Ч.Ганхуягийн тайван , ухаалаг гэргий

Ард санхүүгийн нэгдэлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн гэргий болох Г.Уянга-ийн үзэсгэлэн гоог илтгэх зургуудын хамт түүний үзэл бодлоос хуваалцая.

Би ер нь эрх танхил биш. Намайг айлын ганц охин гэдэг утгаар нь хүмүүс их эрх дураараа гэж бодох тохиолдол их байдаг. Ээжийн охин, хүний гэргий аль аль талаасаа би тийм дур зоргоороо хүн биш л дээ

Айлын ганц охин байх хувь тавилангаас надад хамгийн сайн шингэж өгсөн чанар бол хэнээс ч хараат бус, бие даасан чанар. Ямарваа сонголт шийдвэрийн өмнө хэн нэгнээс зөвлөгөө тусламж гэж хүлээхээс илүү өөрийнхөөрөө байж чаддаг. Ээж маань байнгын завгүй амьдралын төлөө тэмцэлтэй их дайчин хүн учраас над руу хошуу цорвойхоосоо илүү хичээл сурлага юу болж байна гэхчилэн насанд хүрсэн хүний хэмжээнд хариуцлагатайгаар ханддаг байсан. Тухайн үед би хүүхдийн гэнэн сэтгэхүйгээр гомдох үе байсан л даа. Одоо
бол ээж минь намайг хат суулгаж хамгийн зөв хүмүүжүүлжээ гэж боддог. “Чи яаж байна. Яахав ийхэв” гэхээсээ илүү “Чи ингэх ёстой” гэж чиглүүлж зөвлөдөг байсан нь Уянга гэх хувь хүнийг илүү төлөвшүүлсэн.

Хүмүүс намайг гаднаас маань яаж дүгнэдэгийг мэдэхгүй. Би хувьдаа их энгийн нээлттэй гэж өөрийгөө боддог. Хүн надад яаж хандана тэр хэмжээнд нь элэгсэг харилцаж сайхан инээгээд өнгөрөхийг хүсдэг. Хүний амьдрал богинохон. Аль болох тайван байхыг хичээдэг. Хэн нэгэн намайг бухимдуулсан ч гэсэн инээмсэглээд л өнгөрдөг. Хүлээцтэй өнгөрүүлсний дараа зарим нь уучлалт гуйх, болж өнгөрсөнийг тайлбарлах гэж оролддог нь энэ зангийн маань олзуурхууштай тал юм болов уу.

Миний бодлоор би нөхрийнхөө хамгийн сайн найз нь байж чаддаг. Найз гэдэг утга нь ямар өргөн цар хүрээтэй, ид шидтэй билээ. Нөхөр маань ч миний хамгийн дотны найз минь байж чаддаг.  Хамгийн анх нөхөр маань миний нүдэнд маш эрч хүчтэй, хөгжилтэй, нилээн шударга залуу гэсэн сэтгэгдэл төрүүлсэн нь надад их таалагдсан. Хамгийн түрүүнд хүний их сайн найз байж чадах хүн байна гэж бодсон л доо. Бид хоёр анх их сайн ойлголцож чаддаг сайхан найзууд байсан л даа. Надад бол Ганхуяг хувь хүн нь их сонирхолтой эр хүн санагддаг байлаа.

2001 онд “Улаанбаатарын мисс” тэмцээнд орж байсан. Энэ нь зөвхөн найз нарын маань шахалтаар нэг хоногийн өмнө бүртгүүлээд оролцож байсан санаандгүй шахуу үйл явдал болсон. Би гэрийнхэндээ хэлэлгүй зурагтаар гарна гэдгийг ч тооцоолоогүй хам хум хувцас бэлдээд оролцож байсан. Маш олон гоё охидууд өрсөлдөж бараг сарын өмнөөс бэлтгэсэн байсан. Одоо бараг хэддүгээр байранд орсноо ч санахгүй байна. “Баясгалант сайхан мисс” гэдэг өргөмжлөлтэй тав зургадугаар байрт шалгарч байсан байхаа. Магадгүй үүнээс улбаалаад зарим хүмүүс намайг загвар өмсөгч гэж ярьдаг болсон байх.

Ээж маань намайг төрүүлэхдээ Германд оюутан байсан. Үүнийг нь мэддэг хүмүүс нь намайг Герман аавтай гэж ярьдаг. Аав ээж хоёр маань Монгол. Харамсалтай нь намайг бага байхад тэд маань тусдаа амьдрах болсон. Би бол эмээгийнхээ гар дээр өссөн эмээгийн охин. Аавтайгаа төдийлөн ойр өсөөгүй. Европ төрхтэй гэдгийг тухайд аав ээж хоёрынхоо аль сайныг нь аваад дундаас нь гарсан их азтай хувилбар. /инээв/.

Би хотын унаган охин. Эмээтэйгээ хоёулхнаа хамт амьдардаг байсан. Ээж маань их ажилтай. Надад тэр бүр олдоод бусад хүүхдүүдийн ээжүүд шиг цаг зараад байж чаддаггүй байсан. Тиймээс би яг эмээгийнхээ хүмүүжлээр монгол ахуйд их ойр өссөн. Магадгүй цайсаг гээд эмээгээс үлдсэн тэр зан чанарууд маань одоо ч арилаагүй. Эмээгээсээ хойш ганцаардаж их л үгүйлдэг байсан.

Би нөхрөө амьдралынхаа төлөө ямар хэмжээнд зүтгэж ямар завгүй ажилладгийг мэднэ. Ойлгодог. Гэхдээ энэ бүх ажлын ачаалал проблемыг орой гэрийнхээ хаалганы ард үлдээж нүүр дүүрэн инээмсэглэлээр тэвэрч үнсээд гэртээ орж ирж чаддаг нь маш том бэлэг.

Хорвоогийн айлын эхнэрүүдийн жаргал зовлон адилхан шүү дээ. Даргын эхнэр, жолоочийн эхнэр өөр гэж би боддоггүй. Ямар ч гэр бүлийн амгалан амьдрал үр хүүхдийн инээд, эр нөхрийн амжилт бүгд л ээж
хүнээс, эхнэр хүнээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Энэ бүхний үнэ цэнэ эмэгтэй хүний ухаалаг, хүлээцтэй амьдралыг бодитоор харах чадвараар хэмжигдэнэ. Ямар ч тохиолдолд түрүүлж дуугарахаасаа өмнө хэдхэн секунд тунгааж бодоод ярьж байвал тайвнаар асуудлыг шийдэж өөртөө ч өрөөлд ч илүү амар аргаар ойлголцоно. Уурлаж уцаарлах, уйлж гоморхохоосоо илүү эмэгтэй хүн маш тайван байж гэр бүлээ амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.

Проблем гарвал эвлэрлийн хонхыг би л жингэнүүлдэг юм болов уу даа. Ямарваа нэг асуудал гарвал хоёулаа чимээгүй л болчихдог. Хэдэн минутын дараа эргээд ярилцахад бүх юмны учир олддог. Эмэгтэй эрэгтэй хүний үүрэг роль энэ тэнцүү байдаг байх. Миний баримтладаг зарчим бол хүн юу тарина түүнийгээ хурааж авдаг. Би хариу нэхэхгүйгээр зүгээр л хүмүүст өгөх дуртай. Нөхрөө би хайрлаж байж хайрыг нь хүртэнэ үү гэхээс чи намайг хайрлах ёстой гэж хүсээд тулгаад шаардаад байх хамгийн утгагүй зүйл.

Эх сурвалж: news.mn