
Хөгжилтэй хөөртэй Томоко бүсгүй гэж хэн бэ?
ТОМОКО-г Монголчууд хэдийнээ мэддэг болжээ. Тэр зөгийн аж ахуй эрхэлж бүтээгдэхүүнээ “Михачи” гэж нэрлэсэн. Япон бүсгүй энтертайнмент төрлийн олон контентуудын зочиноор уригдаж, твиттер, фэйсбүүк гээд нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч болж Монголчуудад танигдсан билээ.
Түүнийг Ибүкүра Томоко гэдэг. Тэр Монголд ирээд 20 гаруй жил болж байна. Анх 1996 онд ирсэн ч 1999 оноос хойш тогтмол амьдарч байгаа ажээ. Түүний нөхөр Монгол хүн, түүний охин бас Монголын иргэн, Монгол хүн юм.
Eguur.mn сайтын 2022.04-р сард түүнтэй ярилцсан ярилцлаганаас хүргэе.
Сэтгүүлч: Ажил төрөл нь хир байгаа вэ?
И.Томоко: Жаахан тааруухан гарлаа. Үхсэн бүл ихтэй. 40 хувийн зөгийгөө алдсан. Шалтгаан нь юу вэ гэхээр зөгийн дээр суудаг хачиг гэж амьтан байдаг. Сордог. Зөгийнүүд хачиг ихтэй гараад ирлээ. Тэрнээс болсон юм шиг байна. Яагаад ийм асуудал үүсдэг вэ гэхээр хачигны эмчилгээ хийх монголд зарагдаж байгаа зөвшөөрөлтэй зөгийний эм ганцхан байдаг. Тэр нь сайн үйлчилдэггүй юм.
Сэтгүүлч: Цаашдаа өөр шийдэл байна уу? Дахиад энэ эрсдэл гарах уу?
И.Томоко:Жилээс жилд энэ хачиг эмэнд тэсвэртэй болоод байна. Дэлхий нийтэд тулгамдсан асуудал юм. Ихэнх өвчнийг хачиг дамжуулдаг. Тэгэхээр өөр арга бодох хэрэгтэй. Эмийн болон эмийн бус арга бас олон төрлийн эм оруулж ирэх хэрэгтэй юм байна. Малын эмийн сангуудтай хамтарч ажилламаар байна. Гэхдээ хорхой дээр суудаг хачиг гэдэг чинь царцаа, эрвээхэйд байдаг болохоор дан ганц зөгийд эм өгөөд хэрэггүй. Эргээд нисч яваад аваад ирдэг. Өвөлжөөнд оруулахдаа чадвал устгаад чадахгүй бол багасгаад оруулах хэрэгтэй. Шинэ хачиг ороод ирлээ гэхэд хохирол багатай л туулмаар байна.
Сэтгүүлч: Зөгий ярвигтай ажил уу?
И.Томоко:Гоё ажил. Хүнээсээ л шалтгаалах байх. Дуртай биш бол хийж чадахгү
Сэтгүүлч: Хэчнээн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ?
И.Томоко:Манайх одоо 6 төрлийн зөгийн бал, 18 төрлийн бүтээгдэхүүнтэй. Жилээс жилд борлуулалт ихсэж байгаа. Энэ салбарт нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхээр импортын зөгийн балтай өрсөлдөх. Импортын бал маш хямдхан. Бид нар нэгдүгээрт: үнээ буулгах ёстой, хоёрдугаарт: хуурамч шошго наагаад Монгол гэж зардаг хүмүүстэй тэмцэх ёстой.
Сэтгүүлч: Монголд бизнес эрхлэхэд хэр байна вэ?
И.Томоко:Би Монголоос өөр газар бизнес хийж үзээгүй болохоор харьцуулж мэдэхгүй байна. Гэхдээ харьцангуй уян хатан. Манай салбар их жижигхэн, мэдээлэл багатай байдаг. Яаманд зөгий мэддэг хүн байхгүй. Тэгэхээр бид нар байнга мэдээлэл түгээж, сургалт хийж таниулж, асуудлаа ярих хэрэгтэй.
Сэтгүүлч: Мал дээр бол сүргийн бүтэц сайжруулах гэж ярьдаг. Зөгий дээр сэлгээ хийх, бүтэц сайжруулах ажлууд хийгдэх үү?
И.Томоко:Бусад малтай харьцуулж ярьвал нэг үхрийг нэг хайрцаг зөгий гэж ойлгох хэрэгтэй. 10 мянга зөгий үхэр шиг нэг амьтай. Толгой тархи нь хатан зөгий, хөл гар нь ажилчин зөгий гэсэн үг. Генийн болон маллагааны асуудал байгаа юм. Генийн хувьд бол бид нар хэдэн жилийн түүхээр удам судрыг нь гаргаж ирээд сайн хураадаг бүлээс эхийг дахин гаргуулдаг. Малгайны асуудал дээр бол аль болох нэг бүлд байх зөгийний тоог хэмжээг нэмээд зөв үед нь салгаж, нийлүүлэх арга байдаг.
Сэтгүүлч: Японд газар их хөдөлдөг, цунами ч бас элбэг. Та аав ээж хоёртоо санаа зовдог уу, байнга холбоотой байдаг уу?
И.Томоко:Манай аав Синда гээд цунами ирдэг онгоцны буудлын хажууд ажилладаг байсан. Тэгээд 2011.03.11-нд амарч байгаад гадуур гарчихаад эргэж гэртээ ирээд жиргээнд орсон. Тэгсэн чинь миний дагасан хүмүүс бүгдээрээ газар хөдөлсөн гээд бичсэн байсан. Тэгээд NHK сайт руу орсон чинь газар хөдлөөд Синда руу цунами орж ирж байсан. Аав гурав хоног сураггүй, би үхчихсэн гэж бодсон. Гурав хоног аав үхсэн гэж бодож амьдарсан. Сүүл рүүгээ яасан гэхээр аав яах вэ. Тэнд цэцэрлэгээрээ, сургуулиараа явсан хүүхдүүд урссан болохоор тэд нарын хажууд манай аав амьдарсан юм даа, улсдаа юм хийсэн гэж бодсон. Тэгсэн чинь аав хамгийн сүүлд хамт ажилладаг хүмүүстэйгээ цэргийн яамны хүмүүсийн завиар гараад ирсэн. Би твиттерт энэ цагаас хойш орсон доо. Яагаад гэхээр би тэр үед твиттерт аавынхаа тухай зар бичсэн. Тэгсэн чинь аавын хамаатнууд гараад ирсэн. Хэдэн ах эгч нар. Тэгээд энэ чинь хэрэгтэй хүмүүсийг холбож өгдөг юм байна гэж бодоод идэвхтэй болсон. Манай япончууд хамаатан садансаг биш хүмүүс шүү дээ. Гэхдээ бие биенээ олсон. Монголд бол ах дүүсийн хүүхдүүд дотно байдаг. Гэтэл Японд бол миний огт уулзаж байгаагүй дөрвөн үеэл амьд байгаа.
Сэтгүүлч: Таныг хошин шогийн мэдрэмжтэй гэдэг?
И.Томоко:Хэрүүл хийхээр дагагч өсдөг гэнэ. Дагагч нь өсдөг хүмүүс хэрүүл өдөөд байдаг. Би бол дагагчийн тоо хөөдөггүй. Надад 40 мянган дагагч байгаа. Тэр хангалттай. Зөгийн бал авдаг хүмүүсээс хамаагүй илүү. Ямар улс төрч байгаа биш би тийм олон дагагчаар яах вэ.
Сэтгүүлч: Шүүмжлэлд өртдөг үү. Хамгийн олон удаа сонссон сэтгэгдэл?
И.Томоко:Даварсан Япон байна. Чи энэ сэдвээс дутчих гэж их бичдэг. Би тоодоггүй. Улс төр бичдэггүй. Нийгмийн асуудал дээр бол би хорь гаруй жил Улаанбаатарт амьдарсан хүний хувьд холбоотой, хариуцлагатай байхгүй юу. Сайн нийгэм бүтээсэн бол миний гавьяа байгаа. Муу хот болгосон бол миний буруу бас тэнд байгаа. Тийм болохоор нийгмийн асуудлаас дутахгүй.
Сэтгүүлч: Нийгмийн стресс нийгмийн сүлжээнд, гудамжинд ч их байна. Таныг хамгийн их бухимдуулдаг зүйл юу вэ?
И.Томоко:Хүүхдэд ээлгүй байдал миний сэтгэлийг хамгийн их бухимдуулдаг. Явган хүний замгүй газраар хүүхдүүд явдаг. Тоглоомын талбай дутмаг байна. Агаар муутай. Хүүхдүүдийг өрөвддөг. Миний хүүхэд нас сайхан аз жаргалтай , тайван орчинд өнгөрсөн. Тэгэхээр хүүхдүүдийг ядаж тийм байдлаар өсөөсэй гэж боддог. Би Японд хөдөө амьдардаг байсан. Энэ чинь Монголын хот. Шал өөр л дөө. Гэхдээ л маргааш өнөөдрөөс сайхан амьдарна гэсэн итгэлтэйгээр хүүхдүүд явмаар байна. Маргааш өмсөх хувцас, орох орон, аав ээж хэрэлдэх вий гэсэн айдастай биш. Амар амгалан амьдруулах юмсан гэж боддог.
Сэтгүүлч: Манай компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд ингэж тэгж ажиллаач гэдэг. Та ийм зүйлд оролцож байв уу?
