
ТАЛИЙГААЧ ГАНБААГИЙН МААНЬ ХҮСЭЛ БИЕЛСЭН
Талийгаач Ганбаа хамгийн сүүлийн кинондоо өөрийгөө өөр өнцгөөр харуулсан дүрээр өөрийгөө урлагт мөнхлөн үлдээлээ
Ганбаагийн найз Жүжигчин Отгоо : Ганбаа найзтайгаа 2002 онд анх СУИС-д орж байсан гэхээр найзтайгаа 20 жил найзалсан байна. Энэхүү “Гадны нөлөөгүй” УСКино бол найзын маань сүүлийн уран бүтээл байлаа. Хамгийн удаан хугацаанд тайзан дээр партнерласан миний алтан партнер юм. Найзыгаа кинон дээрээ ажиллаж байхад би нэг эргэж очиж байсан юм. Тухайн үед найз маань надад хэлэхдээ: “Найз нь хошин урлагийн салбарт 17-18 жил тоголлоо, одоо найз нь драмын чиглэлийн кинонд өөрийгөө сорьж үзмээр байна. Хүмүүс найзыг нь хараад дандаа инээдэг шүү дээ. Энэ кинонд тоголсоноороо найз нь өөрийгөө их өөр талаас эвдэж тоголж байгаа” хэмээн хэлж байсан юмдаа. Найзын маань энэ яриа нь л их тод үлдэж байна. Миний найзын хүсэл нь биелсэн юм болов уу даа гэж бодож байна. (Хоолой зангируулан ярив)
Гадны нөлөөгүй УСК-нд Ганбаагийн дүрийн ээжийн дүр буюу МУАЖ С.Сарантуяа: Өнөөдөр энэ кино үзэгчдийн хүртээл болох энэ үйлийн хамгийн том эзэн нь бол миний хүүд тоголсон манай Талийгаач Ганбаа маань юм. Тэр хүний өөрийх нь мэргэжилдээ хайртай байгаагийн илрэл надад маш их мэдрэгдсэн. Зөвхөн хошин урлагаараа явсангүй. Тэр өөрөө хөгжих гэж , мэргэжлээрээ илүү ахихыг бодож , урлагын өөр бүх салбаруудад өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Тэрч утгаараа энэ киног анх санаачилсан хүмүүсийн нэг бол Ганбаа маань юм. Гаднаас нь харахад нэг тийм нилээн сүрдмээр том биетэй, ер нь нэг тийм цүл цал хийсэн , харахад хэнэггүй юмшиг хэрнээ дотроо ямар их сүрхий энэ мэргэжилдээ хайртай, үнэнч хүүхэд юмбэ гэдгийг би ойлгож мэдэрсэн. Энэ киноны эхний өдөр Ганбаа маань надад хэлэхдээ: Сараа эгчээ би таниас жаахан сүрдээд байна гэхэд нь би: юундаа сүрдэх билээ бид нар чинь адилхан л уран бүтээлч хүмүүс шүү дээ гэхэд хүүхэд шиг толгойгоо маажсанаа: би таниас л их тусламж авна гэж бодож байгаа шүү гэж билээ. Би тэгээд Ганбаадаа: Үгүй ээ харин ч би чамаас туслалцаа авна. Хоёулаа нийлж байгаад ямар ч л байсан энэ киноныхоо дүрүүдийг сайн гарганаа гэж хэлж байсан юм.
