
Байна уу , ээжээ?
Би айлын ганц хүү. Аавыгаа бага байхдаа алдаад ээжтэйгээ хоёулахнаа л амьдарсаар өсөж том болсон. Дарханаас оюутан болж хотод ирснээр ээжээсээ анх удаа холдож үзлээ. Оюутны эхний жилүүдэд ээжтэйгээ өдөр болгон утсаар ярьдаг байлаа. Мөнгө хэрэг болоход хамгийн түрүүнд л ээж рүүгээ ярина. Ер нь юм гуйх болохоор ээж л бодогдоно.
Сургуулиа төгслөө, ажилтан боллоо. Гэр бүлтэй, найз нөхөдтэй, хамт олонтой, хүрээлэл өргөнтэй ч болж. Хүнд нэг тийм муухай зан байдаг юм байна. Том болж, биеэ дааж, найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэхдээ , ээжээс санхүүгийн тусламж хүсэхгүй хэмжээний жаахан учраа олчихоороо ээжийгээ мартчихдаг. Тэгээд нэг жаахан миараад ирэхээр ээж хамгийн түрүүнд бодогддог.
Саяхан Дарханаас, ээжээс дуудлага ирлээ. Ээжээс ирдэг, энгийн л нэг дуудлага. Утасны цаанаас “Ээжтэйгээ утсаар ярих чинь улам л багасаад байна шүү, миний хүү. Мэнд ус мэдэж бай. Хаа нэг ярьж бай. Завгүй байгааг нь ойлгож байна аа. Гэхдээ залгах болгонд утсаа авдаг ээжтэй хүн хэр олон билээ дээ” гэж байна. Ээжээс анх удаа л над руу гомдол тээсэн дуудлага ирсэн нь энэ.
Тэгээд л ойлгож байгаа юм л даа. Хэрэгцээ гараагүй л бол ээж рүү залгахаа больжээ, би. Яръя гэж бодсон ч мартаад л яваад байдаг юм байна. За юу ч ярих вэ дээ гээд хойш тавиад, жолоо барьж явбал, орой үдэш найз нөхөдтэйгөө хэдэн пиво ууж суувал “Аан ээж л байна” гээд утасныхаа дууг хаачихдаг юм байна, би.
Тэгсэн ээж минь тэнд намайг залгаад эргэн тойрны аж байдал, цаг агаар асуугаад, хоолоо хийж идсэн үү, нохойгоо хооллосон уу гэдэг ч юм уу юу ч хамаагүй ярихыг хүлээдэг юм байна. Ер нь бодоод байхад тань руу хамгийн их залгадаг хүн л танд хайртай байдаг юм шүү.
Эх сурвалж: UNITEL