
Бага болон дунд ангийн хоёр багшдаа тус бүрд нь 2 өрөө байр бэлэглэжээ
Нийслэлийн ЕБ-ын 1-р сургуулийн 100 жилийн ойг угтсан төгсөгчдийн уулзалт өнгөрөгч Бямба гарагт болжээ. Энэ үйл ажиллагааны үеэр бага болон дунд ангийн хоёр багшдаа тус бүрд нь 2 өрөө байр бэлэглэсэн төгсөгч Б.Бат-Эрдэнийн талаарх мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татсан билээ. Түүнтэй gogo.mn сайт холбогдож дараах ярилцлагыг авчээ.
Сэтгүүлч: Юуны түрүүнд манай уншигчдад багш нараа танилцуулна уу?
Б.Бат-Эрдэнэ: “Намайг 2001 онд нэгдүгээр ангид ороход Д.Гэрэлмаа багш биднийг хүлээн авч, манай ангийн багшаар дөрвөн жил ажилласан. Тухайн үед 11 жилийн хөтөлбөр хэрэгжиж, зургаадугаар ангиасаа Х.Батцэцэг багшийнхаа ангид элссэн. Хоёр багш маань миний хамгийн их хайр, хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүн юм”
Сэтгүүлч: Багш нарыгаа баярлуулах тухай хэзээнээс бодсон бэ. Зарим хүн хувиасаа байр бэлэглэсэн гэхэд итгэхгүй байх шиг санагдсан
Б.Бат-Эрдэнэ: “Намайг нэгдүгээр ангид ороход аав, ээж маань хөдөө ажиллахаар Монголын баруун хязгаар болох Ховд руу явсан. Аав, ээжийг явснаас хойш би 90, 70 настай хоёр эмээ, эгчтэйгээ амьдардаг байсан. Энэ үед аав, ээж минь хажууд минь байгаагүй. Хайр, халамж дутагдсан орон зайг маань хоёр багш маань нөхөж өгсөн юм. Би есдүгээр анги хүртлээ Нэгдүгээр сургуульдаа сурч байгаад шалгалт өгч тэнцээд АНУ руу сурагч солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, дунд сургуулиа төгссөн. Багш нар маань намайг эрхлүүлнэ, загнана, хайрлана. Аав, ээжийг маань орлож аав, ээж болсон багш нарынхаа ачийг сэтгэлдээ тээж явсаар өдийг хүрсэн. Ямар нэг байдлаар багш нартаа чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлнэ хэмээн өөртөө зорилго тавьсан нь 15 жилийн дараа биеллээ оллоо. Би илүүдээ гарсан боломжтойдоо биш, боломжийг бий болгож энэхүү бэлгийг багш нартаа барьсан гэдгийг тодотгон хэлмээр байна.”
Сэтгүүлч: Нууц биш бол та ямар ажил эрхэлдэг вэ?
Б.Бат-Эрдэнэ: “Би 2018 оноос бизнесийн салбарт хөл тавьж, барилгын материалын худалдаа хийж эхэлсэн. Цар тахлын үед барилгын салбар уналтад орж, зогсолттой хүнд үеийг бид тууллаа. Манай сургууль Монголын хамгийн анхны дунд сургууль. 100 жилийн ой нь удахгүй тохиох гэж байна. Тиймээс энэ баярыг нь тохиолдуулж багш нарыгаа баярлуулах нь миний гол зорилго болсон юм.”
Сэтгүүлч: Багш нартаа шууд нүүж орох боломжтой байр бэлэглэсэн үү?
Б.Бат-Эрдэнэ: “Сонголттой. Миний хэрэгжүүлж буй төслийн дагуу Зайсанд баригдах барилгын эхний блок 2023 онд ашиглалтад орно. Мөн барилгын материалын бартерт авсан бэлэн байрууд ч бий. Багш нар маань “Хүүгийнхээ өөрийнх нь барих барилгаас авна” гэж сонголтоо хийсэн.”
