Солонгост “Кофе зөөгч”-өөс “Туслах найруулагч” болсон Монгол охин

БНСУ-д 2015 оноос хойш “Туслах найруулагч”-аар ажиллан нэр хүндтэй олон драм кинонууд болон Netflix-ийн төслүүд дээр ажиллаж буй авьяаслаг монгол уран бүтээлч Б.Сумъяасүрэнтэй urug.mn сайт онцолж ярилцсан байна. Энэхүү эх орныхоо нэрийг гаргаж буй аъяаслаг охины маань дараагийн зогсоол Холливуд гэнэ. Б.Сумъяасүрэн Монголд Радио телевизийн дээд сургуулийг “Найруулагч” мэргэжлээр сурч эхлээд байтал түүний Солонгост суралцаж байсан сургуулийн танилцуулга зурагтаар гарч байжээ. Найруулагчаар сурах чин хүсэл эрмэлзлийг нь анзаарсан түүний ээж охиноо дуудан “Чи үнэхээр найруулагч болмоор байна уу. Тэгвэл явчхаад ир дээ. Гэхдээ зорилгодоо заавал хүрээрэй” хэмээн захисан аж. Хариуд нь “Тиймээ . Би үнэхээр хүсэж байна” гэж хэлснээр охиноо ээж нь холын орон руу явуулахаар болсон гэнэ.

Ингээд өөрийн хүсэл мөрөөдлөө өвөртөлсөөр арван жилээ ч төгсөөд удаагүй байсан охин Солонгосоор “Сайн байна уу” ч гэж хэлж чадахгүй ч хилийн дээс алхсанаас хойш даруй 11 жил өнгөрсөн ажээ. Анх л Солонгосын олон ангит кинонд ажиллана гэсээр ирсэн түүний амьдрал 11 жил нүд ирмэхийн зуур өнгөрч эргүүлээд харахад түүний зорилго хэдийнээ биелжээ. Тэрбээр одоогоор БНСУ-д “Туслах найруулагч”, “Талбайн зохион байгуулагч” гэх хариуцлагатай ажлыг хийж эхлээд хэдийнээ 5 том төслийн ард гарч, зургаа дах төсөлдөө шамдан ороод байна. Энэ хүртэл шантармаар, харьмаар, буцмаар санагдах үе бүхэнд ээжийнх нь түүнд өгсөн итгэл найдвар урагш улам зүтгэх том хүч болсоор ирсэн гэнэ.

“Ээж минь анх намайг гадагшаа явуулсандаа их харамсаж, жаахан охиноо гадаад руу явуулаад зовоогоод байна уу даа” хэмээн харамссан гэдэг. Тэгсэн атлаа энэ тухайгаа охиндоо ерөөсөө хэлж байгаагүй. Нэгэнт л зориод очсон юм чинь суралцаад , зорьсондоо хүрээсэй гэж ээж нь  ихэд хүсжээ. “Одоо болохоор явуулсандаа харамсдаггүй, явуулсан нь болжээ” хэмээн ээж нь ярьдаг гэнэ. Одоо хэр нь хүссэн, тэмүүлсэн ажлаа хийж байгаа ч гэлээ заримдаа ядарсан, туйлдсан үедээ ээжтэйгээ ярихаар өөрийн эрхгүй хүч ордог тухайгаа тэрээр ярьсан ажээ.2015 оноос “Кофе зөөгч”-өөс эхэлсэн түүний карьер 3 жилийн дараа гэхэд томоохон төслүүдэд “Туслах найруулагч”-аар ажиллах хэмжээнд хүрчээ.Хамгийн анх 2018 онд Солонгосын тусгаар тогтнолын өдөрт зориулсан олон ангит кино болох “Different dream” бүтээлд туслах найруулагчаар ажилласан байна. Түүний дараа “One day drama” гэх 120 ангит драма дээр ажилласан бол үргэлжлүүлээд БНСУ-ын алдартай жүжигчин Нам Жи Хёны тоглосон найман ангит “Шулмын хоолны газарт тавтай морил” бүтээлд ажиллажээ.

Үүний дараагаар SBS телевиз болон Netfilx-ээр цацагдсан “Our beloved summer” буюу “Тэр зуны дурлал” нэртэй драма мөн SBS телевизээр саяхан цацагдаж дууссан бидний мэдэхээр “THE WITCH” киноны гол дүрийн жүжигчний тоглосон “Why her” кинонд тус тус ажилласан байна. Энэхүү ярилцлагыг хийх өдөр үүрийн 04:00 цаг хүртэл Netfilx дээр одоо цацагдаж байгаа “Strong Women” драма дээр ажиллаж байгаад буусан гэнэ. “Зургийн талбай дээр Монгол хүн битгий хэл гадаад хүн ховорхон харагддаг. 5 жилийн хугацаанд ажиллах үед найруулагчийн багт гадаад хүн байхыг ер нь харж байгаагүй. Зураглаач, гэрэлтүүлэгчийн багт хааяа нэг Хятад хүмүүс байхыг харсан” тухайгаа ярьжээ. 2018 онд анх найруулагчийн багийн кофе зөөгчөөр ажилд ороход түүний дээр нийт 6 хүн байж. Туслах 3 найруулагч, зургийн зохион байгуулагч гээд…Харин түүний ажлын дөр, хүсэл мөрөөдлийг харсан тухайн үеийн талбайн найруулагч нь дараагийн төсөлд өөрийнхөө туслахаар ажиллах санал тавьжээ. Энэ үеэс эхлэн түүний өнөөдрийн туслах найруулагчийн ажил эхэлсэн гэдэг. Дөнгөж 2 дахь драма дээрээ гэхэд тэрбээр Кофе зөөгчөөс дээшээ 2 шат ахисан байв. Шат ахих тусам маш их зүйл сурч, талбайн зохион байгуулагч, нэгдүгээр найруулагч хүртлээ дэвшин ажиллах болсон байна.

