
Монголд анх удаа хэрээсэн хатгамлаар дэлхийн долоон гайхамшгийг 12 жилийн хугацаанд урласан Технологийн багш Б.Оюунчимэг
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн хүргэж буй. Тэгвэл энэ удаа “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн юм. Монголд анх удаа хэрээсэн хатгамлаар дэлхийн долоон гайхамшгийг 12 жилийн хугацаанд урласан Уран хатгамалч Б.Оюунчимэгийг энэ удаагийн нийтлэлээрээ онцоллоо.
Түүний хувьд технологийн багш мэргэжилтэй. Улсад 31 дахь жилдээ багшилж буй. Хамгийн сонирхолтой нь Уран хатгамалч Б.Оюунчимэгийн энэхүү найман бүтээлд нийт 3 сая 339 мянга 800 удаа хатгалт хийгджээ. Үүнийг утасных нь уртаар тооцвол 24 км 800 метр газрыг гар хатгамлаар туулсан гэсэн үг юм. Мөн “7+1” хэрээсэн хатгамал буюу дэлхийн долоон гайхамшигт Монгол Улсаас нэгэн гайхамшиг нэмж оруулсны учир нь уг бүтээлийг монгол хүн урласан юм шүү гэдгийг хэзээд хүн бүрд мэдүүлэхийг хүссэн тухайгаа ярьж байлаа. Ингээд түүний isee.mn сайтад өгсөн ярилцлаганаас хуваалцая.
Яагаад энэхүү бүтээлийг урлах болов?
Б.Оюунчимэг: Би Австри Улсын Клагенфурт хотод аялж явахдаа дэлхийн жижгэрүүлсэн долоон гайхамшгийг баримал хэлбэрээр үзэж сонирхож явахдаа хатгамал хэлбэрт оруулж болох юм гэж бодсон. Тэгээд анхны долоон хувилбараар нь зураг хэлбэрт оруулж, хэрээсэн хатгамлаар хатгаж урлаж эхэлсэн юм.
Цаг хугацааны хувьд нэлээд олон жилийн хөдөлмөр байсан шүү дээ. Хэзээнээс хэдий хүртэл хийсэн бэ?
Б.Оюунчимэг: Энэ бүтээлүүдийг би 2010 оны аравдугаар сараас 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийтдээ 12 жилийн хугацаанд урласан. Дунд нь амарч алгассан жил байгаагүй.
“7+1” хэрээсэн хатгамал буюу дэлхийн долоон гайхамшигт Монгол Улсаас нэгэн гайхамшиг нэмж оруулсан тухайд?
Б.Оюунчимэг: Долоон бүтээлээ хийж дуусаад Монголоос нэг гайхамшиг оруулъя гэж бодсон юм. Тэгээд нэлээн судалж үзсэн. Дэлхий дээр яг одоогоор “Цонжин болдог” морьт хөшөө дэлхийд хамгийн томд тооцогддог морьт хөшөө байгаа юм байна лээ. Тиймээс би “Цонжин болдог”-ыг сонгож хийсэн. Би өрөөндөө бүх бүтээлээ өлгөчхөөд сууж байсан юм. Тэгсэн манай нэг гадаад багш хараад “Багшаа энэ морьт хөшөө чинь дэлхийн гайхамшигт ордог билүү” гэж асуусан. Тэгэхээр нь би “яг одоогоор бол дэлхийн гайхамшигт манай “Цонжин болдог” бүртгэгдээгүй. Гэхдээ манай гайхамшиг” гэдгийг хэлж байсан юм. Монгол хүний урласан бүтээлд Монголын гайхамшиг орох нь зөв гэж л бодож урласан даа.
Хэрээсэн хатгамал гэхээр нарийн ажиллагаа орох учир чимээгүй орчинд анхаарлаа төвлөрүүлж хийх ёстой байх. 12 жилийн хугацаанд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байсан бэ?
Б.Оюунчимэг: Тэгэлгүй яах вэ. Энэ бүтээлийг хийхэд мэдээж анхаарал 100 хувь төвлөрнө. Нэг зургийг хамгийн доод талын өнгө нь 30-35 өнгө, дээд талын өнгө нь 70 өнгийн утсаар оёж байгаа. Тэгэхээр энийг дандаа чөлөөт цагаараа гэртээ оёдог байсан. Гэртээ оёх нөхцөлийн гэр бүлийн хүмүүс бүрдүүлж өгнө. Ялангуяа миний зээ охин одоо есөн настай. Тэр маань нэлээн ухаан орсон цагаасаа хойш маш их оролцож, тусалж байсан. Ерөнхийдөө энэ бүтээлийн цулгай өнгөнүүд дээр нэлээн ажиллаж байсан. Хамгийн гол нь гэр бүлийн хүн маань маш их дэмждэг. Үндсэндээ би гэрийн эзэгтэйн ажлыг сүүлийн 12 жил орхисон гэхэд болно.
