О.Үржинханд: Ялагч болсон мэдээг сонсоод шууд дүү маань нүдэнд харагддаг юм билээ.

Дүүгийнхээ гэр бүлийн эрүүл мэнд , элэг бүтэн амьдралын төлөө өөрийгөө дайчилж , өөрийгөө ялсан түүнийг zarig.mn сайт онцолжээ. Сэрээ булчирхайн хорт хавдар гэх ховорхон тохиолдох өвчинөөр оношлогдсон дүүгээ, ээжийгээ хүлээх гуравхан настай охиныг хараад тэрээр туслах юмсан гэсэндээ Anukhai’s fitness show-нд оролцохоор болжээ. Учир нь нэвтрүүлэгт түрүүлвэл дүүгийнхээ эмчилгээний зардалд бодит хувь нэмэр буюу 20 сая төгрөг хожих боломжтой байсан учраас тэрээр бүх дугаарын туршид хичээнгүйлж өөрийнхөө бүхий л нөөц бололцоог гаргажээ. Тэрээр нийт 18 кг хасаж нэвтрүүлгийн ялагчаар шалгарсан юм.

Сэтгүүлч: Анухай фитнесс шоунд анх орохдоо таны хувьд өөртөө ямар зорилгыг тавьж орсон бэ?

О.Үржинханд: Нэвтрүүлгийн урилга ирэхэд дүүгийнхээ эмчилгээний зардалыг 20 сая төгрөгөөр ч гэсэн ахиулъя гэдэг зорилготой орсон байгаа. Энэ зорилго бол хамгийн туйлын зорилго ч гэлээ наанаа бас өөрөө өөртөө тавьсан өөрийгөө ялах , хэр хүчтэй эмэгтэй вэ гэдгээ харах зорилго мөн байсан.

Сэтгүүлч: Тэмцээнд ороод явж байхдаа голд нь та шантрав уу?

О.Үржинханд: Шантралгүй яахав , ээ бурхан минь. Үнэхээр хэцүү байсан. Өмнө яг өөрийнхөө тааваар байдаг байсан. Дуртай юмаа аваад идчихдэг , бараг дасгал хийдэггүй хүн байсан. Тэгтэл гэнэт дуртай юмнуудаасаа 100 хувь татгалзаад , тэгээл гэнэтхэн хүнд дасгалууд ороод ирэхээр эхлээд сэтгэлзүйгээрээ байхгүй болдог юм билээ. Тэгсэн хэдий ч сэтгэлзүйч маань надад маш их дэм болсон. Анухай багш маань бас их эрч хүч өгдөг байсан. Өөрөө ноён эмэгтэй гэдгээ мэдэж байгаа биздээ гээд надад хүч өгдөг байсан. Нээрээ л би чинь тийм сайхан кинонд тоглоод ард түмэндээ ноён эмэгтэй гээд хэлүүлсэн ийм хувьтай хүн шүү дээ гэж бодоол шүд зуугаал босдог байсандаа.

О.Үржинханд: Энэ хорвоод төрөхдөө би ер нь хүний төлөө байсан юмуу. Ер нь би хүний төлөө сэтгэл зүрх, бие махьбодио зориулж байсан юмуу , хүний төлөө байж үзэх юмсан бодол надад их байдаг байсан. Гэвч хүссэн юм хүзүүгээр татна гэдэг шиг миний ганц эрэгтэй дүүгийн маань хань ийм айхтар өвчин туссан. Тэгээд дүүгийнхээ төлөө өөрийн чадах , хаа хүрээд Үржээ зогсдог юм тэр хүртэлээ бүх юмыг даван туулна гэж би бодож байгаа.

Сэтгүүлч: Түрүүлээд зогсож байгаа таньд ямар бодол төрж байв?

