Хүүхэд цэцэрлэгт яваад найтааж , нус гоожих нь дархлаа сайн байгаа шинж юм: Анагаах ухааны доктор С.Чимидцэрэн

Эрүүл мэндийн яамны дэргэдэх дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор , дархлаа судлаач С.Чимидцэрэнтэй хүүхдийн дархлаа, вакцинжуулалтын талаар ярилцсан байна.

Одоогийн байдлаар хичнээн хүүхэд ковид-19-ийн вакцинжуулалтдаа хамрагдсан байна вэ? Ер нь цар тахал эхэлснээс хойш хэчнээн хүүхэд өвчилсөн бэ?

Цар тахлын хугацаанд 209 мянга орчим хүүхэд Ковид 19-өөр өвчилсөн. Энэ нь улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 23 орчим хувийг эзэлж байгаа юм. Ковид 19-өөр өвчилсөн хүүхдүүдийн 45 орчим хувь нь 5-11 насны хүүхэд, 27 орчим хувь нь 0-4 насны хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Ковид 19”-ээр өвдсөн хүүхдүүдийн 72% нь 0-11 насны хүүхдүүд байна. Вакцины хамрагдалтын хувьд 12-17 насны 236 мянган хүүхэд вакциндаа хамрагдсан. Тиймээс энэ насныхны хувьд өвчлөл, хүндрэл нь харьцангуй бага. 5-11 насны 137 мянган хүүхэд вакцинд хамрагдахаас одоогийн байдлаар 2300 орчим хүүхэд хамрагдаад байна. Энэ нь дөнгөж 2 хувь юм.

Вакцин хийлгэсний дараах гаж нөлөө хүүхдэд хэрхэн илэрч байгаа вэ?

Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон мөн ерөнхий хариу урвал өгч болно. Хэсэг газрын гэдэг нь вакцин хийлгэсэн газар улайх, хавдах, хөндүүрлэх зэрэг юм. Ерөнхий урвал буюу сульдах, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг хүүхдэд харьцангуй бага илэрч байгааг судалгаагаар тогтоосон байна. АНУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс вакцин хийлгэсэн 42000 хүүхдэд судалгаа хийж, вакцины хариу урвалыг судалсан. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн толорхой хувьд нь тариулсан газар өвдөх, ядрах шинж тэмдэг илэрсэн байна. Мөн маш цөөн тохиолдолд зүрхний булчингийн үрэвсэл үүссэн. Үүнийг дурдахгүй байж болохгүй. Судалгаанд вакцин хийлгэснээр хүүхэд халдвар авах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулж байгаа талаар дурдсан байсан.

Вакцин хийлгээд цус өтгөрөөд байна гэх хардлага бас байгаа. Вакцины гаж нөлөөнөөс болгоомжлоод хүүхэддээ вакцин хийлгэхгүй байх тохиолдол байна?

Вакцин хийлгээд цус өтгөрөөд байгаа юм биш. Ковид 19-ийн вирус нь ийм эмгэгшил үүсгэх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс өвчлөхгүй байх нь Ковид 19-ийн шалтгаант цус өтгөрлөөс сэргийлэх юм. Урьдчилан сэргийлэх аргад вакцинд хамрагдах нь зүй ёсоор орно. Хүүхдэд вакцин хийхдээ сайн дурын үндсэн дээр эцэг эхийн зөвшөөрлөөр хийж байгаа. Нөгөө талаар одоо улирлын томуу дэгдэж эхэлнэ. Үүн дээр Ковид 19-ийн халдвар нэмэгдээд хүндрэх, хатгаа болох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Өмнө жил Ковид 19-ийн вакциныг хүүхдэд хийж эхлээгүй байхад хүндрэлээс сэргийлэхийн тулд ядаж томуугийн вакцинаа хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Одоо ч мөн ялгаагүй. Ковид 19-ийн вакцинаа хийлгэх хэрэгтэй. Сүүлийн үед нэг вакцинаар томуу болон Ковид 19-ээс хамгаалах боломжийг судалж, үйлдвэрлээд эхэлсэн.

Цаашид шинэ давлагаа үүсэх үү?

Томуугийн дэгдэлттэй зэрэгцэн шинэ давлагаа үүсэх эрсдэл байгаа.

