Талийгаач Б.Арго: Маанаг , тэнэг хүний л дүр харагдсан. Энэ бол хошин шогийн элэглэл биш…

Талийгаач Б.Арго 2017 онд өөрийг нь хүнд өвчтэй байх үед “Мөрөөдлийн театр”-ыхан шоолж , шоглож байгаа нь хэцүү байна хэмээн хэвлэлийн хурал ийнхүү зарлаж байжээ. Тухайн үед талийгаач ийнхүү хэлж байжээ: Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй хүн. Би 2014 оны 11-р сард сахрын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмгөний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань арай дээрдэж, хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо.

Эрүүл мэнддээ сайн анхаараагүйн улмаас хөл маань идээлж, тайрахаас өөр аргагүй болсон юм. Өмнө нь эрүүл саруул алхаж явж байсан хүн гэнэт ийм байдалд орох үнэхээр хэцүү байдаг юм байна.

Ийнхүү хүнд өвчтэй байх сэтгэл санааны гутралын үед “Мөрөөдлийн театр” продакшн даапаалж, шоолж, шоглож, шоудаж байгаа нь миний хувьд их хэцүү байсан.

2015 онд Мөрөөдлийн театрынхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” хэмээх тоглолт зохион байгуулж байсан. Жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайсан байсан. Тэр тоглолтыг үзэхэд хошин шогийн элэглэсэн зүйл ерөөсөө харагдаагүй харин ууртай, догшин, хэл мэддэггүй, маанаг, тэнэг хүний дүрийг л гаргасан байсан. Энэ нь надад үнэхээр хэцүү байсан.

Тухайн үед би хэвтэрт байхдаа Г.Эрхэмбаяр луу утасдаж хэлсэн. Гэтэл намайг тоогоогүй. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол хамаа алга. Үүнээс өмнө ч бас Шинэ үе продакшн намайг шоглодог л байсан. Тэр үед би тоодоггүй байсан.

Харин биеийн байдал муу, сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаа үед ингэж шоглох нь хүнд их хэцүү байдаг юм байна. Нийгэмд маш буруу ойлголтыг төрүүлсэн. Юу ч мэддэггүй, боловсролгүй, хэл мэдэхгүй, худалч , хуурмаг мэтээр надад хүмүүс ханддаг болсон. Би уг нь бол 8 хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн хүн юм шүү дээ.

Тиймээс би өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдэдээ хандан уриалга хэлэх гэсэн юм. Би босож зогсож байгаад хэлнэ” гэв.

Тэрбээр хэлэхдээ: “Эрхэм хүндэт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид та бүхнийг намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна. Монголчууд өвчтэй нэгнээрээ ингэж тоглоом шоглоом хийдгээ болих хэрэгтэй гэж уриалж байна. Ялангуяа Г.Эрхэмбаяр дүүд хандаж хэлэхэд “Ингэж олж идсэн хоол, хоол болохгүй.” Хамгийн гол нь гоё урлагийг бүтээх хэрэгтэй. Хошин элэглэлийг бол ойлгоно. Дуурайх гээд байгаа юм бол дуурайсан шиг дуурайх хэрэгтэй. Ингэж нэгнийхээ зовлонгоор мөнгө олох хэрэггүй байх” хэмээн ярьж байжээ

Эх сурвалж: ikon.mn