
ЖИНХЭНЭ АЙМШИГ
Хэдхэн жилийн өмнө Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж , доромжлуулдаг байсан жаалхан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Ээждээ хүү нь “Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас “Би гомдолгүй ээ” гэсэн үг унах…. Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн үрээ алдчихаад , хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггүй юм билээ.
1990 оны намар 6 настай Н гэх охиныг хойд эцэг нь гэр цэвэрлэсэнгүй хэмээн хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байв. Улмаар талийгаач Н гэх охиныг төрсөн ээж нь нөхөртэйгөө нийлэн чемоданд хийж газарт булаад , бичиг баримтыг нь шатаасан хэргийг цагдаагийн байгууллагаас хожим нь илрүүлж байжээ. Энэ хэргийн тухай баримт “Ардын эрх” сонинд нийтлэгдэж , нийгэм нэг хэсэгтээ л жигшиж байсан.
2019 оны 12-р сарын 20-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд нэг ой 3 сартай болон 2 настай ах дүү хоёр хойд эцэгтээ зодуулж , ах нь амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Хойд эцэг нь жилийн өмнө хорих ангиас суллагдсан байсан бөгөөд хэрэг үйлдэгдэх үед төрсөн эх нь хойд эцэгтэй нь хамт архидан согтуурсан байсан нь тогтоогдсон
“….Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг толгойтой
Хөгшин муу хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь …” гэж шүлэглэдэгсэн яалаа.
Амьдрал хэцүү байгаа, бүгдээрээ мэднэ. Тэглээ гээд энхрий үрсээ хайхрахгүй хаяж, амь насыг нь бүрэлгэж болно гэж үү. Амьдралын зовлон бэрхшээл бидний хүнлэг сэтгэл , хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж үү… Энэ бол жинхэнэ аймшиг