О.Үржинханд: Ялагч болсон мэдээг сонсоод шууд дүү маань нүдэнд харагддаг юм билээ. Тэгээл дотроо эгч нь чадлаа шүү дээ , эгч нь чамд хэлсэн амандаа хүрлээ шүү дээ , миний дүү ёстой энэ муухай өвчинийг ялан дийлж чаддаг юмшүү гээд дотроо бодсон. Гараад 2 дүүрүүгээ видьёокалл хийгээд эгч нь чадчихлаа гээд уйлсан чинь , тэр хоёр маань бас баярлаад уйлсан.

Сэтгүүлч: Хөвгүүд нь яаж угтаж авсан бэ. Таны хувьд гэр нь Архангайд байдаг тэ? Хөвгүүдтэйгээ уулзаад ирсэн байх.

О.Үржинханд: Бөөн баяр. Тэврээл угтсан. Тэврээл намайг өргөөл эргүүлсэнээ пээх ямар хөнгөхөн болоо вээ гэсэн. (инээв). Манай хүү чинь боксоор хичээллэдэг тамирчин хүүхэд. Тэгээд хувиараа бас надад хөөрхөн зөвлөгөө өгдөг байсан. За ээж минь дасгал хөдөлгөөн нь яаж байна, хоол ундаа яаж байна гээд л их хөөрхөн.

О.Үржинханд: Чиний амжилтын үндэст чиний жин шууд хамааралтай гэдэг үг их үнэн. Зүгээр нэг ажил мажил бүтээх гээд хүн амьтантай уулзахад бол бүр шал өөр харьцдаг. За алив чи нэг ороодхоо гээд туранхай найзыгаа оруулахаар аягү сайхан бүтээд гараад ирдэг. Жингийн асуудал ялангуяа дэлгүүрт маш мэдрэгддэг. Бид нар чинь эмэгтэй хүмүүс тэгээл гял цал , нарийхан хувцасыг аваад өмсчихмөөр байдаг. Яахав өөрийгөө хүн чинь сайн мэдэхгүй ш дээ. Яг үнэндээ арайч ийм бондгор биш байх гэж боддог. Тэгээл энэ хэд вэ гээл худалдагчаас барьж очоод асуухаар нөгөө худалдагч эгч маань хөмсөгөө зангидсанаа чамд таарахгүй ш дээ гээд их муухай хэлдэг. Юу ч гэсэн өмсөөд үзчихье гээд гуйхаар үгүй ээ чамд таарахгүй гээд ууралдаг. Тэр болгоноос жаахан урам хугардаг.

Сэтгүүлч: Одоо ингээд гоё турчихсан юмчинь ямар дүрд тоглохыг хүсэж байгаа вэ

О.Үржинханд: Анухай багш дасгал хийлгэж байх үедээ ЗА ҮРЖИН ГУАЙ наад дасгалаа олигтой хий. Өөрөө гоё турчихвал +21-т тоглоно гэдгээ мэдэж байгаа биз гэдэг байлаа. (инээв). Би чинь их эршүүд хүншүүдээ. Тэгээд хичнээн галбирлаг биеийг урласан ч гэлээ найруулагч нар намайг эмэгтэй нүдээр харлаа юу гээд дотроо өөрийгөө шоолно инээдтэй. Тэгэхдээ надад дандаа л нэг ааштай авгайн дүрүүд их ирдэг , одоо бол надад тийм ааштай авгайн дүр ховорхон ирэх болов уу гэж бодож байна. Жингээ дахиад бууруулнаа. (инээв.)

О.Үржинханд: “Аз жаргалд хүрнээ гээл бид өдөр бүр завгүй ажиллаад л байдаг , гэвч аз жаргал чинь яг одоо , яг өнөөдөр юмаа. Өнөөдөр эрүүл байна , аав ээжтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ ингээд байгаа чинь аз жаргал юмаа. Аз жаргалд хүрэхийн тулд амьдрах биш , өдөр бүрийн амьдралаасаа аз жаргалыг мэдэрч байх нь чухал.”

Эх сурвалж: zarig.mn