Бүтээлээ урлах 12 жилд мэдээж олон сайхан явдал тохиолдсон байх. Түүнээс яг аль зургаа урлаж байхад ямар үйл явдал тохиож байсан талаарх дурсамжаасаа хуваалцвал?
Б.Оюунчимэг: Олон сайхан зүйлс бололгүй яах вэ. Түүнээс миний хамгийн тод санаж буй баярт зүйл гэвэл дөрөв дахь зураг дээрээ явж байхад буюу 2014 оны гурван сарын 17-нд миний зээ охин төрсөн. Тэгээд өсөж том болж зарим зургийн цулгай өнгийг надтай хамжилцаж дуусгасан юм.
Харин шантрах дундаас нь орхимоор санагдсан үе байсан уу?
Б.Оюунчимэг: Байгаа шүү. Нэг удаа манай том охин надад “Эмэгтэй хүний цүнхэнд уруулын будаг, гоо энгэсэг, гоёл явдаг юм аа ээж ээ. Таны цүнхэнд утас зүү даавуу явж байх юм. Ямар учиртай юм бэ” гэж хэлж байсан. Гэхдээ л би бүтээлээ нууж байгаад л оёж дуусгасан юм. Дөрөв дахь зургаа хийж байх үедээ баг зэрэг шантрах мэдрэмж төрж болимоор санагдсан. Тэгээд бодсон “За би дөрвөн бүтээлийг нь нэгэнтээ хийчхээд одоо орхиж болохгүй. Яаж ч байсан гүйцэх хэрэгтэй” гээд үргэлжлүүлэн хийж бүр нэг бүтээл нэмж хийсэн юм даа.
Утсаар урласан зураг болоод ч тэр үү үнэхээр гайхалтай харагддаг юм байна. Гадаад дотоодоос худалдан авах санал ирсэн үү?
Б.Оюунчимэг: Гадаадаас худалдан авах санал анх ирж байсан. Үзэсгэлэнд тавиагүй байх үед шүү дээ. Австрид амьдарч байгаа том охины маань нөхөр. Манай том хүргэн, бага хүү хоёр маань миний бүтээлийн зураг болон тайлбартай номуудыг надад бүтээж өгсөн. Уг номыг хийж байх явцад найзууд нь үзсэн байсан. Тэгээд “ерөөсөө энэ бүтээлийг чинь авмаар байна” гэж санал тавьсан байгаа юм. Надад энэ мэдээг хэлэх үед “ямар ч үнэ хүрдэг бай ээж нь гадагш нь явуулахгүй ээ. Энэ монгол хүний бүтээл. Монгол Улсдаа үлдэг. Магадгүй 50 жилийн дараа Монгол хүний гараар бүтсэн бүтээл гээд гайхамшиг болох ч юм билүү” гэж хариулж байлаа. Би ингэж л бодож явдаг даа. Тэгэхээр цаашид ч хаана ч зарахгүй гэсэн үг.
Таны хувьд сонирхолоороо бүтээл урласан ч Монгол ахуйг шингээж хадгалан өвлүүлэхийг эрхэмлэж буй нь харагдлаа. Иймд олон уран бүтээлч төрүүлж буй багш хүний хувьд сурагч нартаа хандаж үг хэлээч?
Б.Оюунчимэг: Манайх урчууд ихтэй шүү дээ. Маш олон уран бүсгүйчүүд байгаа. Тэгэхдээ мэдээж хүн бүхэн өөрийнхөө бүтээлийг тодорхой хэмжээний үнэ цэнтэй байлгахыг хүсдэг байж таарна. Тэр бүхэн маань Монголдоо байгаасай гэж багш нь хүсэж байна.
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Уран хатгамалч МУСТА Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уг үзэсгэлэн 2022 оны 12 дугаар сарын 1-ээс 30-ны хооронд олон нийтэд толилуулна.
Эх сурвалж: isee.mn , zogii.mn