“Дэлхийн тэргэнцэртэй мисс” тэмцээнд Б.Лхамсүрэн амжилттай оролцлоо

Мексикийн нэгдсэн улсад зохион байгуулагдсан “Дэлхийн тэргэнцэртэй мисс” шалгаруулах хоёр дахь удаагийн томоохон тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Лхамсүрэн маань амжилттай оролцож, шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Тус тэмцээнд Монгол Улс анх удаагаа оролцож байгаа юм. Тэрээр тус тэмцээний “Авьяас” төрөлд тэргэнцэртэй бүжиг бүжиглэж, хамгийн өндөр оноог авсан байна. Ийнхүү тэрбээр “тэргэнцэртэй бүсгүйчүүд бүжиглэж чаддаг шүү” гэх сэдлийг олон бүсгүйчүүдэд өгсөн юм.

Мисс Б.Лхамсүрэнгийн хувьд 2019 онд Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Тэргэнцэртэй сайхан бүсгүй-2” тэмцээний Үндэсний ялагч болж, дэлхийд өрсөлдөх эрхээ ийнхүү авч байсан билээ.

Тэрбээр 16 жилийн өмнө авто осолд орж, алхаж чадахаа больсон ба 16 жил гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж байсан түүнийг нэг л өдөр гэрээс нь гаргаж, нийгэм рүү уруу татсан хүн нь “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” улсын анхдугаар тэмцээний ялагч Д.Цолмон ажээ.

Тэрхүү урилгыг хүлээн авч, зөвшөөрөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн нь түүний хань гэнэ. Энэ талаараа тэрбээр хэлэхдээ: “Цолмон над руу “Тэмцээнд орооч ээ”  гээд захидал бичсэн. Тухайн үед өөртөө итгэхгүй, эргэлзээд нэг хэсэгтээ хариу өгөөгүй байсан юм. Гэтэл нөхөр маань “Ороод үз. Чи чадна” гэж урам өгсөн. Тэр үг надад маш том дэм болсон” хэмээн ярьж байв.

Ийнхүү тэр “Хөгжлийн бэрхшээл” гэх үгээр хөгжих боломжоо хаасан олон эмэгтэйчүүдэд урам өгөхөөр “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол түмнийхээ өмнөөс Б.Лхамсүрэн бүсгүйдээ халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилт хүсье. Түүний өмнө ярилцлагандаа хэлж байсан “Хөгжлийн бэрхшээл бол өвчин биш” гэх үгээр нийтлэлээ өндөрлөе

Эх сурвалж: eagle.mn, new.zindaa.mn