Одоогоор 6 дахь төсөл дээрээ ажиллаж байгаа тэрбээр хэлэхдээ “Дуртай зүйлээ хийж байгаа ч гэлээ стрессдэх үе бишгүй. Учир нь эхний төслүүд дээр од жүжигчдийг дэргэдээс нь хараад, мөрөөдлийн газраа байсан учраас стрессдэх нь бага байдаг байж. Гэтэл шат ахих тусам хариуцлага нэмэгдэж 1 л зүйлд анхаарал болгоомжгүй байвал, ганц хүнийг дуудаагүй байдлаас зураг авалтад асуудал үүсдэг тийм хариуцлагатай албан тушаал дээр ажиллах болсноос тэр. Маш олон хүнийг зохицуулах шаардлага гардаг. Одоогийн ажиллаж байгаа энэхүү төсөл дээр гэхэд л зургийн талбай дээр 100 орчим хүмүүсийг хариуцаж ажиллаж байна. Бүхий л асуудлууд над дээр ирж шийдэгдэж байна. Энэ бүхнийг хэцүү байна гэж ер боддоггүй. Харин үүнийг би даван туулах ёстой гэж хардаг” хэмээжээ

Энэ хугацаандаа бидний мэдэх олон жүжигчинтэй хамтарч ажилласан тэрээр И Юү Мин жүжигчинд Монгол хэл хүртэл заах хэмжээнд дотно болсноо ч мөн хуваалцсан ажээ. Түүнийг анхандаа хүмүүс Монгол хүн гэж мэддэггүй байж. Яваандаа “Тийм юм уу, Монгол хүн байсан юм уу” гэсээр гайхширна. Тэд Монгол орны талаар ярихдаа очиж од харах, морь унахыг хүсдэг, миний очих орны жагсаалтад байдаг тухайгаа түүнд хэлдэг ажээ. Тусгай төхөөрөмжийн багт Монгол залуус ажиллаж байсан удаатай. Тиймээс тэд “Монгол хүүхдүүд маш сэргэлэн, ухаантай, хүчтэй” гэж ярьдаг гэнэ. Жишээ нь надаас тусгай төхөөрөмжийн багийнхан “Чи надад Монгол эрэгтэй хүүхэд олоод өгөөч” гэдэг. Солонгосчууд бол бидэнд хайртай үндэстэн гэж боддог. Манай улсын талаар муу ярьж байхыг нь би лав харж байгаагүй” хэмээн ярилцлагандаа дурьджээ

Түүний цаашдын зорилго нь “Ерөнхий найруулагч” болох ажээ. Дасаж дадсан энэ газартаа дахиад хэдэн жил ажиллаж байгаад дараагийн шинэ карьераа эхлүүлэх газар нь Холливуд гэнэ. “Мэдээж хэрэг дөнгөж эндээ хөлөө олоод байж байгаа учраас энэ бүхнээ хаяад явна гэдэг маш хэцүү байна. Юу ч гэсэн хоёр, гурван жил эндээ ажиллаад зорьсон доо хүрье” хэмээжээ.

Тэрбээр Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран хоёр ч уран бүтээл дээр ажиллахыг зорьж ажлууд нь эхлээд явж байгаа ажээ. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн 6 , 7-р сард одоо ажиллаж байгаа “Strong women” драмын зураг авалтаа Монголд хийчхээд иржээ. “Сар гаруйн хугацаанд монголчуудтайгаа хамтарч бэлтгэл ажил, зураг авалтаа хийгээд ирсэн. Маш хүнд асуудлууд байсан ч нэг, нэгээр нь шийдээд ажлаа сайн дуусгаад буцсан байгаа. Энэхүү бүтээлийг  2023 онд Netflix дээр цацагдахаар бэлдэж байгаа” гэв.

“Энэхүү драмын бүтэн нэгдүгээр анги тэр чигтээ Монголын талаар гардаг. Гол дүрийн охин Монголд удаан хугацаанд амьдарч байгаад Солонгост ирээд гэр бүлээ олж байгаа агуулгатай юм. Монголдоо ажилласан маань шинэ туршлага боллоо. Амаргүй асуудлууд гарсан ч цаашид Монголчуудтайгаа ажиллахыг хүсэж байна” хэмээжээ

Тэрээр тун удахгүй дахин суралцан Холливүүд рүү гарах боломжийг хайн, шинэ замыг өөртөө нээхийг хүсэж тэмүүлж буй Монголын гялалзаж яваа уран бүтээлч охиндоо улам их амжилтыг хүсье

Эх сурвалж: urug.mn