодол төрж, буудлага спортын тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энэхүү спортоор хичээллэж эхэлсэн дариудаа спортын мастер цолны болзол хангаж, улсын удаа дараагийн аварга болон олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож, ирээдүйн тив дэлхийн хүчирхэг тамирчны алдрын зам нь зурайсан гэлтэй. 23 насандаа буюу 1996 онд тамирчдын хүсч тэмүүлдэг олимпын их наадамд оролцож, шагналт зургадугаар байрт шалгарсан тэрээр дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор өөртөө хандуулж чадсан юм. Энэ цагаас эхлэн Монголчууд О.Гүндэгмаагүй олимпын наадмыг хараагүй билээ. Мөн 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн төрөлд хүрэл, 2006 оны мөн энэхүү тэмцээнд амжилтаа бататгаж чадсан бол 2002, 2006 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, түүнээс хойш Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа тооцогддог “Дэлхийн цом”-ын удаа дараагийн аварга болсон юм. Атлантидад хамгийн анхны олимпын наадамдаа оролцсон бол 2000 онд Сиднейн, 2004 онд Афины олимпод мөн л шагналт зургадугаар байрт шалгарч байсан нэгэн. Дэлхийн хэдэн арван шилдэг буудлагын тамирчин өрсөлдөж буй олимпын наадамд зургадугаар байрт шалгарна гэдэг чамлахааргүй амжилт ч гэлээ тэрээр 2008 оны олимпод бүхий л нөөц бололцоогоо дайчилж, алдрын оргилд гарахыг хичээсэн. Түүний мөрөөдөл ч биеллээ олж, тамирчин бүрийн хүсээд ч олддоггүй тэрхүү олимпын медалийг эх орондоо авчирсан юм.
Мөн 2008 оны 8-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны 3 сарын 18-нд дэд хурандаа болжээ.

Спортын карьер, хувийн амьдрал нь хосолж тэгширсэн ийм сайхан хувь заяа ховор тохиох бизээ. Хос “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат тамирчид” маань хамтарч “Хосбаатар” хэмээх санг үүсгэн байгуулсан билээ. Нэг нь жүдогоор, нөгөө нь буудлагын төрөлд дэлхийд гайхуулах амжилт гаргасан хос баатруудынхаа ховор зургуудаас хуваалцая.

Нэмж сонирхуулахад “Гэр бүлдээ хэр их цаг зарцуулж чадаж байна? Хэр сайн эзэгтэй гэж өөрийгөө дүгнэх вэ? хэмээх асуултанд О.Гүндэгмаа хариулахдаа:
О.Гүндэгмаа: “Яг одоогоор онц гэсэн үнэлгээ авахаар хэмжээнд биш байгаа. Тэр бүр цаг гаргаж чадахгүй байна. Бид бүгдээрээ адилхан зорилготой учраас чи ингэсэнгүй, тэгсэнгүй гээд байдаггүй. Гэрийнхэн маань ч гэсэн бүгдээрээ спортыг ойлгодог хүмүүс. Ээж маань миний охин бэлтгэлээ л хий гэдэг. Дүү бас охин маань ч маш сайн ойлгодог. Бүгд надад санаа тавьцгаадагт нь баярладаг. Цагаанаа бид хоёрын хувьд адилхан зорилготой учраас бие биенээ маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Миний хувьд Цагаанаа маш их урам зориг бэлэглэж, намайг хурцалж өгдөг. Дандаа л тамирчин байгаад байна гэж байхгүй шүү дээ. Заримдаа тэмцээн уралдааны зав зайгаар аль болох гэртээ байж, гэрийнхээ бүхий л юманд оролцохыг хүсдэг. Өөрөө ч их дуртай. Жишээлбэл, намар жимс ногоо түүгээд, түүнийгээ даршилж, янз бүрийн хоол, зууш хийх дуртай. Заримдаа өөрийнхөө биеийг долоо, найм хуваачихмаар санагддаг ш дээ/инээв/. Сурах юм маш их байна. Оюутан болчихсон хэрнээ сургуульдаа хараахан явж амжихгүй байна. Өмнө нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Одоо амьдралд хэрэг болох үүднээс эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Биеэ долоо, найм хуваахын шалтаг тэр л дээ. Сургуульдаа сурмаар байдаг, дээрээс нь эмэгтэй хүн, хэсэг хугацааны дараа айл гэрийн эзэгтэйн үүрэгтээ илүү анхаарах хэрэгтэй болно. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж сурах зүйл их байна. Юм оёх, хоол ундаа хийх, мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулах гэх мэтээр. Мэдээж энэ бүхнийг тодорхой хэмжээнд хийдэг, чаддаг. Гэхдээ илүү сайн түвшинд төгс эзэмшмээр байна. Яагаад ч юм, заримдаа гэртээ байгаа эмэгтэйчүүдийг харахаар гоё байдаг. Хүүхдээ асраад, хоол ундыг нь хийж өгөөд, хувцас хунарыг нь оёж өгдөг эзэгтэй нар гоё шүү дээ. Намайг бага байхад ээж маань трико нэхэж, бэлтгэлийн өмд цамц хийж өгдөг байсан. Наян хэдэн онд хоёр тийшээ хардаг бэлтгэлийн хувцас байдаггүй байхад ээж маань тийм хувцас оёж өгдөг байж билээ. Тийм байсан болоод ч тэр үү, сайхан юм оёчихдог, сайхан хоол хийчихдэг болчих юмсан гэж хичээдэг. Спорт гэсээр явтал нэг мэдэхэд амьдрал жирийгээд өнгөрчихөж .” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар гэх хүндтэй цолыг хоёулаа хүртсэн Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарынхаа амьдралд улам их амжилт болон аз жаргалын дээдийг ерөөе




Эх сурвалж: eguur.mn, wikipedia