Сэтгүүлч: Шавиасаа санаанд оромгүй бэлэг аваад багш нар нь маш их баярласан байх
Б.Бат-Эрдэнэ: “Тэгэлгүй яах вэ. Аав, ээж, өвөө, эмээ, гэр бүлийнхнийгээ баярлуулна гэдэг маш сайхан. Үүнтэй адил анх “А” үсэг заасан багшаа баярлуулах мэдрэмж үнэхээр гоё. Энэ олон жилийн хугацаанд хүүхдүүдэд хичээл зааж, тэдний төлөө зориулсан хөдөлмөрийг үнэлэхэд хүрэхгүй ч миний хувьд хамгийн гоё бэлгийг барихыг хүссэн. Багш нар маань хөл нь газар хүрэхгүй баярласан.”
Сэтгүүлч: Та хоёр багшаасаа зөвхөн хичээл гэлтгүй, амьдралын мартагдашгүй хичээлийг мөн сурсан байх гэж бодож байна. Таны хүүхэд насанд үлдсэн багш нарынхаа талаарх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
Б.Бат-Эрдэнэ: “Хүүхэд байхад аав, ээж маань хамт байдаггүй байсан болохоор дотроо гомдож, туньдаг байлаа. Д.Гэрэлмаа багш маань хатуу, зарчимч хэрнээ маш энэрэнгүй хүн. Бага ангид багш маань биднийг ангийн зугаалгаар дагуулж явсан юм. Хоёр эмээтэйгээ амьдардаг хүүхэд чинь зугаалгад хоол унд бэлдэж авч явж чадахгүй. Ангийн хүүхдүүд хоолоо авчирчихсан идэж байлаа. Би тэр үед жаахан гомдоод, урвайчихсан, уйлаад сууж байтал багш маань намайг зоригжуулж байсан юм. “Миний хүү өнөөдөр хоолтой ирээгүйдээ битгий гутарч шанал. Ирээдүйд чи ийм хоол байтугай том зүйлийг бүтээж чадна” гээд намайг хооллож байсан. Энэ дурсамж миний сэтгэлээс ерөөсөө гардаггүй. Х.Батцэцэг багш маань шударга, зарчимч, эмоци ихтэй хүн. Баярлахаараа хамгийн сайхан аз жаргалаар баярладаг. Хүүхдүүд учраас хэрэг тарина. Багшийгаа гомдоох үйлдлүүд ч хийдэг байлаа. Тэр болгонд багш маань үгээрээ биднийг ичтэл хэлж, ойлгуулж ухааруулдаг байв. Хэзээ ч бидэнд гар хүрч байгаагүй ч багшийн үг бидэнд их зүйлийг сургасан. Хүн шударга байснаар хождог гэдгийг Х.Батцэцэг багш маань харуулдаг. Бид нар хэрэг тарьж, ангийнхаа хүүхэдтэй зодолдсон. Багш маань тэгэхэд “Чи өнөөдөр хүнтэй зодолдоо. Маргааш өөр яах юм. Аав, ээж чинь хамт байхгүй байлаа гээд ааш зангаа ингэж эвдэж болохгүй. Өнөөдөр зодолдсон найз чинь ирээдүйд чамд тус хүргэж, чамайг хайрладаг анд нөхөр болж ч болно. Яагаад найздаа ингэж хандав” гээд аавын минь оронд аав шиг загнасан. Үүнээс би их зүйл ойлгосон. Энэ дурсамжийг ч мартдаггүй. Хоёр багш маань миний амьдралд ямар гайхалтай, эерэг нөлөө үзүүлснийг ярья гэвэл маш олон түүх бий. Тэдний надад гаргасан сэтгэл, хайр халамж агуу байсан юм. Миний хоёр багш мэргэжилдээ хамгийн мундаг нь.” хэмээн ийнхүү ярилцлага өгчээ.
Эх сурвалж: gogo.mn