
Уртын дуучин Б.Батцэцэглэн өөрийн сайхан үснийхээ талаар дараах зөвлөгөөг өглөө
Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин , Уртын дуучин Б.Батцэцэглэнг авъяас чадвар төдийгүй үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйгээр нь Монголчууд бид мэдэх билээ.
Дөрвөн охинтой айлын хамгийн бага охин тэрээр багаасаа эмнэг сургах , мал хариулах гээд хөдөөний олон төрлийн ажлыг хийж өссөн бөгөөд эмээ нь анх ардын дуу зааж өгсөнөөр дуучин болох гарааг нь эхлүүлсэн ажээ. Говийн уудам цэлгэр орчинд өссөн нь түүнд ардын бөгөөд уртын дуу дуулахад маш ихээр нөлөөлсөн гэдэг.
Хөдөлмөрч , авъяастай , үзэсгэлэнт бүсгүй маань мөн уран гартай үйлчин бүсгүй ажээ. Өөрийнхөө ихэнх дээл, хувцасыг төдийгүй зүүх бүсээ ч хүртэл өөрөө урлаад өмсөөд, зүүчихдэг гэнэ.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул тэрээр “Миний уран бүтээлийн ард энэ сайхан нутгийн минь уул ус, ард түмнийх нь буян заяа түшээстэй бий” хэмээн хэлэх дуртай.
Тэрээр хэлэхдээ “Дунд сургуулийн сурагч байхдаа л дээл оёж сурсан. Эмээтэйгээ өссөн минь дээл урлахаас эхлээд хөдөлмөрч чанарт сургасан гэж боддог. Тиймээс зүгээр суух дургүй. Ер нь тоглолтын хувцсаа өөрөө ихэвчлэн урладаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд ажлын ачааллаас шалтгаалаад загвар, санаагаа хэлээд төрсөн эгчээрээ оёулдаг болсон.” хэмээн ярилцлага өгч байжээ.
Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн уран бүтээлч бүсгүй маань сайхан үс , зүсээрээ бусдын харааг булаадаг нэгэн билээ. Тэрээр хүмүүс ийм сайхан өтгөн , урт үснийх нь арчилгааны талаар их асуудаг бөгөөд тэрээр ийнхүү зөвлөгөөг өгчээ:
Тэрээр зөвлөхдөө: “Бага байхад эмээ маань “үс сайн ургадаг юм” гээд малын нурууны сээр болон хүзүүнд байдаг урт шар эд буюу малын шил их сэмлүүлж идүүлдэг байсан . Эмэгтэй хүн идэхэд сайн. Үс хумсанд сайн гэдэг байсансан. Бас ойр ойрхон үсээ угаах дургүй, 3-4 тэрнээс ч их хонож байж угаадаг. Их угаах тусам үс өөрийнхөө эрдэс, чийгийг алддаг юм шиг санагддаг. Жаахан тослогтвол түүнийгээ нуух олон төрлийн сүлжээс, үсний боолтнуудаар боох боолтыг сурах нь зүгээр байдаг шүү.” хэмээх өөрийн зөвлөгөөг хэлсэн юм.
Мөн түүний сошиал хуудсандаа өгсөн дээрх зөвлөгөөн дээр нэгэн хүн ийнхүү коммент үлдээжээ: “Үснээс өөрөөс нь ялгарах тос, эхийн сүүг орлох химийн элемент одоогоор байхгүй байдаг юм байна. Тиймээс аль болохоор өөрийнх нь тосонд удаан байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бага угаах гэсэн үг л дээ” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Уртын дуучин Б.Батцэцэглэнгийн өөрийн албан ёсны сошиал хуудас , urug.mn ,