“Аавыгаа сэхээнд ороод , хүн бүр ирээд салах ёс хий гээд дуудуулахад би очоогүй”

urug.mn сайт “Хөрөг” нэвтрүүлэгтээ МУГЖ И.Одончимэгийг урьж оролцуулжээ. Түүнтэй “Жүжигчин хүний үнэ цэнэ”, “Амьдралын мөн чанар”-ын талаар ярилцжээ.

Жүжигчин хүний үнэ цэнэ

И.Одончимэг: “Жүжигчин хүний ажлыг маш амар , хялбар гэж ойлгодог хүмүүс их байна. Харахад их амархан , бэлдчихсэн зүйлс үзүүлээд байгаа мэт харагддаг. Энэ хүрэх хэмжээнд яаж ажилласныг хүмүүс шүүж тунгаадаггүй учраас уран бүтээлч хүмүүсийн ажлыг их амарханаар ойлгож , эд нар жаргаж мөнгө олдог , цэнгэж амьдардаг гэж ойлгодог. Гэтэл үгүйлдээ. Маш хүнд. Хар ажил гэж хэлдэг. Сард хэдэн удаа уйлж байна , сард хэдэн удаа хашгичиж , бачуурч байна. Зүв зүгээр байгаа энэ оюун тархи , мэдрэлээрээ хэдэн удаа тоглож байна , зүгээр байгаа энэ зүрхийг хэдэн удаа савлуулж байна, энэ бол хүнд төрлийн хар ажил.”

И.Одончимэг: “Маш их зүрх сэтгэл, оюун тархи , амьдралаа золиослон амьдарч байгаа манай уран бүтээлчид хэлэхгүй боловч маш их амьдралын золиосыг үүрч яваа хүмүүс. Би “Ромьёо Жульетта”-д тоглож байхад , гурван цаг гаруй хугацааны жүжиг , маш их стресстэй , хүн харахад уйлдаг, шаналдаг , салдаг, хагацдаг эмгэнэлт жүжгийн оргил дүр шүү дээ. Тэр жүжигт би тоглож байхад үснүүд минь энэд тэнэдгүй халцарч унаж байсан. Тэгэнгүүт би мэдрэлийн эмчид үзүүлэхэд , энэ жүжигт тоглохгүй , хоёр жил завсарла гэж байсан. Тэгэхэд нь , “үгүй ” завсарлаж болохгүй. Театрын маш чухал жүжиг учраас чөлөө авахгүй тоглосоор байгаад , 3 жилийн дотор үс маань гүйцэт ургаж байсан. Тэгэхдээ ингэж зовж , жаргахдаа өөрсдөө дуртай. Үүнийгээ сонгосон учраас хэзээ ч ялархаж байгаагүй. Түүнийгээ хэзээ ч өвчин , зовлон гэж бодож байгаагүй.”

И.Одончимэг: “Туулсан амьдрал , бүтээсэн уран бүтээлүүдээ бодоход өдий болтол би зүгээр яваад ирээгүй. Энэ хооронд хайртай олон хүнээ алдсан. Манай мэргэжил хагас цэргийн диктатуртай ажилладаг. Ганцхан би биш маш олон жүжигчид ээж , аавыгаа сэхээнд байхад энд байж л байдаг. Үзэгчдийг хүндлэх ёстой. Хамтын хөдөлмөр байдаг учраас хамт олны хөдөлмөрийн хүндэтгэх ёстой гэдэг үүднээс өөрийн хувийн амьдралаа золиосолдог. Би ч гэсэн аавыгаа сэхээнд ороод , хүн бүр ирээд салах ёс хий гээд дуудуулахад би очоогүй. Би энд жүжигтэй байсан. Би энд уйлаад л , тайзруугаа гараад л… Гэтэл би айлын хамгийн том охин. Миний ээж осолд ороод бүх мөч нь хугараад , шороо тоос холилддог бүх юмтайгаа холилдсон , тэнд охин хүүхэд хэрэгтэй байгаа. Тэнд эмэгтэй хүн , би л хэрэгтэй байгаа юм. Тэгтэл охин нь яагаад ирэхгүй байгаа юм бол оо гээд гэмтлийн эмнэлэгийнхэн гайхаж байсан гэсэн. Маргааш нээлттэй учраас өглөөнөөс орой хүртэл бүх сургуулилтаа дуусгачихаад , орой орж ирэхэд ээжийнхээ харцнаас яг намайг л хүлээж байсан юм байна гэдгийг нь шууд ойлгосон. Ороод л би хувинд бүлээн ус , алчуур хийгээд , ээжийнхээ бүх юмыг цэвэрлэхэд , ээж юу ч дугараагүй. Би “Яана аа ээж маань надад маш их гомдож байгаа болов уу , гомдоод л дугарахгүй байгаа юм болов уу” гэж бодож байсан. Тэгээд ээждээ “Ээжээ та… гээд хэлэхийн завдалгүй ээж маань хэлэхдээ “Юу ч битгий ярь, би чамайг ойлгохгүй бол хэн ч чамайг ойлгохгүй” гэж хэлж байсан. Тэгээд надад “Баярлалаа миний охин, охин үртэй байх ямар сайхан юмбэ. Ерөөсөө санаанд ортол хэн ч цэвэрлэж өгөөгүй.Чи л санаанд ортол ээжийгээ цэвэрлэж өглөө.” гэж хэлж байсан. (Уйлав). Тэгээд л би эргээд шөнө нь бэлтгэлдээ буцаад явж байсан.”

Амьдралын мөн чанар

И.Одончимэг: “Хүн сэтгэл санаа тайван амьдрах л амьдралд маш чухал юм байна. Хүн ер нь тавин нас хүрсэний дараа өөрчлөгддөг юм байна. Тэр олон сайхан хувцасыг авсандаа аваад орохгүйгээс хойш , амьдрах байр 5 тасалгаатай байна уу, 8 тасалгаатай байна уу чухал биш , яг надад хэрэгтэй , яг л болчихсон , надад үүнээс илүү зүйл хэрэггүй юм байна гэдгээ маш их ойлгож эхэлдэг юм байна. Ингээд ирэхээр ач холбогдол өгөх зүйл өөрчлөгдөж эхэлдэг юм байна. Ерөөсөө л эрүүл байх шиг жаргал алга.” хэмээх энэхүү ярилцлагыг өгчээ.

Эх сурвалж: urug.mn