Нара: Хагалгаа буюу кесараар төрөх нь өөрөөрөө төрөхөөс хэд дахин хүнд даваа байдаг юм байна

“Өнөөдрөөс л арай хийн өндийж байна. Яагаад кесар буюу хагалгаагаар төрөхийг тийм амар зүйл мэтээр төсөөлж байснаа гайхав. Бунжаагаа өөрөөрөө төрүүлсэн ч төрсөний дараах хүндрэл бас доогуур сэтэлгээ хийж оёо тавиулсаны улмаас их айхтар өвдөж байснаа санадаг юм. Гэтэл кесар хагалгаа гэдэг зүйл түүнийг хэд дахин нугалсан мэт хүнд даваа байдаг юм байна. Ер нь тэгээд өөрөөрөө төрсөн ч бай , хагалгааны заалттай төрсөн ч бай эмэгтэй хүн гэдэг чинь их л даваа туулах ёстой байх юмдаа. Тэр олон кесараар төрөөд үр хүүхдээ бойжуулж байгалийг үнэхээр хайрламаар санагдав. Хяналтын эмч маань эхэсийн байрлал , эрсдэлийг маш мундаг оношилдог юм байна. Тэр эрсдэлийг урьдчилж оношлуулаагүйгээр өөрөөрөө төрөх гэж оролдсон бол ямар эрсдэл үүсэхийг төсөөлөмгүй юм. Дээр үед шинжлэх ухаан , техник технологи сайн хөгжөөгүй үед хүй нь эхэсийн захад бэхлэгдсэн гэх мэт нарийн зүйлсийг илрүүлж чадаагүйн улмаас нялхсын эндэгдэлд хүргэх ч эрсдэл болдог байж. Харин энэ цагт эсэн мэнд учирч байгаа эх үрсүүд азтай хувьтай юм байна. Хүүхдээ тээлтийн явцын хяналтыг л маш сайн хийлгэж явах учиртай юм байна” хэмээн Нара маань өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Нарагийн хэлж байгаа нээрэн л үнэн шүү. Би энэ дөнгөж төрсөн эсвэл төрөх гэж байгаа хүнээс “яаж төрөв? Өөрөөрөө л төрөөрэй , Оёдолтой юмуу? Өө кесар юмуу? Кесараар төрөх дэмий, Өөрөөрөө төрөөгүй бол ямар ээж гэхэв” гэх мэт хаанаасаа сонссон нь мэдэгдэхгүй утгагүй олон юм асууж шалгаагаад байдаг хүмүүсийг үнэхээр их гайхаад байдаг юм. За ээж болсон хүмүүс маань ч яахав. Зарим нь бүр хүүхэдтэй ч болж үзээгүй охид, залуучууд тийм юм ярьж байх жишээний.
Кесарево буюу хийсвэр хийх хагалгааг хүүхэд буруу байрлалтай байх, хэт том байх гээд хэд хэдэн шалтгааны улмаас эмчийн заалтаар, эх хүүхэд хоёрыг эсэн мэнд амаржуулах үүднээс зайлшгүй хийдэг. Хийсвэрээр төрсөн эмэгтэйд харин ч төрсний дараа сүү нь удаж байж орох, хүссэнээрээ ойрхон төрж чадахгүй байх, хагалгааны зовиур, шархнаас болоод хүүхдээ ч олигтой тэвэрч чадахгүй гээд олон хүндрэл гардаг юм. Өөрөөрөө төрсөн ээжүүд маань төрөх үеийн асар их өвдөлтийг даван гардаг бол хагалгаагаар төрсөн ээжүүд маань төрснийхөө дараа олон хоногоор тэр өвдөлтийг мэдэрдэг гээд бод. Ер нь тэгээд өөрөөрөө ч бай, хагалгаагаар ч бай, аймшигтай их өвдөлтийг даван туулж эрүүл сайхан хүн бүтээсэн эмэгтэйчүүдээрээ бахархаад баршгүй.
Ялангуяа дөнгөж төрсөн, “нялх” биетэй байгаа ээжүүд маань маш эмзэг, амархан гомдож, туних гээд байдаг учир хэлэх үгээ сайн бодож байгаарай .

Хүнийг ялгаварлан гадуурхах их ойрхон, бас их амархан байдаг. Манай бэр дандаа өөрөөрөө төрсөн, танайх хийсвэрээр төрсөн юм уу гэх мэт харилцан яриа мэт боловч ялгаварлан гадуурхаж, басамжилж байгаа хэлбэр. Төрөх гээд очход нь өөрөөрөө төрөх үү, хагалгаагаар төрөх үү гэж асуудаг гэж боддог юм болов уу? Энэ бол сонголтгүй сонголт байдаг.