10 настай Б.Энгүүнбат хүү өсөлтийн хоцрогдол , харааны бэрхшээлтэй ч гэсэн компьютер дээр хичээлээ бичдэг , цаашид одон орон судлахын тулд англи хэл сайн сурмаар байна хэмээн ээжээсээ хүсчээ

Өсөлтийн хоцрогдол , харааны бэрхшээлтэй Б.Энгүүнбат хүү өөрийн хүсэлтээр тусгай сургуулиасаа шилжин энгийн сургуульд гурав дахь жилдээ суралцаж байна. Өөрөөр хэлбэл 3-р ангиасаа энэхүү энгийн сургуульд шилжин суралцсан ба одоо 5-р анги юм. Брайль үсгээр хичээллэж байсан Энгүүнбат хүү ангийнханаасаа хоцрохгүйн тулд зөөврийн компьютер дээр арван хуруугаараа хурдан шивж сурсан байна.

Б.Энгүүнбат хүү хэлэхдээ:” Өмнөх тусгай сургуульд зааж байсан хичээл нь их хоцрогдолтой , би маш амархан бодчихдог байсан болохоор би энэ сургуульд арай л түрүүлж яваад байна гэсэн ойлголттой болоод тэгээд би өвөө эмээ , ээж аав нараасаа гуйж байгаад энэ энгийн хүүхдүүдийн сургуульд орсон. Өсөлтийн хоцрогдол , харааны бэрхшээлтэй л болохоос биш миний оюун ухаан бол энгийн хүүхдүүдийнх шиг учраас одоо энэ энгийн сургуулийн ангидаа хичээлүүдээ сайн ойлгоод хийгээд явдаг. Бас компьютер дээр 10 хуруугаараа шивээд сурчихсан. Энгийн сургуульд суралцаж ангийнхнаасаа хоцрохгүйн тулд би зөөврийн компьютер дээр 10 хуруугаараа хурдан шивэхийг гурван долоо хоногийн дотор сурсан. Жишээ нь би одоо компьютер дээрээ “Монгол хэл” гэж бичээд харуулъя л даа.” хэмээн хэлэн төвөггүйхэн хурдан гэгч нь тачигнуулан бичлээ.

Сэтгүүлч: Компьютер дээр шивж сурахад хэр хүндрэлтэй байсан бэ?

Б.Энгүүнбат хүү: “Сурахад амархан байсан. Компьютерийн кэйбоард дээр 10 хурууны байршил гэж байдаг. Кейбоардын голд тэмтрэхэд мэдрэгддэг тэмдэг байдаг тэрэнгээрээ баримжаа аваад 10 хуруугаараа шивдэг.”

Өгүүлбэртэй бодлого бодоход ширээний найз нь Энгүүнбатад уншаад өгсөн тохиолдолд Энгүүнбат ямар ч асуудалгүй бодлогоо бодчихдог байна. “Ангийнхан маань намайг шилжиж ирсэн цагаас хойш дэмжиж , цүнх болон зөөврийн компьютерийг хүртэл үүрч явж явдаг. Намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгалгүй , ойлгож явдагт баярладгаа ч” хэлж байлаа.

Б.Энгүүнбат хүү: Миний ард сууж байгаа Элбэгзаяа гээд охин ойрхон гэртэй учраас намайг гэрээс маань ирж авдаг. Анги хамт олон маань гадуурхаж харьцдаггүй , зүгээр хүүхдүүдтэй харьцаж байгаа шигээ л харьцдагт нь талархдаг.

Сэтгүүлч: Ангийнхаа хүүхдүүдийн ойлгохгүй байгаа зүйлийг чи зааж өгдөг үү, чамд бас хүүхдүүд зааж өгдөг үү?

Б.Энгүүнбат: Ангийнхаа хүүхдүүдийн ойлгохгүй байгаа зүйлийг зааж өгдөг. Жишээ нь: Үдшийн гялаа гэж юу вэ? гэж асуухад би хэлэхдээ энэ бол “Сугар гараг” гэж хэлж өгдөг ч юмуу иймэрхүү байдлаар тусладаг. Би өөрөө ч ангийхнаасаа бас тусламж авдаг.

Сэтгүүлч: Байгаль орчины хичээлдээ их дуртай юмшиг байна тэ?

Б.Энгүүнбат: Байгаль орчин, сансар судлал , одон оронг маш их сонирхож судалдаг.

Сэтгүүлч: Яагаад сонирхдог вэ?

Б.Энгүүнбат: Одон орон судлал хэзээ ч дуусна гэж байдаггүй , шинэ мэдээлэл гарч ирсээрл байдаг нь надад таалагддаг. Дээрээс нь гаригуудын үүсэл , яаж үүссэн нь их сонирхол татдаг. 3-р ангиасаа буюу энэ сургуульд орж ирсэнээсээ хойш дуртай болсон.

Сэтгүүлч: Чи ер нь ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

Би мэргэжлүүдийн талаар нилээд бодсон. Би хөгжимчин юмуу эсвэл технологийн салбарын мэргэжилтэй болно гэж боддог.

Түүний юм хүлээж авахдаа сайн , суралцахдаа хурдан , хичээмтгий зан чанарыг багш нь ч магтдаг. Ирсэн цагаасаа хойш хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлсэн ангийн багш нь түүний хөгжлийн талаар ийнхүү ярилаа.

Нийслэлийн 50-р сургуулийн 5Г ангийн багш Х.Түвшинжаргал: “Энэ сурагч маань өөрөө сурах хүсэл эрмэлзэл ихтэй , аливаа юмыг их хурдан тогтоох ойлгох чадвартай учраас ерөнхийдөө боломж их өндөр байгаа. Би хичээлээ самбар дээр тайлбарлаж байх үед сонсохын зэрэгцээ давхар бичээд явдаг. Бусдад их заах , зөвлөх дуртай. Өөрийх нь сонирхол одон гараг, байгалийн ухаан талдаа сонирхолтой учраас тэр тухай мэдээллээ ангийхандаа ярих тохиолдол их элбэг байдаг.”

Тусгай сургуульд сурахаар би хоцрогдоод байна гэж ээждээ хүсэлт гаргаж ийнхүү ээж нь түүнийг энгийн сургуульд оруулсан байна. Хувийн сургуульд хандсан ч хүлээж авах хувийн сургууль байдаггүй юм билээ гэж ярих тэрээр хүүдээ компьютер дээр хурдан шивэх дасгал зааж өгсөн байна. Хүү харааны бэрхшээлдээ эмзэглэдэггүй ч өсвөр нас эхэлсэнтэй холбоотой өсөлтийн хоцрогдолдоо бага зэрэг эмзэглэдэг болсон талаар ээж нь хэлж байлаа. Харин харааны бэрхшээлтэй гэх мэдээллийг төрсөн аав нь эмзэг хүлээж аван хоёр тийш болсон ч одоо төрсөн ааваас дутахааргүй өөрийг нь хүлээн зөвшөөрсөн аавтай болжээ.

Б.Энгүүнбатын ээж Н.Энхзаяа: Төрсөн аав нь бол бүр нялх байхад нь салсан. Танай хүүхэд хараагүй юм байна гэсэн мэдээллийг сонссоноос эхлээл цаашаа оршин тогтнох , хамт байх боломжгүй болсон. Бас тэр мэдээг яаж хэлж байгаа эмчийн ёс зүй муу байсан. Залуу гэр бүл энэ мэдээг яаж хүлээж авах уу , өмнө нь удамшлийн харааны бэрхшээлтэй хүн байна уу үгүй юу гээд тэр гэр бүлийг судалсан зүйлгүй , залуу гэр бүлд энэ мэдээг сонсгоход сэтгэлзүйн хувьд яах уу гэх мэт хандлага байхгүй зүгээр л унтуулгатай оношилгоонд ороод гараад ирэхэд пал хийтэл хэлээл , тэгээд л тэр хүн эх нялхасын хаалгыг саваад гарсан даа. Тэгээд л тэр гэр бүл цаашаа явах боломжгүй болсон. Тэгэхдээ бол одоо аавтай. Аав нь 1-р ангид нь байхаас эхлээд л Энгүүнээ хүүг маань дагаж явсан. Бүр ажлаасаа гараад л , хажууд нь байнга туслаад туслах багшийг нь хийгээдл . Хүмүүс бүр гайхдаг. Төрсөн төрөөгүй хамаагүй хүүхдийг хүлээн зөвшөөрч , байгаагаар нь хүнийг хайрлана гэдэг маш агуу зүйл байдаг юм байна. Би хүртэл өөрөө хүүхдээ байгаагаар нь хүлээж авах гэж бараг л хоёр жил болсондоо.”

Б.Энгүүнбат хүү маань том мөрөөдөлтэй ажээ . Одон орон судлах дуртай тэрээр англи хэл сурч байж энэ салбарынхаа шинэ мэдээллээс хоцрохгүй тиймээс англи хэлийг сайн сурах хэрэгтэй байна хэмээн ээждээ хандаж болжээ. 

Эх сурвалж: ETV