Ганбаа маань хэлэхдээ: Дүү нь яг энэ дүрээр өөрийгөө арай өөр өнцгөөс харуулах гэсэн юм. Ганбаа гэдэг жүжигчинийг өөр өнцгөөс үзэгчидэд харуулахыг хүсч байна гэж хэлсэндээ. (уйлав)
Энэхүү залуу уран бүтээлчийн маань хүсэж мөрөөдөж энэхүү бүтээлд хандсан хандлага нь үзэгчдэд маань хүрч , харагдах байхаа гэж бодож байна. Тэгэхийн тулд миний хүү маш сайн ажилласан даа
Найруулагч Д.Галбаяр: Кино дэлгэцэнд гарахаас өмнө дүүгийнхээ талаар бичих гэхээр бурхан болоочоор маркетинг хийлээ гэх болов уу гээд эмээгээд байсан юм. Одоо нэгэнт кино нээчихсэн болохоор ийнхүү бичиж байна. Манай хүн намайг “Дашийн Гал” гэж авгайлна. Болиоч дээ рецетив гэмт этгээд шиг эвгүй нэр юм гэхээр “Хаха тэр тусмаа сүртэй ш дээ ахаа” л гэнэ. Эдний ангийхан надтай их дотно байлаа. Ялангуяа Шагай, Билгүүн хоёртой бүр ч илүү дотно байжээ. Ганбаатайгаа хааяа нэг таарахаар мань хүн битүүхэн надад санаагаа хэлэхдээ: “Дашийн Гал ах их заваан шд. Миний ёстой тасарцан алиануудыг огт авахгүй хэрнээ Шагайгийн тун тааруу алиаг ёстой нусаа сугартал авах юмаа” гээд инээнэ. Яахав дүү маань цаагуураа намайг тоогоочээ л гээд байгаа ухаан нь юм шүү дээ. Та чинь муу дүүгээ нэг ч кинондоо авахгүй юм гээд л тоглоом шоглоомын завсраар тасхийтэл хэлж л орхидог байлаа .Ингэж явсаар “Гадны нөлөөгүй” кино хийгдэхээр болж дүүтэйгээ жүжигчнийх нь хувьд учирлаа. Зохиол дээрх хамгийн эвгүй дүр байсан л даа. Яагаад ч юм тэр үед надад энэ дүрийг ямар ч сонголтгүйгээр түүнд өгье л гэж бодогдсон юм. Ээ ахаа би бардаг болов уу? Хоёр хоног өгөөч. Жаахан бодоодхоё гэлээ. Хоёр хоногийн дараа грүпп цуглахад тэрээр хэдийнээ дүр дээрээ ажиллаад эхэлчихсэн байсан юм. Тэгэхдээ нэг л болж өгөхгүй яваад л байсан. Тэгтэл Сарантуяа эгчтэй хоол иддэг хэсэг дээр Ганбаагийн нүд нь эргэлдээд тогтож өгөхгүй яг л хулгай хийчихсэн хүүхэд шиг хулмагнаад байхаар нь би өөрийн эрхгүй ориллоо. “Наадах чинь байна шдээ Ганбаа наадах чинь байхгүй юу даа! Чи олчихлоо наадхаа битгий алдаарай” гэсэн манай хүн ч урамтай цаашаа зургаа дуусгасан даа. Бид бүгдээрээ л буцах хорвоо болохоор яалтай ч билээ дээ. Тэгэхдээ надад дүү маань хэзээ ч бурхан зүг болсон гэж бодогдоогүй. Магадгүй би өөрөө энэ киноны эвлүүлгийн ажлыг хийсэндээ ч тэр үү түүнтэй хамгийн сүүлд салах ёслол хийсэн байх гэж бодогддог. Сүүлчийн замд нь үдчихээд орж ирээд комьпютероо асаагаад кино прожектоо нээхэд дүү маань урдаас гараад л ирнэ. Дахиад л хараад л сууна. Чи одоо алга тэгэхдээ чамайг үзэгчид яаж хүлээж авах бол хоёулаа харна даа тэ? гээд л дэлгэцтэйгээ ярина. Өнөөдөр кино чинь дэлгэцэнд гараад үзэгчиддээ үнэлүүлж байна. Чамаар тэд бахархаж байна. Чи чадсан шүү миний бүдүүн дүү минь.
Гадны нөлөөгүй УСК-ны зарим зургуудаас: