СЭРЭМЖЛҮҮЛЭГ УРИАЛГА

2011 онд би ТВ-8 телевизэд сэтгүүлчээр ажилладаг байсан юм.
Ажил тараад гэртээ ирэхээр л дээд давхарт хүүхэд уйлах чимээ байсхийгээд л сонсогддог байлаа.
Нэг орой шөнийн 12 цагт өнөө хүүхэд ахиад л уйлаад л, тойрч гүйх чимээ гараад байхаар нь яагаад ер нь хүүхдээ шөнө унтуулахгүй уйлуулдаг айл вэ гээд дээшээ гарлаа. Их удаан хаалгаа нүдүүлж байж үүдээ нээсэн.
Гэтэл нэг жирэмсэн хүүхэн үүд нээгээд хэн бэ? Юу болов гэнээ. Танайх яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм бэ гэтэл миний дүү чи айл андуурсан гээд намайг хөөх шахам юм болов. Би ч үгүй дээ, танайх хүүхдээ зодоод байгаа юм биш үү гээд гэррүү нь шууд ороод хартал 6 настай хүү ёстой нүд халтирам улаан эрээн болтол зодуулаад, нүд, духаа сэтэртэл цохиулж зодуулсан байсан. Гэмтлийн эмчийн үзлэгээр хүүгийн гавлын яс, баруун гарны шууны яс, сарвуу, эгэмний яс нь цуурсан, мөн зүүн талын гурван хавирга гэмтэж, хүзүүний арьс түлэгдэж, гар, хөл, цээж, нуруу гээд бүх бие нь нэлэнхүйдээ хөх няц болсоныг үзлэгээр тодорхойлж бичив .


Тэр шөнө хүүг ийм болтол зодсон маш муухай хүйтэн царайтай эр суран тэлээг гартаа ороогоод барьчихсан, тэлээний төмөр аралтай хэсгээр нялх амьтныг ийм болтол ороолгосон бололтой хээв нэг сууж байсан. Энэ эр бол хүүгийн хойд эцэг байсан юм. Би ч тэр нөхцөл байдлыг хараад айх , уйлах зэрэгцээд шууд хүүг нь тэвэрч гараад хамгийн түрүүнд орцонд байгаа айлуудын үүд нүдээд тусламж гуйж орилсон боловч хэн ч үүдээ нээж өгөөгүй юм.
Монголчууд ёстой аймаар хувиа хичээсэн, муухай хүмүүс юм гэж бодсон. Ингээд сандарч балмагдаад байж байтал жирэмсэн хүүхэн нөхөртэйгээ араас гарч ирээд хүүг надаас булааж аваад ахиад үүдээ түгжсэн.
Хүмүүсээ энд эр эм хоёр хүүхдээ алж байна, гараад ирээчээ, туслаач ээ гээд орилж байхад хэн ч гарч ирээгүй. Яг тэр агшинд цагдаа дуудах толгойд орж ирэхгүй хэсэг амьсгаа дараад цагдаа руу залгах ухаан орж 102-т дуудлага өгсөн юм.
Гэтэл 30 гаран минутын дараа 2 цагдаа ирсэн байдаг юм. Арай гэж үүдийг нь нээлгэсэн. Хүү өрөвдмөөр шууд миний өөдөөс гүйгээд ирсэн. Ингээд ар нуруу, гэдэс толгой , хөл, гуя гээд бүх газартаа ороолгож улаан алаг болсон хүүг эмнэлэг авч явахаар куртик нөмрүүлэх гэтэл эгчээ хорсоод байна гээд уйлаад байсан хөөрхий нялх амьтан.
Тэгээд ямартай ч цагдаа нар үлдэж би хүүг аваад гэмтэлийн эмнэлэг ортол хүүг шархаа даахгүй гээд эмч нар шууд сэхээний тасагт оруултал өнөө хүү намайг битгий яваач хажууд байгаач гэхээр нь хамт эмнэлэгт сэхээний тасагт хоносон юм.
Ингээд нэг муу гар утсаараа хүүгийн яаж зодуулсныг баримтжуулаад өглөө нь нойрмог амьтан телевиз дээрээ очиж мэдээ хийснээр олны анхааралд орсон юм. Манай цагдаа нарын тоохгүй сул чөлөөтэй үлдээсэн хойд эцгийг ч хорьж саатуулав.


За ингээд байсхийгээд л эмнэлэг ордог ажилтай болов. Хүү овоо хэд хоноод энгийн тасагт шилжсэн. Хүүгийн эх хүүгээ зодуулж үхэх гэж байхад нь хүүгээ өмгөөлж , хайрлаж хамгаалаагүй байжээж намайг эмнэлэгээс хөөдөг байв.
Ингээд хүүгийн хойд эцгийн шүүх хурал болсон. Би гол гэрч болчихсон тэр шүүх танхим гээчид иргэний хувиар анх удаа оров. Үзсэн харсан бүхнээ л үнэнгээр нь хэлэв. Хүүг зодсон хойд эцэг, төрсөн эх хоёроос хайр гамгүй зодсон шалтгааныг нь асуухад “Нэг удаа 500, нэг удаа 300 төгрөг хулгайлсан. Анх багахан зодоод өнгөрсөн. Харин энэ удаад сайн зодвол хашрах байх гэж бодсон” хэмээн хээвнэг яриад зогсч байх. Хүүд олон удаагийн ужиг хуучин шарх ч зөндөө байсан.
Ингээд шүүгч нар шийдвэрээ гаргаж хойд эцэгт 5 жилийн хорих ял оноосон юм. Тэр этгээд гавлуулаад гарахдаа чамайг Болортуяа гэдэг тэ! Би гарнаа, чамайг алнаа гээд орилоод явсан юм.


Одоо тэр этгээд 2011 онд гэхээр аль хэдийнээ суллагдсан гэсэн үг. Харин өнөө хүү 18 настай болсон байх учиртай. Хаана юу хийж яваа, нөгөө жирэмсэн байсан эх бас төрчихсөн 12 настай хүүтэй байх учиртай . Нөгөө юмтайгаа эргэн нийлсэн эсэх, хэрэв нийлсэн бол зодуулсан хүүг 12 настай байхад нийлсэн , эсвэл хугацаанаасаа өмнө суллагдсан бол бүр бага настайд нь дахин ээжтэй нь цуг амьдарсан уу? гээд тодруулах олон зүйл надад гарлаа. Яагаад энийг бичив гэхээр Ж. Цэнгэлмаа эгчийн фэйсбүүкийн постыг уншаад энэ бүх зүйлийг гэнэт санаж ийн бичив. Цэнгэлмаа эгчийн дээд давхарт бас хүүхэд уйлах чимээ сонсогддог гэнэ. Ороод шалгаад үзэхэд гэмгүй шүү, хүний амь нас аварна шүү гэж та бүхэнд сануулж сэрэмжлүүлэх гэсэн юм.
Аан тийн тэр хүү болоод жирэмсэн эхийг ГБХЗГ-хүлээн авсан. Тус газрын мэргэжилтэнгүүд надад хэлэхдээ ээж нь бас хүчирхийлэлийн хохирогч болсон байсан. Сэтгэлзүйн хувьд хүүхдээ хамгаалах чадваргүй болсон байсан гэж билээ. Энэ хэрэг цаашид юу болсныг “Ганзоригийн Батдорж” дарга та асууж тодруулж өгөхийг хичээнгүйлэн гуйя.
Хүндэтгэсэн: Сэтгүүлч Н.Болортуяа

Ийнхүү Н.Болортуяа сэтгүүлч өчигдөр өөрийн цахим хуудаснаа ийнхүү анхаарал сэрэмжлүүлэг уриалга бичжээ. Иргэд та бүхнээс хичээнгүйлэн гуйя. Ойр эргэн тойрондоо байгаа энэ өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан нялх амьтадыг анзаарч байгаарай. Хүчирхийллийг тэвчдэггүй хүн байгаарай гуйя. Саяхан 1-2 жилийн өмнө нэг бяцхан охин хойд эцэгтээ хэрцгийгээр зодуулж байхдаа туслаарай гээд өчнөөн чарласныг хажуу айлууд нь сонссоор байж туслаагүй охиныг амьсгал хураатал нь зодуулсан хэрэг гарч байсан шүү дээ. Тэр үед аль нэг хөрш нь ороод охиныг аварсан бол тэр охин одоо амьд мэнд байх байсан…

Дээрхи жишээг хар л даа. Тусалж буй эгчийгээ надаас битгий холдоорой гээд гуйсан байна…

Энэхүү нялх амьтадыг хамгаалах уриалгыг бусдад түгээж , нэг ч гэсэн хүүхдийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай