
Нүдний контур шивүүлсэнээс болж нэг эмч дээр гэхэд л 7 хоногт 3-4 хүн ирж байна
Сүүлийн үед контур шивүүлэхээр ирж байгаа хүмүүсийн дунд давхраагаа хэтэрхий гүн хийлгүүлсэнээс болж зовхины дотор талын бага зэрэг сөхөгдсөн хэсгээ далдалахын тулд давхарлаж контур шивүүлэх тохиолдол гардаг байна. Тэгвэл энэ нь хамгийн буруу арга гэж мэргэжлийн нүдний эмч зөвлөж байна. Шивээсийг зөвхөн хүний арьсан дээр хийж болдог ба салстан дээр хийх нь маш эрсдэлтэйд тооцогддог. Ур чадвар муутай хүнээр контур шивүүлээд нүдээ гэмтээсэн гэх шалтгаанаар 7 хоногт 3-4 хүн Ж.Батсайхан эмчийг зорин ирдэг байна.
Хосбилгүүн эмнэлэгийн Ерөнхий эмч , Анагаах ухааны доктор Ж.Батсайхан: “Анатомыг нь буцааж хэвийн байдалд оруулж засуулахын оронд харин ч бүр дээр нь нэмээд чөлөөт эрмэгэн дээр нь сорви үүсгээд нөгөө тосны булчирхай онгойж байдаг нүхнүүдийг нь сорвиор бөглөөд ингэж энэ асуудлыг шийднэ гэж байгаа бол энэншиг ийм эндүүрэл байж болохгүй. Давхраа хийлгэсний дараах асуудлыг шивээсээр засна гэдэг байж болшгүй зүйл. Контурыг бол давхрааны ёроолоор буюу сормуусны гадна талаар шивэх ёстой байтал манайхан салструу нь оруулж шивээд байна. Тиймээс нүдийг чийгшүүлж байдаг булчирхайн нүх сүвүүд дээр нь шивчихээр сорвижилт нь бөглөөд түүнээс улбаалаад насан туршдаа хуурай нүдний асуудал үүсдэг. Мөн контурыг шивэхдээ нүдний эвэрлэг дээр чанга дарж шивдэгээс болоод буцаагаад нүдээ нээх үед эвэрлэг буюу тунгалаг хальсны өнгөн хэсэг шалбалагдаад , хуулагдаад тухайн хүн маань 2 дахь өдрөөс нь нүдээ нээж чадахгүй , мөн нэмээд нүдний бүрэн бүтэн байдал алдагдаад , агаарын бактер вирусын халдвар авч үрэвссэн өвдөлттэй хүмүүс орж ирж байна. ” гэлээ.
Эх сурвалж: MNC телевиз