Л.Өнөрчимэг: Би ядруу явах үедээ ч муухай хувцаслаагүй, аль болох галтай цогтой байхыг хичээдэг

Л.Өнөрчимэг гэх гоц авъяас төдийгүй ганган дэгжин , эрч хүчтэй , галтай цогтой , цайлган цагаан сэтгэлтэй бүсгүйгээр нь Монголчууд бид сайн мэдэх билээ. Түүний zarig.mn сайтын “Та завтай юу?” хэмээх нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа хэлж байсан түүний үзэл бодлыг төдийгүй түүний үргэлж өнгөлөг , дэгжин байж чаддагыг илэрхийлэх сайхан зургуудаас хуваалцая.

Сэтгүүлч: Та түрүүн дээд оргилоосоо хамгийн доод түвшинд очиж амьдарч байлаа гээд хэлсэн. Та тэгж доошоогоо унахад өвдсөн үү, хэр өвдсөн бэ?

Л.Өнөрчимэг: Маш хэцүү. Миний залуу насанд миний авъяас Оросод , Тувад , Бээжинд , Хонгконгод үнэлэгдсэн бол би байртай , машинтай , орлоготой , менежертэй , гэрийн үйлчлэгчтэй гээд л амьдрал цэцэглэж байгаа шүү дээ. Гэтэлд Монголд их хэцүү. Орлогогүй. Багшлая гэхээр заавал хахууль өгч байж орно. Зураачийн хөдөлмөр үнэндээ Монгол улсад үнэлэгддэггүй. Байнгийн тогтмол орлогогүй байна гэдэг хэцүү.

Л.Өнөрчимэг : Сүүлдээ аргаа бараад өөрийн хөрөнгөө зарж эхэлдэг. Би бол их гундаж явсан үе бий. 4 өрөө байр маань  3 өрөө болоод , 3 өрөө маань 2 өрөө болоод , 2 өрөө маань 1 өрөө болоод , 1 өрөө маань хашаа байшин болоод, хашаа байшин маань хоосон хашаа болоол сүүлдээ гэр оронгүй гундах үе тулгарахад дагаад аав ээж , ах дүү нар маань ч гундаж явсан. Тэгэхдээ эргээд бид босож чадсан л даа.

Л.Өнөрчимэг: Эдийн засгийн хувьд хэцүү байснаас илүү хамгийн хэцүү нь хүмүүс дооглоно , шоглоно , муу хэлнэ , гүтгэнэ. Хүмүүс хэмх гишгэдэг. Найз нөхөдгүй болдог. Манай Монголчууд харамсалтай нь нэг унасан хүнээ өшиглөөд хаячихдаг. Мянга сайн юм хийсэн дунд нэг л муу зүйл хийхэд тэрэн дээр гишгэдэг. Би ийм зүйлийг үзсэн.

Л.Өнөрчимэг : Их хэцүү байсан. Тийм үед амьд эрмэлзэлгүй болчихдог. Тэгэхдээ би тэгж их унтараагүй. Би авъяасаа хаяагүй, би нэг ч муухай хувцаслаагүй , би аль болох галтай цогтой байхыг хичээсэн. Хичнээн нулимстай байсан ч би байгаагаараа л байж чадсан.

Сэтгүүлч: Та иймэрхүү амьдралд нь тохиосон хүнд үеүдээ яаж давж байсан бэ?

Л.Өнөрчимэг: Би хүнд үеээ хүмүүсийн тусламжтайгаар даван туулж байсан. Миний нулимсыг хүмүүс арчиж байлаа. Хоолоо хувааж идэж байлаа. Танихгүй хүмүүс хүртэл гэртээ түр байлгаж байлаа. Эгч нь ийм юм туулж байлаа. Хүнгүйгээр хүн давахгүй юм билээ. Сайхан сэтгэлтэй энгийн ард түмний гоё урамын үг , сайхан сэтгэлийн туслалцаа надад их тусалсан даа

Сэтгүүлч: Та хэн нэгэнд сэтгэлийн үгээ хандаж хэлээчээ гэвэл хэнд хандаж хэлэх вэ?

Л.Өнөрчимэг: Би хүүдээ хэлье. Миний хүү биеэ сайн бодоорой. Ажил, амралтаа зохицуулаарай. Ээж нь хүүдээ баярлаж , ээж нь гялалзаж явж байхад миний хүү алзахгүй шүү. Ээж нь өөрөө сайн явахад хүү минь алзахгүй гэж ээж нь үргэлж бодож яваа шүү. Ээж нь урт наслаж , удаан жарганаа. Тиймээс миний хүү ажил , эрүүл мэнд, амьдралаа сайн зохицуулж яваарай. Мөнгөнөөс илүү хүнд эрүүл мэнд л чухал байдаг юм. Хэтэрхий их ажиллаад ядраад биеэ хаях вий гэж ээж нь захиж хэлмээр байна.

Л.Өнөрчимэг: Ээж нь ард түмэнтэйгээ байгаа болохоор ганцаардахгүй , ард түмэнтэйгээ бүр нэг гэр бүл болчихсон , огт ганцаардахгүй сайхан байдаг. Тийм болохоор миний хүү ээжийгээ ганцаардаж байна гэж битгий санаа зовоорой.

Мөн түүний өөрийн сошиал хуудсандаа хэлж байсан сайхан үгээр нийтлэлээ өндөрлөе.

Л.Өнөрчимэг: “Сайхан хувцаслаж , биеэ сайхан авч явах нь өөрийгөө хүндлэх соёл болохоос, өмссөн зүүснээ бусдад гайхуулж байгаа хэрэг биш. Биеэ сайхан авч явдаг хүн цаанаа л нэг хүчирхэг харагддаг . Нас ахих тусмаа л илүү ихээр сайхан хувцаслаж , өөрийн үнэ цэнээ эрхэмлэж явах ёстой юм .Ялангуяа эмэгтэйчүүд бид. За тэгээд ганц витамин өөртөө зориулж авахаас л эхлэнэ шүү дээ”

Эх сурвалж: zarig.mn