И.Томоко:Сургалтын талаар түрүүн ярьсан. Түүнийгээ хүүхдүүдэд үзүүлнэ. Зөгий их сонирхолтой амьтан. Дээрээс нь хавийн цэцэгсийн тоосыг хүртэж явахдаа ургамлын өөрчлөлтөд их тус нэмэр болдог. Хүүхдүүдэд таниулах өдөрлөг хийнэ. Би ямар нэгэн сайн дурын ажилд оролцох, хандив өгсөн ч байж болно, өгөөгүй ч байж болно. Гэхдээ үүнийг хэнд ч хэлэхгүй гэж бодсон. Компанийн хүрээнд бол хийсэн юмаа бичих ёстой. Хүүхдүүд жаргалтай амьдрахын тулд хэн нэгний сайн дурын хүч хэрэгтэй гэдэг нь бас эмгэнэл байхгүй юу. Буруу. Улс нь хийх ёстой ажлаа хийх ёстой. Сайн дурын ажил, хандивт найдсан аз жаргал гэж байхгүй. Тийм биз дээ. Тийм болохоор би ийм тийм ажил хийсэн гэж уриалмааргүй байна. Тийм юм байхгүй ч гэсэн хүүхдүүд аз жаргалтай амьдрах ёстой.
Сэтгүүлч: Би таныг маргааш өглөө бор цамцтайгаа ирвэл тэр тухай асууна гэж бодож байлаа. Та ч мөн л бор цамцтайгаа ирлээ. Нэг ийм бор цамц байна уу, нэлээд хэд байна уу?
И.Томоко:Энэ өнгөнд дуртайдаа биш, байгаа нь энэ. Хоёр гурван удаа энэ цамцтайгаа зурагтаар гарсан чинь хүмүүс Томоко дандаа бор цамц өмсдөг гээд. Тэгэнгүүт нь “Аа дандаа бор цамц өмсвөл надад амар юм байна. Шинээр сонголт хийхгүй. Шинэ юм авахгүй гэж бодсон. Зөгийтэй хоёр бор цамц байдаг. Тэгээд энэ. Энэ чинь аягүй чанартай юм байна билээ. Би 7 жил бараг өдөр болгон өмсөж байгаа. Урагдаагүй аягүй сайн. Хаанахынх юм бол мэдэхгүй. Японых байхаа.
Сэтгүүлч: Монголчууд Томоког энэ цамцаар нь сайн мэднэ?
И.Томоко:Завгүй байна шүү дээ, би чинь. Хөдөө явна. Оффис дээр ажилтай. Тэгэхэд би амралтаар хувцас хунар авах гэж явмааргүй байна. Миний дуртай ажил биш. Нэг мөсөн одоо энэ цамцнаас 5-6 ширхэгийг олоод авахсан гэж бодох юм.
Сэтгүүлч: Та ямар зарчимтай эмэгтэй вэ?
И.Томоко:Мэдэхгүй ээ. Би хүнд гай болмооргүй байна. Хүнд гай болохоос бусад юмыг бол хиймээр байна. Манай компанид 20 хүн ажилладаг. Энэ хүмүүстээ сайхан орчин үүсгэж өгмөөр байна. Баярлуулж чаддаггүй юмаа гэхэд гомдоомоогүй байна. Намайг мартсан ч гэсэн надтай холбоотой орчин сайхан мэдрэмж дурсамж өгөөсэй гэж боддог.
Сэтгүүлч: Өөр хүмүүст юуг хүргэмээр байна?
И.Томоко:Хэрэглэгч нар минь бас бурхан юм аа. Яагаад бурхан бэ гэхээр бид нарт мөнгө өгч амьдруулж байгаадаа биш юм шүү. Зөгийнөөс бал аваад хэрэглэгчид хүртэл янз бүрийн аюул байдаг. Зөгийг уурхайн хажууд тавьчих юм бол баланд хүнд металл орно. Зөв цагт хураахгүй бол иснэ. Болгоомжтой савлахгүй бол шилний үйрмэг орчихно. Тэр болгон дээр би бурхандаа юм өргөх гэж байгаа мэт тийм сүсэгтэй, сэтгэлтэй хандахгүй бол бид нар сайн юм гаргаж чадахгүй. Тиймдээ хэрэглэгчийг би бурхан юм даа гэж боддог. Балаа гаргаж явахдаа олон юм ойлгосон. Миний эцэг эхийг алсан дайсан байсан ч хамгийн сайн хүнсийг хийж өгөх ёстой. Дайсандаа ч гэсэн сайн хүнс өгөх хэрэгтэй учраас хэн ч байсан бурхан болдог.
Тэр мөн өмнө нэг удаа ярилцлагандаа хэлэхдээ: “Хүн чинь анхны хайртай хүнээ мартдаггүй, тэр хүнээ муугаар боддогүй дээ. Яг тэрэн шиг миний анх удаан хугацаар ирж амьдарч байсан, намайг олон зүйлээрээ татсан, таалагдсан орон бол Монгол орон . Өөрөөр хэлбэл миний анхны хайртай орон” хэмээжээ.
Эх сурвалж: eguur.mn