Торны цаадах , хүний нялх үрийн аврал эрсэн харц

Хэдэн оных нь үл мэдэгдэх нэгэн бичлэг сошиалаар явах юм. Ямартай ч нэлээд хэдэн жилийн өмнө л юмшиг байна. Тус бичлэг шоронд байгаа хүүхдүүдийг харуулах аж. Тэд нар дундаас насаар хамгийн бага нэгэн хүү ийнхүү ярих ажээ:

Бид нар ТҮЦ-нээс ундаа уугаад сууж байсан чинь манай нэг найз ирээд би нэг юм хулгайлчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр найзыгаа яаж байгаа юмбэ гэсэн чинь тэр зүгээрээ гэж хариулсан. Тэгээд бид нар ундаагаа уучихаад , шилээ өгчихөөд тэр найзыгаа дагаад хойшоо орцруу ороод үзсэн чинь гар утас хулгайлсан байсан. Тэгээд тэр утасыг бид нар ТҮЦ-нд 5000 төгрөгөөр өгсөн юм.

Тэр 5000 төгрөгөөр авсан ТҮЦ-ний ах бидэнд хэлэхдээ зүгээрээ , баригдсан ч яаахчгүй гэж хэлсэн. Маргааш нь бид нар ТҮЦ-ний хажуу талд модоор байлдаад тоглож байсан чинь цагдаа нар бариад авсан.

Тэгээд яг хулгай хийсэн манай найз эмэгтэй байцаагч дээр очоод би аваагүй , энэ хүүхдүүд авсан гэж худлаа  хэлчихээд , бие заслаа гэж худлаа хэлээд зугтаад алга болчихсон.

Намайг энд эмчид үзүүлж байхад тэр эмч хэлэхдээ чиний хэрэг бол хуулийн тэр заалт гээд нэг заалт хэлсэн. Би түүнийг нь мэдэхгүй болохоороо өрөөнийхөө ахаас асуусан чинь хамгийн дээд тал нь 8 жил , хамгийн доод тал нь 3 жил гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би маш их айсан. (уйлав)

Ийм битүү өрөөнд нойр ч хүрдэггүй. Цаг маш удаан явдаг. Тэгээд байнга л доошоо сууж байх ёстой. Манай гэрээс хүн ирж байцаагчтай уулзахгүй байгаа. Уг нь цагдаа надад хэлэхдээ хүн ирж уулзвал намайг гаргаж магадгүй гэсэн. Даанч ерөөсөө ирэхгүй байгаа. Тэд тэгэхдээ намайг энд баригдсан гэдгийг мэдээгүй л байгаа байх. Би эндээс гарахыг л маш ихээр хүсч байна” хэмээн ийнхүү ярих энэ бяцхан хүүг хараад үнэхээр зүрх зүсэгдэм…

Шо.ронгийн тэр чанар муутай багахан хоолыг идэж дуусаад аягаа чигтэйхэн долоож байгаа хэсэг бас л өр өвтгөм юм.

Тухайн үедээ энэ хүүхдийн хэрэг шудрага шүүгдсэн байгаасай л гэж залбирмаар байна. Мөн энэ хүү одоо хаана юу хийж яваа бол? Олох юмсан…