Хүүхдийнхээ дархлааг сайн байлгахад хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

Амьдралын зөв хэвшил хамгийн чухал юм. Унтах цагт нь унтуулж, агаарт гаргах хэрэгтэй. Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ агаарт гаргадаггүй. Цэцэрлэг, сургуулиасаа гэртээ ирснийх нь дараа агаарт гаргахгүй, утас, дэлгэц харуулаад л суулгачихдаг талтай. Хүүхдийн дархлааны хариу урвал 12-14 нас хүртлээ хөгжиж байдаг. Эцэг эхчүүдийн алдаад байдаг нэг зүйл бий. Ямар ч эрүүл хүүхэд гэр бүлийн орчноосоо гарч, цэцэрлэгт явж эхлэхэд дасан зохицох хариу урвал үзүүлж нус нь гоожиж, найтааж, бага зэрэг халуурч болно. Яагаад гэвэл, тодорхой хугацаанд ээж аав, ах эгч, эмээ өвөө гээд зөвхөн гэр бүлийнхээ орчинд байсан хүүхэд цэцэрлэг гэдэг шинэ орчинд орж байна шүү дээ. Цэцэрлэгт олон айлын хүүхдүүд нэг дор цугларч байгаа шүү дээ. Харин огт ханиагаагүй, нус нь гоожоогүй байх нь асуудалтай байж болно. Магадгүй дархлаа сул байхыг үгүйсгэхгүй. Уг нь халуурч, нус гоожих нь дархлааны хариу урвал үзүүлэн дархлаа тогтож буй нэг хэлбэр. Гэтэл хүүхэд нь цэцэрлэгт яваад эхний хариу урвал өгөх буюу нус гоожих, халуурах үед хүүхдээ гэртээ байлгаж, эмчилж байна гээд янз бүрийн антибиотик өгөөд эхэлдэг. Халуун бууруулах эмийг их хэмжээгээр өгдөг. Эдгээр нь хамгийн буруу.

Яг энэ үед эцэг эхчүүд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Дасал зохицол явагдаж буй учир шингэн зүйл сайн уулга. Агаар сэлгэлт сайн хийж, хүүхдээ агаарт гаргах хэрэгтэй. Витамин С-ээр баялаг аньс, чацаргана буцалгаж уулгах. Хамгийн гол нь сахар багатай байх ёстой. Тухайн орчиндоо дасан зохицох тэр үеийг даван туултал нь хүүхдийг сайн ажиглаад, цэцэрлэгт нь явуулах нь зүйтэй. Хүүхэд чинь эрүүл бол ойролцоогоор 3-4 өдөр ийм хариу урвал үзүүлээд л хэвийн болно. Тэгэхгүй бол хоёр хоног халуурахад л антибиотик уулгаад байдаг. Тариа, антибиотик бол дам дархлаа дарангуйлагч нар юм. Тиймээс тариа хийлгэж, антибиотик уулгаснаар дархлааг нь улам сулруулна. Мэдээж өндөр хэмжээгээр халуурах буюу 39, 40 хэм хүрвэл эмчийн тусламж авах нь зүйтэй. Эмийг зөвхөн эмч л хэрэглэх зөвшөөрөл өгөх хэрэгтэй гэдгийг сайтар санаарай.

Хэрвээ ийм арга хэмжээ аваагүй тохиолдолд ямар эрсдэлтэй вэ

Ингэж дархлаа нь дарангуйлалд орсон хүүхэд дахин цэцэрлэгийн орчиндоо очиход дахин хариу урвал явагдаж, ханиаж , халуурна. Ингэхдээ илүү хүнд байх нь элбэг байдаг. Улмаар тэр нь хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Ийм тохиолдол дунджаар гурван удаа давтагдахад хүүхдийн дархлаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Ингэж удаан явбал сүрьеэ зэрэг амьсгалын замын хүнд өвчнүүдээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй. Дархлаагаа сайн байлгах хамгийн зөв арга нь амьдралын зөв хэв маяг. Одоо томуугийн дэгдэлт эхлэх гэж байгаа энэ үед амьдралын хэв маягаа зөв байлгаж, дээр нь вакциндаа хамрагдсанаар халдвар, хүндрэлээс сэргийлж, дархлаагаа сайн байлгаж чадна.

Эх сурвалж: itoim.mn